“Ертөнцийн мисс”-ийн шилдэг А.Баярцэцэг “Хотлун гүнж”-д сонгогдлоо

“Ану хатан” хэмээх түүхэн томоохон бүтээлээ Америкт гаргасан “Шүүдэр” продакшн “Хотлун гүнж” хэмээх тулаант кино бүтээж эхэлжээ. 2015 оноос бэлтгэл ажил нь эхэлсэн шинэ бүтээлийнх нь гол дүр бөх гүнж хэмээн алдаршсан Хотлун гүнжид жүжигчин, мисс А.Баярцэцэг сонгогджээ. Холливудад жүжигчин мэргэжлээр суралцан, “Марко Поло” цуврал болон хэд хэдэн кинонд тоглоод буй А.Баярцэцэг тулааны урлагаар хичээллэдэг, англи, испани хэлтэй, “Ертөнцийн мисс-2016” тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож шилдэг 16-д багтсан билээ.

“Хотлун гүнж” кино нь Юан гүрний үед Хубилай хаантай эцсээ хүртэл тэмцсэн Өгөдэйн угсааны Хайду хааны охин Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай тулаант кино ажээ. “Хотлун гүнж” УСК-ны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нар хамтран бичиж, продюсераар Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, зураглаачаар америк уран бүтээлч ажиллаж, 4K форматаар бүтээх аж. Хайду хааны дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, Хотлуны ээж Буман хатны дүрд МУСТА Б.Эрдэнэцэцэг, гүнжийн сэтгэлт залуу Абатай баатрын дүрд МУСТА У.Батбаатарын хүү, жүжигчин Б.Анхбаяр нар тоглохоор шалгарсан байна. Хотлун гүнжийн дүрд тоглохоор сонгогдсон А.Баярцэцэг нь “Марко Поло-2” цуврал кинонд Хөхчин хатны ордны бэлэвсэн бүсгүйн дүрд тоглосон, Холливудын хэд хэдэн кино төсөлд оролцон тоглосон мэргэжлийн жүжигчин ажээ. “Хотлун гүнж” УСК нь Юан гүрний сэдвээр бүтээж буй анхны монгол кино бөгөөд монгол бөх, монгол цэргийн тулааны урлагийг үзүүлэх зорилготой тулаант, адал явдалт төрлийн бүтээл байх ажээ. Энэ киноны тулааны найруулагчаар мэргэжлийн орлон тоглогчдын Action Crew багийн ахлагч М.Наранбаатар ажиллах юм. М.Наранбаатар нь мөн л “Марко Поло” цувралд орлон тоглогчоор оролцоод ирсэн залуу уран бүтээлч юм. Сонирхуулахад Америкийн “Марко Поло” кинонд хүчит Хотлун гүнж нэгэн гол дүр нь бөгөөд Солонгосын модель, жүжигчин Клаудиа Ким энэ дүрд тоглож байна. Рашид Аддин, Марко Поло нар тэмдэглэлдээ гоо үзэсгэлэн төгс, хүчит гүнж хэмээн алдаршуулан тэмдэглэсэн Хотол цагаан гүнжийн тухай Италийн алдарт хөгжмийн зохиолч “Турандот” дууриа бүтээсэн байдаг аж. 2015 оноос төслийн ажлаа эхэлсэн монгол “Хотлун” УСК 2017 оны хавар нээлтээ хийх ажээ.

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • ha ha
    Genet haraad tsochlooshd
    2016 оны 06 сарын 07 | Хариулах
  • Wow!
    Ёстой мундаг, хөөрхөн даруухан охин доо!Сайхан дүрд сонгогдож. Хичээгээрэй охин минь!Тэсч ядан хүлээе!Том бүтээлд их цаг орох юмдаа!Энэ инээдмиын кинонууд чинь сарын дотор хийгдээд гурван сахын дотор мартагдах юм даа!
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин
    batstetseg jujigchinii zaluugyhtai tustei tsaraitai ohin bn
    2016 оны 06 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025