Арвангурван онд, сонгуультай жилийн хаврын улстөр бужигнасаар зунтай золгож байсан тэр үед Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай уулзаж ярилцаж байв. Тэгэхэд тэрбээр “Авлигатай тэмцэх тэмцэлд аль нэг нам нь манлайлж орж чадахгүй дээ. Бүгдээрээ хутгалдсан гэдэг нь харагдаад байна шүү дээ. Оюутолгойн асуудал гээд л бид ярьдаг. Монголын эрх ашгийг хохироосон уу, хохироосон. Тэнд гарын үсэг зурсан 5 сайд хэн хэн бэ гэдгийг бүгд л мэдэж байгаа. Ингээд бодоод үзэхэд аль нэг нам нь авлигатай тэмцэх тэмцлийг хүчтэй шударга зөв явуулж чадахгүй. Намын энгийн гишүүд сайхан монголчууд маань хэвээрээ л байгаад улс орноо, үр хүүхдээ гэсэн бодолтой байгаа л даа. Гэтэл дээд бүлэгт нь нөхцөл байдал өөр. Бүлгүүдийн сонирхол нам дамжаад холилдчихсон. Монголын том олигархи бүлэглэлүүдэд АН, МАН бүгд л ордог шүү дээ. Ийм байдалтай болоод байгаа ч, аль нь ч хүлээн зөвшөөрөхгүй л байгаа л даа. Сая УИХ-ын гишүүн М.Батчимэг хатуухан үг хэлсэн чинь намынхан нь дургүйцлээ гэсэн мэдээлэл гараад л байна лээ. Хүлээн зөвшөөрөх чадвар улстөрийн намуудад байхгүй байна. Ийм үед төрийн бүтэц, намуудаас ангид байдаг АТГ юм уу, эдийн засгийн цагдаа, тагнуул юм уу, Ерөнхийлөгчийн талаас маш хүчтэй дэмжлэг хэрэгтэй. Тэгээд олон түмнээ түшиж чадвал эд нарыг шахаж унагааж болно. Түүнээс аль нэг намд найдах хэрэг байхгүй.” хэмээн ярьж байсан юм. Ер нь бол энэ хүн Монголын улс төрийн тогоон дахь болж бүтэхгүй бохир шинжтэй зүйлсийн талаар шулуухан хэлчихдэг. Олон нийтэд ч түүний үг үнэтэй байдаг.

Тиймээс ч сонгууль дөхсөн энэ үед Д.Бямбасүрэн гуай шиг чухам үнэнийг хэлдэг хүмүүсийг бага дуугаргах сонирхол эрх баригчдад байхыг үгүйсгэх аргагүй гэдэг нь үйлдлээр нь баталгаажиж байна гэхэд болно. Яагаад ингэж хараад байна гэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая Д.Бямбасүрэн гуайнд очиж амар мэндийг нь эрэн золгохдоо, Ерөнхий сайд нар Ерөнхий сайдаар ажиллаж асан ахмадууддаа золгодог онцлог бүхий уламжлалыг тогтоохыг хүссэндээ очсон хэрэг хэмээн тодотгоно лээ. Үгүй яахав, өмнө нь төр засгийн толгой эрхмүүд өмнөх зүтгэлтнүүд дээрээ очиж золгож байсан явдал бий л дээ. Гэхдээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын энэ удаагийн зорьж очсон шалтгааны тухайд Д.Бямбасүрэн гуайг хамаг олны өмнө гараад юм яриад байхаасаа илүүтэй төр барьж байгаа нөхдүүдэд тулж яриад асуудлыг нь ойлгуулчихаж байгаач гэсэн давхар санааг агуулсан байж болох л юм.
Ерөнхий сайдыг гэрт нь ирж золгосонд Д.Бямбасүрэн гуай мэдээж баярлаж л таарна. Тэгээд тэрбээр Монголчууддаа мэнд дамжуулахдаа “Энэ онд монголчуудын хувьд олон сайхан түүхэн үйл явдал тохионо. Тэрний нэг нь ардчилсан сонголтынхоо хамгийн гол үр дүн болох төрөө байгуулах эрхээ эдэлнэ. Энэ бол монголчуудын хувьд улс төрийн баяр байдаг. Монгол хүн монгол төрөө байгуулна гэдэг ёс төртэй үйл юм.” гэсэн байсан.

Гэхдээ тэр өмнө нь хэлж байсанчлан АН, МАН-ын аль, аль нь арьсаа хуулуулчихсан могой шиг л эмзэг байгаа хэвээрээ гэдгийг сайн мэдэж буй биз. Тэр нэгэнтээ “Өнөөдөр нам гэдэг ойлголтыг нэлээд шүүмжлэлтэй харах шаардлагатай болжээ. Улс төрийн намууд гурван үндсэн доголтой болчихож. Нэгдүгээрт, улс нийгмээ авч явах философи үзлийн түвшинд үнэн сульдаатай байна. Ардчилсан нам гэхэд либерал гэж ярихаас цаашгүй болсон. Консерватив үзэл гэж чухам юу юм бэ. Консерватив үзлийн жинхэнэ утга бол ирээдүйгээ өнгөрсөнтэй, өнгөрснөө одоотой холбож чадах тухай асуудал. Үүн дээр алдаж байна. МАН гэхэд социализмынхаа үзлийг жаахан хувиргаад түүнийгээ мөрөөдсөн улс. Намын нэрээр төрд орж ирсэн хүмүүс хувийн шуналаа хашиж дийлэхгүй төрөөр дамжуулан идэж байна. Хоёр дахь нь, улс төрийн намууд хөрөнгөлөг хүмүүс, цөөн тооны компанийн халаасанд орчихсон. Улс төрийн намууд тодорхой компани, мөнгөтэй хүмүүсээр тэтгүүлж байгаад сонгуулиар тэднийхээ шантаажинд ороод тухайн компаниар овоглогдсон хүмүүс нэр дэвшээд гараад ирдэг. УИХ-ын гишүүдийг Монголын ард түмний сонгосон хүмүүс гэдэг нэг нүдээр харвал хүндэтгэх хэрэгтэй болдог. Нөгөө нүдээр харвал хулгайч, луйварчин, шунал нь цухалзсан хүмүүс. Гурав дахь нь, цөөн хэдэн хүн намын толгойг барьчихаад жирийн иргэд, гишүүд дэмжигчдийн санаа бодол намын мөрийн хөтөлбөрт огт орохоо байсан. Үүний гайг бид амсч байна. Сүүлийн хоёр сонгууль дараалан үндэснийхээ баялгаа улс төрийн намуудаар тоглууллаа. Адаг сүүлд нь улс орныхоо эдийн засгийг тамирдуулчихсан хараад сууцгааж байна. Ингээд харахаар намууд гэдэг дээр маш болгоомжтой хандах учиртай.” гэж байсан. Үнэхээр л болгоомж илүүдэхгүй л дээ...
М.Мөнхжин
.
Сэтгэгдэл (1)