Ерөнхий сайдыг буулгах асуудлыг Г.Уянга нар гарган тавиад, чуулганаар дэмжигдээгүй. Асуудлыг гарган тавьсан хүмүүс Ч.Сайханбилэгийг буулгах шалтгаан хангалттай бий хэмээн хэдэн талаас ярьсан ч, түүнийг авч үлдэх хэрэгтэй гэдгийг бас бусад нөхдүүд хангалттай ярьцгаасан. Тэгээд тэр нэгэнтээ үлдсэн учраас, сонгууль хүртэл хэдхэн сар байгаа болохоор түүнд ухарч няцаад байх цаг үндсэндээ байхгүй. Ажлыг бол умалзуулаад л байхаас өөр яахав. Тиймээс ч сар шинийн битүүний өдөр Засгийн газар хуралдаад ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн эх үүсвэрт шаардагдах хөрөнгийг Монголбанкнаас шилжүүлэн авах шийдвэр гаргав. Тэгснээр тус санд 2.5 их наядын хөрөнгө төвлөрөх аж.

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээл хэрэгжсэнээр 76 мянган иргэн байранд орсон. Тэгвэл тэдгээр иргэдийн зээлийн эргэн төлөлтөөр сар бүр 28 тэрбум төгрөг хуримтлагддаг болсон гэх мэдээлэл бий. Харин одоо тэр хуримтлал нь цаашдаа ирээдүйн тэтгэврийн нөөц санд ороод буцаж ипотекийн зээл болж иргэдэд хүрэх гарцыг ийнхүү засгаас шийдэж байгаа гэж ойлгож болох юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (2)