Сэтгүүлчид их улс төрд хөл тавихаараа яван чангарсаар шаггүй сайн улстөрч болдгийн жишээ олон. Ерөөсөө ч сэтгүүлч мэргэжил улс төрд хамгийн ойр. Тиймдээ ч сайн сэтгүүлч муу улс төрчөөс илүү мэдээлэлтэй, гаргалгаатай байдаг гэдэг. Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Сувгаа битгий солиорой”-гоос олонд танигдах гараагаа эхэлсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дархан гишүүдийн нэг Ө.Энхтүвшин, цагтаа төр түшиж, өдгөө эх орноо төлөөлсөн Элчин сайд Д.Алтай, эрэгтэй улс төрчидтэй мөчөөгөө тавихгүй мэтгэчихдэг Г.Уянга гээд тоочвол олон нэрс хөвөрнө. Улс төрийн гал ноцсон халуун тогоонд сэтгүүлчид түүртэлгүй дасч “өөрийн хүн” болоод зогсохгүй чамгүй сайн мөр гаргаж, шан татаж чаддагийн бас нэг жишээг одоогийн парламентад Д.Сарангэрэл гишүүн харуулж яваа.
“ТВ5-ын Сараа”, ММ-ийн дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэдгээр нь олон нийт андахгүй мэддэг байсан Д.Сарангэрэлийг У.Хүрэлсүх гишүүний орыг залган анх улс төрд хөл тавихад сорьж сонжсон нь мундахгүй л байв. Гэхдээ Д.Сараа гишүүнийг улстөрчийнх нь хувьд дутуу үнэлэх хэрэггүй гэдгийг бүр өмнө харуулчихсан байсан. Ардын намыг нэрээ сольж унаж босч явахад зарим улс төрч зай барьж, холдон урваж шарваж, шинэ нам бараадан албан тушаал ашиг хонжоо горилж, чухам хэн нь хэн бэ гэдгээ үзүүлсэн тийм эмзэг үед Монголын дөрөв дэх засаглалын эзэд болох сэтгүүлчдийн байгууллагыг тэргүүлж байсан Д.Сарангэрэл улс төрд хөл тавьж МАН-ын Бага хурлын гишүүн болсон нь гэнэтийн сонголт байв. Удалгүй МАН хэмээх улс төрийн том хүчний Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга хүртэл албанд томилогдон УИХ, Орон нутгийн сонгуулийн эгзэгтэй үед МАН-ын хэвлэл, мэдээллийг удирдан ажилласан. У.Хүрэлсүх гишүүнийг Их Хурлаас чөлөө гуйхад түүний орыг Д.Сараа гишүүнээр залгуулсан нь МАН түүнийг хэрхэн үнэлдгийг харуулсан хэрэг.

Эрхэм гишүүн өнгөрсөн 3 жилд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгаалах тухай гээд олон олон хуулийн эхийг барилцаж, ажлын хэсэгт ажиллаж чамбай улстөрч, сайн хууль тогтоогч болж яваагаа харуулсан.
Зах зухаас нь дурдсан эдгээр хуулийг ажиглаад үзэхэд л эх хүн, эмэгтэй хүн хууль тогтоох байгууллагад ажиллах нь нийгмийн хүрээнд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд ямархан үр нөлөөтэй вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Цааш нь нэрлэвэл зөндөө олон хууль, тогтоомжийн жагсаалт гарч ирнэ.
Сэтгүүлчдийн нэг онцлог бол эргээд бие биеэ дэмждэг. Чухам тэр л жишгээр сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын эрхийг улстөрчид зөрчих шийдвэр гаргахаар оролдох бүртээ Д.Сараа гишүүний чангахан “хориг”-той заавал тулаад буцна шүү дээ. Ингэж сэтгүүлч сайн улстөрч болдгийн жишээг Д.Сараа гишүүн үзүүлсээр явна. Цаашдаа ч олон он жилээр харуулах биз ээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (12)