Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн гэж өөрийгөө ярих Н.Алтанхуягаас асуух зүйл одоо ч бий, цаашдаа ч нэлээд нэмэгдэх болов уу. Бондын мөнгөөр зам барьсан гавьяагаа хэний ч өмнө хэлж ярьдаг тэрбээр, ирэх оноос төлж эхлэх өрийг дарахад хэрхэн хувь нэмрээ оруулах бол? Энэ бол түүнд тавигдах ёстой эхний асуулт мөнөөсөө мөн билээ.
За яахав, уг асуудлыг үндсэн нэг талаас нь харах гээд үзье. Хөгжил дагуулах замын бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгө гаргахыг үгүйсгэх гэсэнгүй. Гол нь өр шир тавин байж олж ирсэн мөнгөнөөс зарцуулсан учраас хийсэн шиг хийх хэрэгтэй гэсэн санааг л онцлоод үзье. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход өнгөрсөн хугацаанд манай улсын авто замын салбарт гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, хөтөлбөр байхгүй биш байгаа. Гэвч хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар нь авч үзвэл асуудал бий. Тэр талаар өгүүлэхээсээ өмнө дотоодын нөхцөл байдлын талаар цөөн хэдэн үг хэлье. “Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны зүгээс өнөөгийн “АЗЗА” компаниудад цалин хөлс, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсон хүч, техник технологийн шинэчлэлт хийх, мөн санхүүжилт саатдагаас болж ажилчид цалин хөлсөө олон сар хүлээдэг зэрэг асуудал байгааг хөндөж ярьж ирсэн юм. Хэрэв эдгээр асуудлуудыг шийдвэрлэхгүй бол замын компаниуд хүний нөөцийн дутагдалд орох аюул байгаа гэх мэдээлэл бий.

Уг нь ийм мэдээллүүдтэй нэг том сэдэв анхаарал татсан нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд манай улс анхныхаа хурдны замыг тавих шав тавих үйл ажиллагаа байв. Магнай трейд, Жаст, Насны зам, Монинжбар, Цаст Импекс гэх зэрэг 10 гаруй компаниас бүрдэж байгаа Чингислэнд деволопмент групп дээрх чиглэлийн 1000 км урттай хурдны замын төслийг хоёр жил хагасын дараа дуусгана гэж яг гурван жилийн өмнө ярьж байв. Олон улсын түншлэлээр хэрэгжих төсөлд Итали, АНУ-ын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын зөвлөх компаниуд оролцоно. Концессын гэрээгээр хийгдэх энэ төслийг 2015 оноос 2040 он хүртэл гүйцэтгэгч групп эзэмшинэ. Харин 2040 оноос улсын мэдэлд хүлээлгэн өгнө гэж байсан. Яг тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч яг тэгээд хүлээлгээд өгчихнө энэ бол том ажил гэж байлаа.
Тэгвэл өнөөдөр юу болж байна вэ? Нөгөөх хурдны зам үлгэр тал руугаа орох гээд байх шиг. “Чингис лэнд девелопмент” групп Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл 1000 км хурдны замыг тавьж дуусгасан байх гэрээтэй ч ажил нь огт эхлээгүйгээр барахгүй Засгийн газартай шүүхдэлцэж байгаа юм. “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам”-ын концессын гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Отгонбаатар нар 2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байдаг. Нэг ёсондоо Н.Алтанхуягийн удирдсан Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад, “Фортуна” Н.Батбаяр их эзнээрээ нэрлэсэн бондын мөнгө босгож ирээд удаагүй байх үед л гэрээг үзэглэжээ. Тэгээд 1000 км замыг 3.5 тэрбум ам.долларын өртгөөр 2015 оны аравдугаар сар гэхэд барьж дуусгахаар тусгасан байдаг. Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар тухайн үед уг төслийн танилцуулгыг хэлэлцэх үед “Хурдны зам барихад 1 сая тонн цемент шаардлагатай. Евро стандартын өндөр чанартай цементийн үйлдвэр байгуулагдана. Хоёр урсгалтай, хоёр эгнээ асфальт бетон хучилттай замын зузаан 70 см, олон улсын С1 зэрэглэлийн зам байна” гэсэн танилцуулга сонсогдож байсан билээ. Гэтэл юун тэр зам. Газарт биш тэнгэрт л тийм зам нь баригдаад байх шиг байгаа юм.
Харин Н.Алтанхуягийн хэлж ярьдгаар бол бүх л зүйл сайн сайхан болж бүтээд байгаа юм гэсэн.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (3)