Одоо хэр нь “Ноён Солиот”-оос давсан орчин цагийн сэтгэлд тод үлдэх эрэгтэй дүр гарч ирэхгүй байгаагаас өөрөөр СТА жүжигчин Д.Бямбацогтыг тодотгох шаардлагагүй ч биз. Харин түүний дараачийн тэсрэлт Салхи Дамбий. “Ноён Солиот”-д тоглон олны анхааралд өртсөнийхөө дараахан 2010 онд “Би одоо 43 настай. 50 настайдаа уран бүтээлээ эхэлнэ” гэж хэлж байв.

Үнэхээр ч тэр үед түүний хэлснээр урлагийг үзэх үзэгч сэргэсэн ч үнэлэмж нь сэргээгүй байсан юм. Тэгвэл энэ жил 49 насан дээрээ Д.Бямбацогт жинхэнэ салбарын үнэлэмж сэргэсэн, манай уран бүтээлчид хилийн чанадад рейтинг өндөр яваа үед дебют хийв. Гуравдугаар сарын турш Өвөрмонгол, Монгол даяар шуугиан тарьж тэрнээс өмнө өндөр хүлээлттэй байсан “Урилга” уран сайхны кино өнгөрөгч 19-нд нээлтээ хийлээ. Харин монгол талаас эмэгтэй гол дүрд авьяаслаг жүжигчин дуучин хөтлөгч зэрэг олон тодотголт Ч.Ундрал сонгогдсон. `Хайр`, `Rainbow`, `Болзоо” гэх мэт дуу гаргаж, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Өрөмний өт”, “Тавилан” “Би чамд хайртай 2” зэрэг олон кино жүжигт амжилттай тоглосон бүсгүй нэг хэсэгтээ дэлгэцийн урлагаас хөндийрөөд байсан. Өөрийн “U-Art” академиа нээж сүүлийн үеийн уран бүтээлээс “Луйвар”, “Ээжээ надтай гэрлээч”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин” кинонд тоглосон түүний хилийн чанадын гараа ийнхүү эхэлж байна.
Өвөрмонгол-Монголын уран бүтээлчид хамтарсан “Аравт” киноноос хойш ийнхүү бас нэгэн уран бүтээл мэндэллээ. Жүжигчин Ч.Ундралын хувьд үе тэнгийн болон дэлгэцийн урлагт хүч түрж буй эмэгтэй жүжигчид дундаа сэтгэлд тод дүр үлдээдгээрээ ялгардаг нэгэн юм. Шил дараалан нээлтээ хийж буй шинэ монгол кинонд хуруу дарам цөөхөн үзэгдэх нь түүний чанар, үнэ цэнийг илэрхийлж буй хэлбэр юм. Санал бүрт зөвшөөрч “надель” болоогүй Д.Бямбацогт, Ч.Ундрал нар хилийн чанадад уран бүтээлийн болзоо хийж гэнэтхэн тэсэрсэн тул үзэгчид тус киног эх орондоо үзэх мөчийг тэсэн ядан хүлээж байна.
Киног Монгол Улсын найруулагч В.Отгонзоригт найруулсан ба зургийн даргаар Б.Чармайлт, продюссерээр Н.Нандинбилэгт нар ажиллажээ. Киноны зохиолч найруулагч Хасболд нээлтээ үзэж амжилгүй бурханы оронд одсон тул уран бүтээлч, үзэгчид нээлтийн үеэр суудлаасаа босон түүний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн байна. Харин Хасболд агсны хүү Х.Дотно тус уран бүтээлд нэг гол дүрийг нь бүтээсэн аж. Хөх хотын Ван Да кино театрт нээсэн “Урилга” уран сайхны кино үзэгчдэд догдлол, ухаарал, талархал, уярал хайрын нулимс бэлэглэжээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)