Их Маэстро

Агуу их Чингис хааны үед дэлхийг морин төвөргөөнөөр эзэрхийлж явсан Монгол орчин цагт Монгол төрийн их найрал хөгжмөөр нэгэн харанга дэлдэж буй. Дэлхийн өнцөг булан бүрт нэр хүндтэй тайзнаа Монгол төрийн их найрал хөгжим эгшиглэн алмайран гайхаж, омогшин суудал дээрээ өндөлзөм аялгуу сэтгэлийн утсыг чивчиртэл татан эгшиглэж буй он жилүүд хуанлийн тоогоор 53 дахь хуудсаа сөхөж байна. Мэдээж эртний бүр эртний түүх яривал, бид хэзээ хаан хуур, хатан ятга эгшиглүүлж ард олноороо цэнгэн баясаж ирсэн бэ гэвэл Хүннү гүрний үеэс яригдах. Дайн байлдааны үеийн түүхээ алдалгүй тэмдэглэсэн авч дуу хуур, бүжиг наадмын шастираа тэгтлээ үзэглээгүй юм уу даа.

Сониноос, дэлхийд алдартай, удирдаач Уи Лонг нь “Дэлхийн иргэн” шагналыг хүртсэн Хятадын симфони найрал хөгжим 140 жилийн түүхтэй гэдгээ барин тавин нотолжээ. Голбальчлалын эринд энэ Их Маэстрогийн нэр НҮБ-ын тайзнаа, дэлхийн өнцөг булан бүрт сонсогдож тоглолт дуусмагц үзэгчид суудлаасаа дэрхийн босож алга нижигнүүлэх юм билээ. Бидэнд ч бас ийм икон болсон удирдаач бий. Хачирхалтай нь дэлхийн алдартай удирдаачийн түүхийг А,Б-гүй мэдэх атлаа өөрийн орны Маэстрогоо бид нэр төдий мэдэх. “Монголын Уи Лонг” хэмээх алдрыг мэргэжлийн хүрээндээ хүртээд буй Их Маэстро Н.Буянбаатар өдгөө 50 настай, үүнээс тасралтгүй 30 жилийг нь удирдаач хэмээх хүндтэй мэргэжилд төгөлдөршихийн төлөө зориулжээ.

Их гүрний симфони найрал хөгжмийн бүтээлийг сонссон, сайхан л юм, хүний олон хөгжмийн олон, нүсэр байдал ... Гэвч Хятад үндэсний гэх хөгжим тэр дотор хэд байсан бэ? Харин манай чуулга жинхэнэ үндэсний хөгжмийн зэмсгээрээ тоглодог. Энэ бүгдийг яс, махандаа, зүрх, тархиндаа шингэтэл мэдэрч, дэглэж, олон олон хөгжимчдийнхөө өмнө шатаж асаж, хамгийн гол нь нэгтгэж чадаж буй эрхэм удирдаач анхнаасаа л шидэт дохиур атган тайзнаа зогсох тавилантай төржээ.

Түүний аав Намхай нам төрийн зүтгэлтэн, насаараа сум нэгдлийн дарга хийсэн, ээж нь гэр ахуйн багш. Сонирхолтой нь аав нь мандолин, ээж нь шанз гайхалтай сайхан тоглодог байж. Энэ айлын таван хүүхэд аав ээжийгээ даган хөгжимд дурлаж багаасаа тоглож сурав. Басхүү нэгдлийн даргынд хотоос яваа урлагийн бригадынхан бужигнан хүүхдүүд авьяасаа үзүүлж алга нижигнүүлэн ташуулдаг балчир насны хөгжимлөг, гэгээн дурсамж түүнд бий. Тухайн үед нам төрийн зүтгэлтнээ харж үздэг ч байж, хөдөө явахын өмнө Намхайнх гэдэг айл 40 мянгатад байртай болсон байлаа. Том охин нь тэндээ амьдарч харин ээж аав дүү нар нь хөдөө. Гэрт нь ирдэг “үзэгчид”-ийн хүсэлт, ятгалгаар эдний бага гурван хүүхэд нийслэлийг зорьж Хөгжим бүжигт шалгалт өгөх болов оо. Дөчин мянгатын алтан хөршүүд нь Б.Явуухулан, С.Лодойдамба, С.Эрдэнэ гэхчлэн томчууд. Бяцхан Буяанбаатарыг   гэрт нь орж хүүхэлдэйн кино үздэг байсан айлын эгч, Явуухулан гуайн гэргий Адьяа хөтлөн Насанбат төгөлдөр хуурчийнд орж “Энэ хүүхэд Хөгжим бүжигт шалгалт өгөх юм. Тэнцэх үгүйг чи нэг үзээч” гэсэн гэдэг. Насанбат нь Лодойдамба гуайн охин. Ишгэн нүдтэй сэргэлэн хүү нэг ч нот алдахгүй тас хийлгэхийг үзээд хашир багшийн сэтгэл ч хөтөлж шалгалтанд авч очжээ. Хүү бас л нэг ч алдсангүй, элемэнт хүндэрсэн ч тас тас хийлгэн өөрөө ч бардам зогссон ч тэнцсэн цаас өгсөнгүй. Ээж нь сандран байтал “Хоёрдугаар шатанд орох хэрэггүй, шууд гуравдугаар шатанд ор”. Ингэж хөдөөний хүү хотын хөгжмийн сургуульд тэнцэж тэр цагаас өнөөдрийг хүртэл салбартаа гялалзсаар явна.

Амралтаараа хөдөө гэртээ очихдоо сумын төвийн үдэшлэгийг дэглэнэ. Ээж нь шанздаж, аав нь мандолиндан эдний гэрийн цонхон доогуур явахад сайхан аялгуу эгшиглэн “Даргын хүүхдүүд ирээд концерт тоглож байна” гэдэг байсан гэдэг. Тийм л гэгэлгэн балчир нас, өсвөр үе, идэр насыг эрхэм Маэстро туулжээ.

“Би гурван мэргэжил эзэмшээд гурвуулангаар нь ажилласан гэж бардам хэлдэг юм. Чуулгадаа удирдаачаар ажиллахын хажуугаар 10 жил хөгжим тоглосон. Одоо ХБК-д багшилж байгаа” хэмээн ноён удирдаач хуучилсан.

-Ингэхэд та чинь ямар шагналтай билээ?

-Соёлын Тэргүүний Ажилтан...

S4 гэдэг гар утасны нэртэй хамтлагаас миссийн титэм хазгай мурий зүүсэн хүүхэн бүрт шахуу өгөх болсон тэр л шагнал ...Уг нь маш гоё агуулгатай шагнал атал энэ мэтээс болж нэр хүнд нь шаварт хутгагдсан Соёлын тэргүүний ажилтан. Бид яг ямар нийгэмд амьдарч байгаа юм бэ гэх эсэргэн бодол зүрх базлах. “Алга ташуулахаасаа өмнө хүлээн зөвшөөрөгд” гэх айхтар том зарчим, үнэ цэнэ түүнд зориулагдах ёстой. Их Маэстро танд Монголын үндэсний хөгжмийн урлагийн түүхийг бичиглэж буйд чинь гүн талархал илэрхийлье.

Яг энэ цагт мөчид нэг сайхан мэдээ дуулгахад тэр удахгүй 30 жилийн хөдөлмөрөө хөгжмийнхөө хэлээр тайлагнах гэж буй. Хөдөлмөрийн үнэ цэнэ, хөгжмийн хэлээр бичигдэн урсаж буй таны амьдралын он цаг бүхэн Монгол төрийн их найралд сүлэгдэж, тэр гайхамшиг аялгуу бидэн рүү урсах нэгэн үдэш 11-р сарын 21-нд болно. Өсөх балчираасаа нэг ч нот алдаж үзээгүй, өөрийн мэдэлгүй хөгжим сонсоод гар нь удирдаач шиг сэвэлздэг байсан бяцхан хүү бүрэн боловсорсон. Харин бид түүнээс “үр тариа” хурааж авч илүү ихийг хийлгэхийн төлөө, дэлхийд Монголын нэрийг гаргуулахын төлөө дэмжих цаг дэргэд ирж.

Б.Ундрал

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    ФБ д нэг аймар хэл амтай, атаархуу, шар сэгсийсэн мам бдаг, тэрэнтэй Буянбаатар болон эхнэр нь дотно найзууд харагдана лээ, найзаар нь дугнэ гэдгээр бол ч..
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • уншигч
    Буянбаатар үнэхээрийн гоё удирддаг. Концертийг нь хүлээсэн юмсан, даанч гадаадад байна. Гайхамшигтай удирдаач!!
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025