“Хөлбөмбөгийн шуугиант үйл явдлууд”-аас та битгий хоцроорой! 


АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган нэгэн уулзалтын үеэр  “Би АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган байна. Харин энэ хүнийг та бүхэнд танилцуулах нь илүүц биз. Тэр бол та бүгдийн танил Пеле” гэж  хэлсэн гэдэг. Мэдээж хөлбөмбөгийн хааны тухай мэдэхгүй Монгол хүн ч үгүй биз ээ. Тэрчлэн хөлбөмбөгийн спортын гайхалтай мэдээллүүдээс хоцрохыг хүсдэггүй жинхэнэ хорхойтнууд цөөнгүй болов уу. Тэгвэл хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн сод авьяастай хэрнээ  хамгийн шуугиант од Диего Армандо Марадона, хөлбөмбөгт дурлуулдаг нэгэн шидтэн болох Гарринча, гараашнаас хувьсгал хийсэн Босман, энэ ертөнцийн хүн биш болсон ч, үргэлж дурсагдаж, хайрлагдаж, яригдаж  бусдын сэтгэл зүрхэнд амьд чигээрээ байдаг Дани Харкегийн тухай, Алдагдсан “Алтан дагина”-ын түүх, Хөлбөмбөгөөс үүдсэн дайны тухай  гэхчлэн хөлбөмбөгийн түүхэн дэх  хамгийн шуугиантай, эмгэнэлтэй, содон 45 үйл явдал, намтрыг онцлон оруулсан  “Хөлбөмбөгийн шуугиант үйл явдлууд” ном хэвлэлтээс гарчээ.


 Р.Гэгээ /Р.Мөнхдаваа/-гийн бичсэн тус ном хөлбөмбөгийн хорхойтнуудын таалалд нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд тус номонд багтсан олон сонирхолтой түүх намтруудаас  Гарринчагийн түүхээс онцлон ишлэн хүргэж байна. 
 “Хөлбөмбөгт дурлуулдаг нэгэн шидтэн бол Гарринча буюу Мануэль Франсиско дос Сантос билээ. Зүүн хөл нь баруунаасаа 6 сантиметраар богино төрсөн хүүг хөлбөмбөгийн шидтэн болох нь битгий хэл алхаж гишгэж чаддаг болвол их аз гэж эмч нар хэлж байж. Аав нь архи их уудаг болохоор Гарринча төрөхөөсөө л биеийн хэд хэдэн жижиг гажигтай гэмээр хүүхэд байлаа. Тухайлбал, таазны ясны асуудалтай, нүд нь сөлөр гээд л. Гэхдээ л Гарринча хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлж, дэлхий даяар нэрээ мөнхлөхөөр  хэмжээний алдар цуу нь цуурайтсан тамирчин явжээ. Хөлбөмбөгийн түүхэн дэх баруун жигүүрийн хамгийн шилдэг довтлогч гэж Гарринчаг хэлдэг. 1958, 1962 оны дэлхийн аварга Гарринча 1962 оны ДАШТ-д дөрвөн гоолтойгоор шилдэг мэргэн буучаар тодорч байсан нэгэн.
Гарринча 1933 оны аравдугаар сарын 28-нд төржээ. Аав нь Бразилын унаган индиан овгийн хүн бол эх нь африк гаралтай бразил эмэгтэй. Гарринчагийн эцэг эх тун ядуу зүдүү амьдардаг байж. Таван хүүхэдтэй айлын хоёр хүүхэд нь өлсгөлөн, өвчний улмаас багадаа нас барсан нь үүнийг илтгэнэ. Тарчиг амьдрал дунд өссөн Гарринча багаасаа л эцэг эхдээ тус дэм болохын тулд ой модноос жимс түүж, түүнийгээ зардаг байжээ. Эцэг Амаро нь архинд донтчихсон тул Гарринча ч эцгийгээ бүр хар багаасаа дагаж, 4 настайдаа анх согтууруулах ундаа амсаж, 10 настайгаасаа архи ууж, тамхи татах болсон байна. Харин яагаад Гарринча гэж нэрлэсэн тухайд бол хотын ойролцоох ойд амьдардаг Гарринча гэж нэрлэгддэг шувууд байж л дээ. Гарринча тэдгээр шувуудыг тун сурамгай барьж чаддаг гэнэ. Нэг өдөр эгч нь түүнийг “Чи их олон шувуу барих юм. Удахгүй чи өөрөө Гарринча болчихвий дээ” гэж хэлсэнээс түүний Гарринча гэх нэр үүдэлтэй юм байна...” 
Уншигч та бүхэн алдарт Гарринчагийн болоод бусад гайхалтай хөлбөмбөгчдийн түүхийг, хөлбөмбөгийн түүхэн дэх сонирхолтой, содон, эмгэнэлтэй түүхүүдийг уншиж, мэдэхийг хүсвэл “Хөлбөмбөгийн шуугиант үйл явдлууд” ном танд хөтөч болох юм байна. 


Э.Болор 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025