Яван явсаар парламентын сонгууль Universe Best Song`s, онц сонирхолтой олон ангит савангийн дуурь шиг амьдралын нэг элемэнт боллоо. Байвал зохих, байхгүй бол бас амьдрал уйтгартай, утгагүй, сонирхолгүй болчих ч юм шиг. Яг л ямарваа нэг зүйлд донтдог шиг ижил дасал болно гэдэг бас сонин хэрэг л дээ. Бид нүүдэлчин ахуйтай маханд дуртай гэдэг нь баараггүй. Нэмээд улс төрд ингэж дурлах гэж. Нэгэнт дурлаж эхэлсэн хойно салбарын шилдгүүд гэж бас байна. Жаран чавганц уралдахад хүртэл аль нэг нь заавал түрүүлнэ. Тэгэхэд 76 сод хүмүүн дундаас шилдгүүд тодрохгүй бол ёстой яанам бэ. Арай дөнгүүр авууштай, хийсэн юмтай хэлэх үгтэй хэдийг та бүхэнд танилцуулж байна. Товчхондоо энэ парламентын хамгийн хамгийн нь хэн бэ? Сонгуулийн нэгэн 4 жил өнгөрч, хийж бүтээснээ дүгнүүлэх цаг учраас, дараагийн ангидаа хэн, хэн дэвшиж орвол зохилтойг та эндээс харж ч болно. Энд сайн нь ч бий, муу нь ч бий. Сайн мууг зэрэгцүүлж байж бид сайн мууг ялгах өөрийн гэсэн төв үзэлтэй болох учраас аль алийг нь орхигдуулаагүй болно.
Тойрогтоо хамгийн их ажил хийсэн -О.Содбилэг & Ажилчин шоргоолж
Бүхэл бүтэн төрийн түшээ хүнийг тодотгоход зохимжгүй үг байж мэдэх л юм. Гэхдээ энэ “жаал улс төрч” ажаад байхад шоргоолжноос дутахгүй хөдөлмөрч гэж сонгогчид ер нь нийт иргэд дуу нэгтэй өгүүлэх болж. О.Содбилэгийн тухайд ГОК-ыг өдий зэрэгт хүрэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Ш.Отгонбилэг агсны хүү гэдэг имижээр улс төрд анх хөл тавьж байв. Plus боловсрол мэдлэг, нэр төр цэвэр. Амандаа чихэр хүлхэн баар сав хэсэж зодоон цохион хийж, хүүхэн шуухан эргүүлдэг эрх жаалуудаас тэр тэс өөр фигур. Улс төрч болгон имиж бүрдүүлэх гэж ядаж мачийж байхад О.Содбилэг анх ямар байсан тэр хэвээрээ даруухан үлдэж. Ах нартай “арзалзаж” хошуу амаа билүүдэхгүй, анхаарлаа ажилдаа төвлөрүүлдэг тэрбээр чамгүй ихийг амжуулсан байна. Тухайлбал, Эрдэнэтийн улсын 30-аад цэцэрлэгт хөгжмийн танхим, гадаа тоглоомын талбай, 25 багт гадаа тоглоомын талбай, төрөх эмнэлэгт инкубатор, хяналтын мониторууд, шарлалтын эсрэг аппарат, Ерөнхий боловсролын сургуульд 5 хэл сурах боломжтой, өдөрт 40-50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай лингафоны танхим тэргүүтнийг зөвхөн өөрийн халааснаасаа бэлэглэсэн байх юм. Түүнчлэн зам засвар, ахмадуудын байрыг өөрөө ихэнхийг нь санхүүжүүлж бариулсан гэдгийг мэдэх хүмүүс нь л мэдэх байх.

Буянтай хүн олонтой байх шиг зөв төөрөг гэж үгүй гэдэг. Түүнд байгаа болоод л ингэж ард олонтойгоо хуваалцаж байгаа. Гэтэл байгаа хэрнээ өндгөө дарсан азарган тахиа шиг хамаг байдгаа дарж авчихаад, өөртөө л наагаад байдаг улс алийг тэр гэхэв. Энэ бүхнээс илүү түүнд нэг гайхалтай чанар байдаг нь нэг ч удаа би ингэсэн, би тэгсэн, би би гэж цээжээ дэлддэггүй. Энэ гайхалтай чанар шүү, та минь. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэдэг энэ байж болох. Ууган намын архагууд түүнийг ирээдүйтэй гэж үнэлдэг. Залуус үеийнхэн дундаа ч нэр хүнд сайтай тэрбээр өдгөө намынхаа нарийн бичгийн даргын албыг хашиж буй. Түүнээс суралцацгаа.
Тойргоосоо хамгийн олон удаа сонгогдсон Д.Оюунхорол & Баавартай эмэгтэй гишүүн
Шинэ Монголын парламентад хамгийн олон удаа нэг тойргоосоо сонгогдсон гишүүн гэвэл Ц.Нямдорж ноёнтны нэр эхэнд бичигдэнэ. Тэрээр 5 удаа Увсаас, нэг удаа жагсаалтаар Их хуралд суух мандат өвөрлөсөн. Харин эмэгтэйчүүдээс Д.Оюунхорол энэ жагсаалтыг тэргүүлэх нь тодорхой боллоо. Тэрээр төрөлх Завхан нутгаасаа дөрвөнтөө нэр дэвшиж, ялалт байгуулсан байх юм. Ер нь түүний улс төрийн намтар баавартай түүхээр баялаг. Цагтаа намынхаа дарга Н.Энхбаярыг улсынхаа хаан мэт мандан бадарч явахад зөвхөн энэ бүсгүй өөдөөс нь эрслэн босч, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө тойроггүй хоцорч байсан түүхтэй. Тэглээ гээд цаст Очирваань хайрхан, хайрхных нь хаяанд аж төрөх сонгогчид нь сийрэг ухаантай, шийдэмгий чигч охиндоо очих тоолонд нь алгаа дэлгэн тосч авдаг нь түүнийг олон үггүй хэмжих үнэлэмж.

Завханы Тосонцэнгэлийн охин амьдралын гараагаа багшаас эхэлж хожим өөрийн “Отгонтэнгэр” сургуулиа удирдаж ардын хүүхдийг боловсруулах их үйлст ханцуй шамлахын зэрэгцээ улс төрд хөл тавьсан байдаг. Парламентад ч тэр шинэ орж ирж буй бүсгүйчүүддээ багшийн багш болохоор хашир туршлагатай нэгэн болж. Ардын итгэлийг олж гишүүн болох амархан харин нэр төрөө, итгэл сэтгэлийг хадгалж тогтвортой барих хэцүү. Яаж зангарагтай гэгч нь ардын сэтгэлийг эзэмдэж итгэлийг нь зангидан тогтвортой улс төр хийхийг яруу тодоор харж суралцахыг хүсвэл Д.Оюунхоролоос үлгэр жишээ авах нь байна шүү, улс төрчид.
Хамгийн азтай, одтой, хурдтай З.Баянсэлэнгэ & Огторгуйд дүүлэгчийн ойгүй хурд
Юун “Галзуу хурд”, З.Баянсэлэнгэ шиг Чингэлтэйгээс Төрийн ордон, ордноос сайдын сэнтий рүү асар хурдтай харвасан хүн байна уу? Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хөтөлж ордонд оруулсан хэдэн “жагсаалтын алдаа” тодотголт хүмүүс одоо харин ч төрд үнэд орж байх шиг. Гэр хороололд амьдардаг, “Орифлэйм”-ийг хамгийн тансаг гоо сайхны бүтээгдэхүүн гэж үзэн одоо ч фэн нь хэвээр энэ бүсгүй хаа очиж түшээ болсноор эвдрээгүй өөрийнхөөрөө байгаа гэгддэг. Хүн аль төрөл арилжахыг тэр гэх вэ. Нисэж явах үедээ мөлхөж явсан үеэ санах л хэрэгтэй байдаг нь амьдралын нэг сануулга, захиас.
Ямартай гишүүн болж эвэртэй туулай үзсэн мэт бүгд л түүнийг хачирхаж сав л хийвэл онигоонд оруулж дөнгөөд байхад гудиггүй явсаар тэр өнөөдөр сайд боллоо. Хоёрдугаар ээлжээр хоолны ширээнд суусан сайд байсан ч яах вэ дээ. Хөгжиж боловсорч улс төр хийх, улс төрийн соёл гэгчид асар хурдтай суралцаж буй түүнийг одоо хэн ч элэг доог хийхээргүй болж. Магадгүй урд нь ч хойшид ч түүн шиг ингэж гэрлийн хурдаар төрөн гарч оргилд тэмүүлэх улс төрч төрөх ч үгүй биз. Азхүү байвал ёозхүүгээр цохино оо гэж энэ. Нөгөө талаас төрийн хоол идэх хэзээ ч билээ насанд хийсэн буян, үйлийн үр байжээ, түүнд.
Хамгийн дуугүй нөхөд Бид Королиягийн үргэлжлэл!
Тийм ээ, төрийн түшээдийг памперстай, памперсгүй гэж ангилахаас гадна хэлтэй хэлгүй гэх ангилал бий. Учраа мэдэхгүй “нялх”-ууд памперстай ангилалд багтах бол ордонд өчнөөн жил суудал эзэлж суучихаад ганц үг дуугардаггүй улс Королия ангилалд орно. Хөөрхий, нүд нь бүлтэгнээд, ам нь ангалзаад яадаг юм мэдэхгүй Төрийн ордонд хэл ам нь ер эвлэхгүй. Бид үе үеийн хэлгүй гишүүдийг тэр ч үүднээс мэдэхгүй, танихгүй өнгөрлөө.
“Мон Уран”-ий Б.Наранхүү унадаг унаа, бэл бэнчингээрээ гайхуулдаг нэгэн. Хэзээ ч юм, хаагуур ч юм явсаар сонгогчдын итгэлийг хүлээсэн ч өдгөө сонгогчид нь телевизийн дэлгэцээр түүнийг чуулганы танхимд хайгаад олж хараагүй л байна. Аргагүй шүү дээ, үг хэлдэгийг нь л эфирт татахаас дуугүй суугаа нөхөд өртөх биш, тэр дуранд. “Хурд”-ын Б.Чойжилсүрэн ч Королия ангилалд дээгүүр бичигдэнэ. Тэр зүгээр л бизнесээ хийгээд барилгаа бариад “даам” явмаар хүн аж. Улс төр түүнийг эс ойлгов уу, тэр улс төрийг эс ойлгов уу, ёстой чөтгөр бүү мэд. Энэ хоёр эрхэм намдаа ч тэр, улс төрд ч тэр ёстой могой алахад модны нэмэргүй гэгч нь болчихоод байна, мөнгөн хандивыг нь эс тооцвол шүү дээ. Сонгогчид нь гайхаш тасран жинтэй дуугарахыг нь хүлээсээр томилолтын хугацаа нь дуусав аа, хөөрхий.

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл
Сэтгэгдэл (6)