Ц.Элбэгдорж VS Н.Энхбаяр

Ц.Элбэгдорж: 
Монголын төрд нэг хүн нэг л удаа танигдах ёстой. Хоёр дахиа танигдах албагүй

Сонгуулийн тухай:
-Энхбаяр хоёрдох удаагаа яаж сонгогдох тухайгаа 2005 оны зун тангараг өргөснийхөө маргаашаас л бодсон хүн. Өнгөрч буй 4 жилд зөвхөн энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бүхнээ чиглүүлсэн. Үнэндээ тэр Монголынхоо ядарсан иргэдийн төлөө хуруугаа олигтой ч хөдөлгөөгүй. Хөдөлгөсөн бол өөрийгөө л бодож хөдөлгөсөн байх.  Энхбаярыг зарим хүн зөвхөн нэг нэр дэвшигч гэж хараад байна. Энэ бол Монголын нийгэмд бугшсан олон хорт үзэгдлийн биежсэн төлөөлөл. Ингэж бодож явдаг хүмүүсийн нэгэнд би өөрийгөө багтдаг гэдгээ зарлах нь миний хувьд иргэний журамт үүрэг юм. Түүнийг өнөөдрийн хашиж буй албанаас нь сонгуулийн замаар зайлуулах нь Монголын улс төрийн амьдрал дахь хамгийн тулгамдсан асуудал гэж үздэг хүмүүс олон бий шүү. /2009-02-17/

Бие биенээ хэр мэдэх вэ?
-Ерээд оны дунд үед сураг нь гардаг л байсан. 1997 оны намар Багабанди гуайг Ерөнхийлөгч болсоны дараахь сонгуульд Б.Цэнддоог дэмжиж Завханд очиход л Энхбаяртай хальт таарсан. Тэгэхэд МАХН-аас тэнд Энхбаяр нэр дэвшсэн юм. Удалгүй их хурлын чуулганы танхимд би олонхийн тэр цөөнхийн бүлгийн ахлагч нэртэй нүүр тулсан. 

Баривчилгаа хуулийн дагуу болсон уу?
-Баривчилгаанд ноцтой алдаа гарсан. Би тэр өдрийн үйл явцыг зурагтаар харж байсан. Унтаагүй. Хуулийн байгууллагынхан руу утасдаж юу болоод байгааг лавлахад бүх зүйл хуулийн дагуу явж байна гэсэн. Хууль хэрэгждэг юм гэдгийг харуулж чадсан ч орон гэрт нь дайрч орохоосоо өмнө цагаан зураас татаж, тухайн орчныг иргэдээс тусгаарлах байсан юм. “Энэ хэсэгт ийм хэрэгт шалгагдаж байгаа хүн байгаа. Та бүхэн холдоно уу” гээд гэрийнх нь гаднаас дүлий хүн ч сонсохоор чанга яригчаар баривчлах шалтгаанаа уншиж өгөөд, “Наад хүнээсээ хамт байгаа хүмүүс нь хол байгаарай. Гэрт нь байгаа хүмүүс гараарай. Бид хуулиа хэрэгжүүлж баривчилгаа явуулах болно” гэдгээ албан ёсоор мэдэгдэх ёстой байсан юм. 

Яагаад баривчилсан бэ?
-Дарга л бол сайн байх ёстой, даргыг минь ингэлээ гэх хандлага их байна. Өөрт нь ногдох баялгийг булааж байхад уурлаагүй иргэд даргыг нь аваад явахад уйлаад зогсож байх юм. “Миний авсан багаджээ, одоо дахиад илүүг авна” гээд дайрч байгаа хүнийг хууль дуудсан. Хууль дуудсан л бол зангèàгаа засаад гутлаа өмсөөд очих ёстой. Хэрэв очихгүй бол хууль өөрөө очиж, албадан аваачдаг. 
Би ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоо хойшлуулаад, гуравдугаар зэргийн төрийн хамгаалалттай байхдаа хууль хяналтын байгууллагын ир гэсэн газар хангалттай их очиж байсан. Хангалттай мэдүүлэг тайлбар хийсэн. 

Тэгээд гэм нь юу вэ?
-Энхбаярын улс төр рүү орж ирсэн эхний үе нь ардчилсан засгийн анхны жилийн ойтой давхацдаг. Тэр хүртэл манай улс төр үнэхээр цэвэр, ариун гэгээн байсан юм шиг санагддаг. Наад зах нь романтик, өөрөөр хэлбэл гэгээн хүсэл мөрөөдөл дүүрэн. Хувьсгалт нам ч, манайхан адил гэнэн цайлган, сэтгэл зөвтэй байсан юмуу даа. Алдаа нь хүртэл хор багатай, амжилт нь олон түмэнд өгөөж ихтэй байж дээ, одоо бодоход. Тэр үед ардчилал дөнгөж л долоо хүрч нялх хүүхэд шиг дэрвэж байсан. Тэгээд л 1997 оны намраас Монголын нялх ардчилал Энхбаяраар самардуулж, самруулж эхэлсэн. Гурвын гурван засгаараа туг тахиулсан. Зоригоо алуулсан. Гурван гишүүнээ шоронд барьж өгсөн. Тухайн үед, одоо ч тэр бүхнийг ардчиллынхан дотоод зөрчлөөсөө боллоо гэж тайлбарлаж байсан, тайлбарлах нь бий. Үйл явдал болж, тоос намжсаны дараа харахад тэр бүгдээс Энхбаяр түүний хамсаатнууд хожсон байдаг. Улс төрд бурууг хохирогчоос нь биш хожигчоос нь хайх ёстой байдаг юм. Хэний үед авилга багасаж хэний үед авилга цэцэглэж байсныг бид бодох ёстой. 

Сонгуулийн тухай:
-Би энэ бүхнийг ярьснаараа одоо ажлаа хийж байгаа Элбэгдоржид гомдоод байгаа юм байхгүй. АН-д ч гомдол байхгүй. Тэд сонгуульд ялахын төлөө л явсан. Харин би тухайн үеийн манай намын удирдлага, намын дарга 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг луйврын сонгууль болгосон гэж үздэг юм. 2008 оны сонгуулийн зарим тойрог дээр, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль дээр тухайн үеийн МАХН-ын удирдлага түүхэндээ анх удаа нэр дэвшигчдийнхээ эсрэг ажилласан юм шүү дээ. Би сайн ч, муу ч Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох ёстой гэж үздэг хүн. Түүнээс аль нэг нам, эсвэл намуудын хуйвалдаанаар гарсан хүн Ерөнхийлөгч байх нь өөрөө утгагүй асуудал. Ард түмнээ боддог хүн тэгж Ерөнхийлөгч болсноос болоогүй нь дээр. 

Бие биенээ хэр мэдэх вэ?
-Ц.Элбэгдорж 2004 онд Америкаас ирчихсэн гудамжинд явж байсан. Нам нь ч тоохгүй. Хар хорины засаг дарга болчихмоор байна гээд хачин юм яриад явж байхад манай хүн өрөвдөөд Ерөнхий сайд болгосон. Орой нь манайд ирээд тас тэврэлдээд л намайг ч гэсэн тэвэрч аваад л байсан шүү дээ. /Н.Энхбаярын эхнэр Цолмон/

Баривчилгаа хуулийн дагуу болсон уу?
-Энэ явдал бол өнөөдрийн Монголын төрийн яаж доройтсон, дампуурсныг харуулж байна. Олигархууд хэт даварч, өөрсдийн эрх мэдлийг хууль зөрчин ашиглаж байгаагийн нэг илрэл юм. Хэд хэдэн хуулийг зөрчсөн ноцтой үйл явдал боллоо. Нэгдүгээрт намайг сэжигтнээр тооцоогүй. Сэжигтнээр тооцож ямар нэг зүйл дээр гар, хөлийн үсэг зуруулаагүй. Сэжигтнээр тооцоогүй хүнийг хорьж, цагдах, хүч хэрэглэх, саатуулах эрх байхгүй. Тийм хууль байхгүй. Хоёрдугаарт, баривчлахдаа хүч хэрэглэж, ямар ч бичиг баримт, ямар нэг байгууллагын танилцуулга үзүүлээгүй. Гуравдугаарт, буу гаргасан. Энэ чинь хууль зөрчсөн хэрэг биз дээ. Гэтэл цаанаас нь таслан зогсоогоогүй. Маш олон цагдаа бүсэлчихсэн байсан. 

Яагаад баривчилсан бэ?
-Д.Дорлигжав хууль зөрчиж томилогдсон прокурор, Ц.Нямдорж өшөө хонзонгоор дүүрсэн хүн, Ц.Элбэгдорж 2009 оны сонгуулийн булхиагаа дарах гэж ийм зүйл зохиож байгаа хүн, С.Батболд худлаа мэдэн будилсан Засгийн газрын тэргүүн, С.Баяр 7 сарын 1-ны хэрэгтэй нэвт холбоотой хүн гээд 5 хүний нэрийг би хэлчихье. Чаддаг юм бол нотлох баримтаа гаргаад ир, шүүх дээр уулзья.
Үндсэн хуулиар миний эсрэг зориуд хэрэг үүсгээд, худлаа зүйл зохиогоод байгаа болохоор би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй шүү дээ, би хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй шүү дээ. Цаанаасаа улс төрийн бодлоготой үйл ажиллагаа, мэдүүлэг өгөхгүй гэдгээ хэлсэн. 

Тэгээд гэм нь юу вэ?
-Миний ч, энэ хугацаанд өндөр алба хашсан бусад хүмүүсийн ч буруу аль аль нь байгаа биз ээ. Гэхдээ нийгмийн өөрчлөлтийн үйл явц ийм байдлаар буруу өрнөсөн байна. Бүр 90-ээд оны эхнээс хариуцлага тооцолгүй явж ирсний буруу гэж юм мэддэг хүмүүс хэлдэг нь үнэний ортой дог оо. Ийм “хүмүүжил”, ийм ойлголт ард түмний гүнд нэвтэрсэн нь буруу байлгүй яахав. Нэг хүний алдаа гэхээс илүү нийт олны яаахын аргагүй засах ёстой дутагдал. Үнэндээ бол одоогийн энэ том дарга нарыг чинь улс төрийн өнцгөөс харвал “өлгийтэй хүүхэд” байх үеэс нь мэднэ. Хэн яаж, хаана “бааж, шээж” байснаас нь эхлээд ярьж болно. Би тэднийг улчтөрчийнх нь хувьд баасан “баас”-ыг нь цэвэрлэж, “шээс”-ийг нь арчиж байсан хүний хувьд бүгдийг нь сайн мэднэ дээ. Яах юм бэ дээ гээд ярьдаггүй юм. Харин тэд миний тухай их юм зохиож зиндаархаж ярьдагийг нь дараа нь сонсч л байлаа. Өөрөө өөртөө дайсан нь бас найз нь байдаг учраас ер нь хэн ч миний дайсан биш. Бас энэ хүн л миний цорын ганц үнэнч найз гэж хэлэхэд хэцүү. Хамгийн том дайсан маань би өөрөө өөртөө болно, бас үнэнч найз маань ч өөрөө гэж хэлье. 

Төгсөөгүй төгсгөл:
-Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр гэнэт баривчлагдсан шигээ гэнэт суллагдахад олон нийт Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг хэлмэгдүүлснээ хүлээн зөвшөөрч уучиллаа гэж үзэж байсан. Сонгууль дөхөх үеэр баривчилж, өөрөө ерөнхийлөгч болсныхоо дараа сулласан нь өрсөлдөгчөө түр зайлуулах Ц.Элбэгдоржийн бодлого болж харагдсан нь нууц биш. Тийм ч учраас Н.Энхбаярыг уучлал гуйгаагүй байхад нь уучилсан нь өөрийг нь тэнэг харагдуулсан гэж олон нийт үзэв. Гэтэл олон жилийн дараа гэнэт Н.Энхбаяр өөрөө уучлал хүссэн захидал илгээсэн гэж ерөнхийлөгч хэлснээр зогсохгүй захидлыг нь нийтэд дэлгэнэ гэв. Магадгүй тэмцэл одоо л ширүүсэж байх шиг. Эцсийн дүнг, үнэн мөнөнийг цаг хугацаа харуулах биз ээ. 

Эх сурвалж: "Гранд сэтгүүл"
Бэлтгэсэн Д.Сэргэлэн 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Хузуугуй хулгайч чи юу хуцаад байгаа огорийн хулгайч вэ
    2016 оны 05 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025