
Спорт, бизнес, улс төр гээд бүхий л салбартай амьдралаа холбож ирсэн “Женко” Х.Баттулгын тухай номыг сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх бичсэн билээ. Хэвлэлтээс гарахаасаа өмнө нийгмийн тодорхой хэсэгт хүлээлт үүсгээд байсан гэхэд болох тус ном өнгөрсөн долоо хоногийн хамгийн борлуулалттай баримтат зохиолоор тодорчээ. Д.Төрмөнх нэгэнтээ "Түүний талаар хамгийн сайн мэдэх сэтгүүлч, магадгүй, би байж ч мэднэ. Бид Дүрслэх урлагийн дунд сургуульд хамт сурч байлаа. Тэр үед л Тулга өмд цамц оёж, пянз зарж, арилжаа наймааны гараагаа эхэлсэн юм. Бас тэрээр спорт хөөж, улмаар урчуулын хорооны хотын салбарт ажиллаж байхдаа 1983 онд Киевт болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж дэлхийн аварга болсон билээ. Гэвч гэнэтхэн л спортоо орхиод ганзагын наймаанд хөл тавьчихсан. Наймаа нь өргөжиж шар такси, саятан сугалаа, диско клуб, анхны супермаркет гэх мэтээр цараагаа тэлсээр нэг л мэдэхнээ..." хэмээн бичсэн нь бий. Мөн тэрээр “...Хүндлэн бишрэгчид, дайсагнан шүүмжлэгчид олонтой, үргэлж л сэтгүүлчдийн анхаарлын төвд явдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт маргаан өрнүүлэх болсон энэ хүн яг яах гээд, юунд зорьж тэмцээд яваа нөхөр юм бэ. Энэ бүхний хариултыг түүнтэй өрнүүлсэн яриан дээрээ тулгуурлан, бодит үйл явдлаас сэдэвлэн, өөрийн гэрчилж чадах тохиолдлуудаар баяжуулан, бас зарим эргэлзээ төрүүлсэн зүйлсээ өөр гэрчилж чадах хүнээс тодруулж, уран сайхны нийтлэлийн хэлбэрээр уншигч тантай хамтдаа хайхыг зорьсон минь энэ ном билээ” хэмээн өгүүлсэн байдаг юм.
Сэтгэгдэл байхгүй байна