С.Зориг агсны аллагын хэргийн учиг зангилааг тайлах оролдлого сонгууль дөхөхөөр идэвхждэг нэг тийм жишиг маягийн зүйл тогтоод байсан. Харин өнгөрсөн сонгуулиар арай гайгүй байсан. Тэгвэл энэ жилийн тухайд бөмбөг тэсэлж мэдэхээр байгаа. Яагаад гэхээр С.Зориг агсны эхнэр Б.Булган болоод өөр хоёр хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа гэх мэдээллийн цаана нуугдаж байгаа үнэн чухам юу вэ гэдэг нь анхаарал татаж буй. Сонгуулийн яг өмнөхөн дуулиан шуугиан тарих сэдлийг агуулж байна уу гэдэг асуултыг тавихад хүргэж байгаа юм.

Ерэн найман оноос хойш уг аллагын хэрэгт олон хүнийг шалгасан. Б.Булганы тухайд гэрчээр татагдаж байсан билээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд түүнийг эл хэрэгт ямар нэг хэмжээгээр холбоотой байсан юм биш байгаа гэх хардалт нийгэмд байж ирсэн нь үнээн. Гэсэн ч С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэхээр 17 жил “бэлэн” байдалд ажиллаж ирсэн Ажлын хэсэг энэ жилийн сонгуулийн өмнө л нэг учиг олсон юмдаг уу даа. Үгүй яахав, тэрхүү Ажлын хэсгийн нөхдүүд өнгөрсөн жилүүдэд хэдэнтээ өөрчлөгдсөн байх л даа. Гэхдээ уг хэргийн тухайд бол тэр хүмүүс өөрчлөгдөх нь, хэн байх нь ёстой падлийгүй хэрэг биз. Гол нь сонгуулийн өмнө тус хэрэгтэй холбоотой ямар нэг дуулиан шуугиан мандах учиртай байж болох. Эсрэгээрээ Б.Булган их асуудлыг нууж ирсэн ч байж болох. Тэгэхдээ энэ хэрэг дээр цаг хугацааны ийм давхцалууд дандаа таараад байна ч гэж юу байхав дээ, яг л кино шиг...
За ямартай ч Б.Булганыг нэлээд сүрхий шалгаж байгаа бололтой юм. Эргэлт энэ тэр оруулахгүй, 24 цагийн турш хурц гэрэлтэй өрөөнд байлгаж байгаа ч гэх шиг. Тиймээс Б.Булганы ар гэрийнхэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлсэн байгаа юм. Б.Булганы ээж Д.Байгальмаа “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний бодож байгаагаар энэ хэрэгт хөндлөнгийн ямар нэгэн нөлөө орж байхыг үгүйсгэхгүй. Хэргийн явц аажимдаа миний охиныг баривчилж хорих хүртэл өрнөж байгаагийн цаана ямар нэгэн утга агуулга байгаа юм болов уу... Яагаад гэвэл, 2016 оны сонгууль угтаж манай хүргэн, охины минь нөхөр С.Зоригийн амь насаа алдсан хэрэг дахин сөхөгдөж гарч ирж байгаа шүү дээ. Өнгөрсөн дөрвөн удаагийн сонгуулийн өмнө талийгаач хүргэний маань амь насаа алдсан аймшигт хэргийг гаргаж ирж шоу хийж байсан. Энэ удаа ч түүний л нэгэн адил шоу үүсгэв үү гэж харж байгаа. Тиймээс энэ удаагийн үйл явдлыг хэр зэрэг үнэний хувьтай вэ гэдэгт эргэлзэж байна.” хэмээн ярьсан байгаа юм. Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргах болсон шалтгааныхаа тухайд “…Биднийг огт уулзуулахгүй, тэр байтугай сүүлийн үед өмгөөлөгчийг ч оруулахгүй байгаа. Охин минь өвчин хууч ихтэй, тэр нь сэдэрч байгаа болов уу гэж санаа зовж байна. Өнөөдрийг хүртэл бид биеийн байдлыг нь мэдэхгүй сууж байна даа”, “…Эргэлт оруулахгүй байгаа. Хоёрхон удаа л хувцсыг нь сольсон. Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм шиг байна лээ” гэхчлэн ярьсан байдаг.
Тэгвэл Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан “С.Зориг агсны гэр бүлийн хүн Б.Булганы ээжээс ирсэн өргөдлийг манай байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий прокурорт шилжүүлж, шалгуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэний ч эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Хэн нэгнийг эрүүдэн шүүх замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглодог... Миний бие ӨБХ-ны даргын хувьд прокурорт хүсэлт гаргаж, Б.Булгантай уулзах бодолтой байгаа. Тэр хүнийг шалгаж байгаа нөхцөл байдлыг биечлэн харахыг хүсч байна. Аливаа хэргийг шалгахдаа Монгол хүний үндсэн эрхийг эдлүүлэх ёстой. Хэрэв зөрчил байгаа бол түүний эсрэг хуулийн арга хэмжээ авна.” гэж мэдэгдээд байгаа юм.
Уг асуудал дээр О.Баасанхүү гишүүн хэлэхдээ “Энэ хэрэг ямар шалтгаанаар нууцын зэрэглэлд орсон гэдэг албан ёсны тайлбараа УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлбэл сайн байна. Байцаан шийтгэх үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ хууль хэрэгжүүлэхийг шаардах эрх нь УИХ-ын гишүүнд байдаг. Б.Булган гэж хүний хорих хугацааг сунгасантай холбоотой түүний ээж Д.Байгалмаа надтай яриад “Би 80 гарсан хүний хувьд эрүүл мэнд хүнд байна. Гэхдээ нөхцөл байдлыг тэвчээртэй харж байгаа. Хамгийн гол нь үр хүүхэдтэйгээ уулзмаар байна” гэсэн. Хэрэгт шууд хамааралтай үгүйг би мэдэхгүй. Гэхдээ хамааралгүй бол гэр бүлийнхээ хүнтэй уулзах эрхтэй гэж үзэж байна” гэж ярьсан байсан. За харин Ё.Сагсай “Талийгаач С.Зориг агсантай холбоотой хэрэг. Үүнд цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэгт хяналт тавьдаг. Тэгэхээр нэгэнт хэрэг маань нууцын зэрэгтэй явж байгаа учир ажлын хэсгийн үр дүн гэдэг чухал. Ар гэр, шаардлагатай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчдийг уулзуулах асуудал журам зааврын дагуу шийдүүлж болох байх. Энэ бүх өргөдөлтэй танилцсаны дараа албан ёсоор хариуг өгнө” гэж хэлсэн байгаа.
Талууд иймэрхүү байдлаар юм ярьцгааж буй. Чухам тэгээд үр дүн нь юу болж гарах нь хамгийн сонин. Сонгуулийн үеэр нэг сүрхий дуулиан дэгдээж аваад, тэгээд чимээгүй болчихвол түүх давтагдлаа л гэсэн үг. За тэгээд Эрдэнэтээс баривчилж авчирсан гээд байгаа хоёр хүн нь талийгаачийг хөнөөхдөө бие биенээ Батаа, Оюунаа гэж дуудсан хүмүүс биш л байхгүй бол, тэгж л хуулийнхан тодруулахгүй бол.
Хэрэг явдал ч тэгээд яаж ч эргэж мэднэ л дээ. Ер нь бол өнгөрсөн жилүүдэд Б.Булганыг хуулийн байгууллагаас чамгүй олон удаа дуудаж байсан шиг байгаа юм. Ээж нь тэр талаар хэлэхдээ “...Охиноо ямар нэгэн хэргийн золиос болох вий гэсэн бодол миний сэтгэлд цаг үргэлж төрж байна. Ер нь бол шалгадаг, хянадаг байгууллагууд нь үе үе охиноос юм асууж, тайлбар авдаг шиг билээ. Тэр болгоныг надад ярьж байсангүй. Хааяа л Зоригийн асуудлаар ажлын багтай уулзаад ирлээ гэдэг байсан. Түүнээс өөр зүйл хэлж байсангүй. Гэхдээ өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэ хэргийг сонгуулийн өмнө л гаргаж ирдэг. Бид ч үүнийг анзаарч мэдэж байдаг. Энэ удаа ч охиныг минь Төв аймгийн урьдчилан хорих төвд хориход бид сонгуулийн шоу эхэлж дээ гэж бодсон. Гэтэл хэрэг явдал сунжирч байна. Ямар нэгэн хэрэгт холбогдуулах гэсэн гаднын хүч байж магадгүй гэсэн бодол төрж байна. Гэхдээ энэ эх хүний бодол л юм даа.” хэмээн ярьжээ. За тэгээд хэрэг явдал хааш эргэх нь мөдхөн тодорхой болох болов уу!
Эх сурвалж: www.grandnews.mn
Э.Болор
Сэтгэгдэл (5)