Ш.Сайхансамбуу дүүгээ бас охиноо улс төрд сойлоо
2016/02/22

 Улс төр бол боломжоор тоглох урлаг гэдгийг утгаар нь харуулж байгаа нөхдүүд Монголоор дүүрэн байна, цаана чинь.  Цагийн байдал ороо бусгаа, нийгмийн амьдрал хатуу хөтүү байх тусам улс төр тийш сарвалзагсад улам нэмэгддэг ажээ. Чин үнэндээ бол улс төрд орон зай горилогсдын хэдэн хувьд нь хийж бүтээх гэсэн үнэн эрмэлзэл байдаг бол? Бодмоор л асуудал шүү. Манай тухайд бол улс төрийг өөрсдийн амьдрах угжаа болгон ашиглах гэсэн, түүнчлэн улс төрөөр дамжин олны танил од болох гэсэн хэсэг бүлэг хүмүүс гаргууд сайн ашиглаж байгаа гэхэд болно. Улс төрийн талбар дахь хэтийдсэн авьяастай жүжигчдийн санаатайгаар ужигруулсан олон асуудал нийгэмд байгаагийн хэрээр сайн дурын уран сайханчдын хүч нэмэгдсээр өдийг хүрэв.

Хэн дуртай нь улс төрд орно гэж чарлаж, хэн дуртай нь түмний амьдралыг би л гарч ирж байж сайн сайхан болгоно гэж орилдог болжээ. Уг нь Монгол төрд үнэ цэнэ байх учиртай. Сүүлийн хорин хэдэн жилийн өнгө төрхийг харахад, өнгө мөнгөний эрх ашгийг дээдэлсэн улс төрчид олон байсны харгайгаар өнөөдрийн Монголд төрийн үнэ цэнэ гэж утгаа алджээ. Тиймээс ч хэн дуртай нь өөрийгөө улс төрийн шинэ одоор өргөмжилдөг болж, нэн харамсалтай. Ингээд ярихаар Монгол Улсын иргэн хэнд ч болов сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуулиар олгочихсон шүү дээ гэж уншигч авхай та бухимдаж юуны магад. Тэгвэл уучлаарай, тэрийг би мэднэ. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Монголчууд өөрсдийнхөө эрхээ эдлэх тухай их ярьдаг хэрнээ үүрэг хариуцлагаа биелүүлэх тухайд тун бага ярьдаг. Тэрчлэн улс орноо өнгөтэй өөдтэй байлгахад, иргэн бүр боломжийн аятайхан амьдрахад хэн бүхний хичээл зүтгэл хэрэгтэй. Хариуцсан ажилдаа эзэн байх хэрэгтэй.  Хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ухамсарт хүмүүн шиг байж чадваас нөхцөл байдал өөр байж болох шүү дээ. Энэ ойлголт хэн бүхэнд хамаатай! Харамсалтай нь нийгмээрээ тэр өөрчлөлт тийш шилжихэд чамгүй хугацаа шаардлагатай юм шиг байгаа юм.

Тэгэхээр нэг хэсэгтээ улс төрд орон зай горилсон нөхдүүдийн тоглолтыг бид зрителийн суудлаас харах л хэрэгтэй болж таарч байна. За тэгээд УИХ-ын сонгууль болоход бага ч хугацаа үлджээ. Цагтаа чуулганы танхимд 76-гийн тоонд багтаж явсан экс гишүүд энэ жил дахиад гишүүний батлах өвөртөлчих санаатай байгаагаа эхнээсээ илэрхийлээд байгаа. Тэдгээр нөхдүүдийн нэг бол  Ш.Сайхансамбуу. Гэхдээ түүнийг төрөлх МАН-даа сэтгэл дундуур байгаа учраас бие даан нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл бий. Тэгвэл түүнд тийм санаа байгаа ч, бие дааж дэвшлээ гээд гарч ирнэ гэдэгтээ бол  эргэлзээтэй байгаагаа өөрөө  хэлсэн байна билээ. Юу гэхээр тэр өөрөө хэлэхдээ “УИХ-аас баталсан Сонгуулийн хуулиар бие даагч “машиндуулах” юм билээ. Хар машинаас сугарч гарч чадахгүй. Тиймээс бие даагч нараас эхнээсээ нам бараадаж байна... Бие даагчийг дугуйллаа гэхэд давхар нам дугуйлаагүй бол саналын хуудсыг нь хүчингүй болгоно л гэнэ. Ганц бие даагч хоёр намын хавчлагад орох юм билээ. Сурталчилгааны хугацаа нь 17 хоног гэсэн үү. Шинэ хүн бол танигдаж ч амжихгүй санал авах өдөртэй тулна. Нэг ийм үг байдаг шүү дээ, “1990 оноос өмнө чонын аманд давхиж явсан, 1990 оноос хойш хоёр барын аманд орж сэгсрүүлээд тамирдчихлаа. Ядахдаа ард түмэн 2 хуваагдчихсан. 1990 оноос өмнө нэг намын дарангуйлалд байсан бол түүнээс хойш хоёр намын дарангуйлалд орж ард түмнээ  хоёр хуваачихлаа. Дотроо үзээд л байдаг. Телевизээр харахаар хоёр намын нөхөд жигтэйхэн улстөр хийгээд  хэрэлдээд үнэмшилтэй жүжиг тоглоод л байдаг, цаагуураа анд найз худ ураг, түрийвч нэг. Хуулиа батлахдаа эрх ашгаа нэгтгээд байдаг  байхгүй юу.” гэхчлэн ярьсан байгаа юм.

Бас ч гэж чуулганы танхимд 4 жил суугаад, тэнд хэрхэн хор найруулагддаг болохыг нүдээрээ харж үзсэн хүний хувьд түүний ярианд авах юм бий. Гэхдээ жинхэнэ төрд хэрэгтэй хүмүүсийн нэг тэр мөн байсан уу гэдэг дээр бол өөр асуудал яригдана л даа.  “Нарантуул” ХХК, “Нарантуул” зочид буудал, Орос- Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр гэхчлэн жинхэнэ мөнгөний үүр уурхай болсон бизнесүүдийг атгаж ирсэн Ш.Сайхансамбуу Монголын улс төрд гэр бүлээрээ бат итгэлтэйгээр орон зайгаа бий болгохыг эрмэлзэж байгаа нь тодорхой болоод байна. Төрсөн дүү Ш.Батсамбуу нь Завханы тойрогт нэр дэвшинэ гэж буй. Тэгвэл Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул Баянзүрх дүүргээс ИТХ-д нэр дэвшихээр болоод байгаа гэнэ.

С.Эрдэнэтуулын тухайд төрийн албанд ажиллаад тодорхой хугацааг үдэж байгаа нь үнэн. Гэхдээ улс төрд бэлтгэгдсэн хүн үү гэвэл бас л эргэлзээтэй. За харин улс төр, бизнесийн талбар дахь орон зайтай нөхдүүд өөрсдийнхөө үр хүүхдүүдийг улс төрд хөл тавиулах гэдэг моод маягийн жишгээр тэр орж ирэх гээд байна уу гэвэл илүү дөхөж мэдэхээр юм. Юутай ч Монголын хөрөнгө бэлтэй эрхмүүдийн хүүхдүүд нийлж, өөрсдийгөө төр засгийн толгойд гарах учиртай хүмүүс гэж үзэж  "Монголыг аваръя" нэртэй клуб байгуулсан байдаг. Тэгвэл тэр клубыг байгуулалцсан хүмүүсийн нэг бол С.Эрдэнэтуул юм.  Монгол улсыг авран хамгаалахаар байгуулсан мэт харагддаг тус клуб үнэн хэрэгтээ хийж гавьсан зүйл байхгүй шахам. Тэгсэн хэрнээ байгуулсан нөхдүүд нь нийлж шоу цэнгээн  зохион байгуулсан нь дэндүү олон гэдгийг нь мэдэх хүмүүс нь хэлж ярьдаг юм билээ.

Үгүй яахав, хүн сурсан мэдсэн зүйл арвинтай байхыг үгүйсгэх гээд байгаа юм биш. С.Эрдэнэтуулын тухайд Сингапур, Англид боловсрол эзэмшсэн нэгэн. Гэхдээ гадаадад ямар нэг сургуульд сурсан л бол гарцаагүй улс төрч болох ёстой гэсэн үг биш л дээ. Хүн ер нь байх ёстой газраа байж байх шиг утга төгөлдөр юм гэж хаа байх билээ. Үнэндээ тийм биш байгаагаас  болоод олон юм гажуудаад байгаа гэдэгт бултаараа анхаарчихад гэмгүй л байгаа юм даа. Манайх шиг ийм цөөн хүн амтай улсад бүгдээрээ улс төрд орчихоор утгаараа хошин шог л болох байх даа. Лав л эрүүл саруул харагдахгүй гэдэгт эргэлзээд байх хэрэггүй биз ээ.

 

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • MnG()l_
    Ter duun ged bga batsambuu ih l muu hun gej ih l sonsson shu,uls tord negch balai ym nemegdeh hereggui ym bgaanshd.
    2016 оны 03 сарын 06 | Хариулах
  • unshigch
    Caihancambuu abgaitaigaa niilj hunii karma huusuldug hulgaichid shuuude.eniig urd ni yamar teneg mangaruud songoson yum boloo.dahiad chamaig hen ch songohgui. Huuhed duu ni ch ichmeer yumaa.neg tom uildver baiguulchihaad daraa ni hutsaach urnii tulam aa avgai ni mungunii shulam tolgoi hooson iim yumnuudaar mongol duurlee!!!!!!
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Irgen
    Za medexgyi Erdenetyyl ylc tord orbol ineedtei l yum .gadaadad cyrch bxdaa nileen Ybdal cyydaltai bcan gej conccon yum bn
    2016 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин
    zavharsan ym
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • Ш
    Даруухан дажгүй бүсгүй байна л ээ.
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • unen
    СС-д даргын зөөлөн суудал их л таалагдаж дээ. зөөлөн суудал, эрх мэдлийн төлөө шөнө нь ч нойр хүрдэггүй нь тодорхой харагдаж байна. слесарчаас босс болсон гээд байгаа биз, хүмүүс хүүг нь гэж хогийн хулгайч гэсэн ойлголттой явдаг шүү дээ
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
Сонин хачин