“ХҮН”-ынхан үнэн хэрэгтээ улс төрд шинэ од гэдэг шиг тийм нэг хэврэг, холыг бус ойрыг харсан суурьтай байсан юм уу гэдэг асуулт энэ өдрүүдэд эрхгүй тавигдаж таарч байна. Намыг толгойлоод удаагүй С.Ганбаатарыг огцруулсан гэх мэдээллийг тус намын хэсэг нөхдүүд цацсан нь хаврын улс төрд хачир болж түгэв. Түүнийг намын дүрэм журам зөрчсөн халаа сэлгээ хийсэн гэх мэдээлэл тодорхой хугацааны өмнө гарсан, тиймээс тэр дагуу нь хариуцлага тооцоод үдэж явуулж байгаа гэх агуулгатай зүйлийг хэсэг нөхөд нь яриад байгаа юм. Тэгтэл өөр бусад нь өөр зүйл ярьцгааж байна.

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэлийн хэлж байгаагаар бол С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг сонгох шийдвэрийг Намын Төв хорооны хуралдаанаас гаргасан гэдэг нь худлаа мэдээлэл гэж байгаа юм. Түүний хэлснээр тэдний намын дүрэмд “Намын даргыг төлөөллийн төв байгууллага буюу Намын төв хороогоор хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд ХҮН-ын Төв хороо гэдэг нь АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хуралтай ижилхэн статустай аж. Тэгвэл тус нам өмнөх Их хурлаараа Намын төв хорооны гишүүдээ 56 хүний бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэсэн гэнэ. Гэтэл НТХ-ны гишүүд гэх 10 хүн хуралдаад С.Ганбаатарыг буулгаад Б.Найдалааг намын даргаар сонгосон гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэх зүйлийг тэр хэлж байна.
Тэгэхээр ямар ч байсан С.Ганбаатар намын дарга хэвээрээ бололтой юм. Гол нь ХҮН дотор бөөн зөрчил явагдаад байгаа нь эрхбиш ойлгомжтой болоод байна. Үгүй яахав нэг талаас үүнийг эрүүл үзэгдэл гэж бас харж болохоор. За бас нөгөө талаас улс төрд дөнгөж хөл тавьж байгаа, нийгэмд тодорхой хүлээлт үүсгээд байгаа улс төрийн шинэ хүчин дотооддоо өөрсдийгөө засч эмхлүүлээгүй байж яаж төрийг засах гээд байгаа юм бэ гэсэн үл итгэм байдал үүсч байгаа нь гарцаагүй. Ямар ч байсан ХҮН өнөөдөр НТХ-ны хуралдаанаа хийх юм байна. Тэгээд олонхын шийдвэрээр өнгөрсөн хугацаанд болсон маргаанд цэг тавигдана гэж байгаа юм. О.Алтангэрэл хэлэхдээ “асуудлын гол нь хэн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болохоос илүү ХҮН Улс төрийн намын тухай хууль болон намын дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж, хууль ёсны шийдвэр гаргах ёстой. Гэтэл цөөн хэдэн нөхөд маань ХҮН-ын мянган, мянган гишүүдийн сонголтыг үл хүндэтгэсэн шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.” гэжээ. Мөн тэрбээр намынх нь нөхдүүд хууль бус үйлдэл гаргасан учраас хуулийн байгууллагуудад хандана. Зарчмын зөрүүтэй асуудлаар санал зөрөлдөж, маргалдаж болно. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар хуралдаж байгаа нь намын зарчимд харшилтай гэсэн байгаа юм. Тэгэхээр сонгуульд хүчээ үзэх бэлтгэлээ сайтар базааж байх учиртай шинэ хүчинд эхлээд хөнжил доторх асуудлаа цэгцлэх шаардлага нэн тэргүүнд тавигдчихлаа.

Уг нь тус намынхан өөрсдийнхөө тухай ярихдаа маш богинохон хугацаанд зохион байгуулалтад орж, намаа олонд таниулж чадсан нь том амжилт гээд байдаг. Гэвч тэд яриад байдаг Монголын нийгэмд бугласан асуудлуудыг шийдэлцэж дийлэх хэмжээний хүчин үү гэдэг нь эргэлзээтэй л байна. За С.Ганбаатарын тухайд ХҮН-тэй холбогдох гэж байгаагаа өмнө нь хэлээд л байсан Тэр нэгэнтээ “Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуус, сэхээтнүүд намайг нам удирдаач, хамтарч ажиллая” гэж санал тавьж байгаа гэж байсан. Тэгээд дарга болсон. Намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ энэ тэр гээд том дуугараад л байсан. Тэгсэн одоо тэгж нэр дэвшиж чадах эсэх нь эргэлзээтэй болоод ирэв. Ер нь ХҮН ихэд эргэлзээтэй болоод ирэв.
Уг нь улс төрд шинээр хөл тавьсан Хөдөлмөрийн Үндэсний Нам буюу ХҮН-ын тухайд нийгэмд суурь хүлээлттэй, улс төрийн бохирдолт багатай шинэ хүчнийг балиашиглах янзтай байсныг сануулах юун. Гэвч ХҮН-ын ард сүүлийн хорь гаруй жил ээлжлэн бас хамтран засгийн эрхийг барьсан МАН, АН-ын нөлөө бүхий хүмүүс, за мөн эх учиг нь арай өөр нэр бүхий улс төрчид байгаа, ХҮН бол эв эрүүл сав саруул биш гэдэг мессеж ч өнгөрсөн хугацаанд нисээд л байсан. За ямартай ч яг одоогийн нөхцөлд бол ХҮН их эргэлзээ дагуулж байгаа нь үнэн юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл (2)