Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас буулгах үндэслэлүүдийн нэг болж байсан асуудал бол хүргэн Г.Дэнзэнд нь холбогдох хэрэг билээ. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж дууссан байна. Нэгэнтээ мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир, хэргийг прокурор руу шийдвэрлүүлэх саналтайгаар шилжүүлэх гэж байгаа талаар албаны хүмүүс мэдэгдээд байна.
Г.Дэнзэнгийн тухайд нас залуу ч, чамгүй асуудалд орж яваа нэгэн гэхэд болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга явсан тэрбээр хоёр сая хол давсан Монголчуудын хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар Н.Алтанхуягийн дэмжлэгтэйгээр суучихаад тэрбум тэрбумын тендерийг хувьдаа авсан гэх асуудалд нэр холбогдсон. “Эрдэнэс Тавантолгой” ХK-иас “Говь повер” компани 17 тэрбумын тендер авч нүүрс гаргахаар болсны ард Ерөнхий сайдын эгчийн охин Чулуунбаатарын Уянга гэгч байсан. Харин Ч.Уянгын нөхөр нь Г.Дэнзэн. Тэгэхээр ямар хэмжээний хэлхээ холбоотой хүмүүс вэ гэдэг нь эрхбиш ойлгогдохоор. Хэдийгээр Г.Дэнзэн МАН-ынхан намайг гүтгэлээ гээд ажлаа хүлээлгэн өгсөн ч, цэв цэвэр нэгэн гэж харахад эргэлзээтэй баримт бүхий мэдээллүүд гарч байсан юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)