Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайнд очиж амар мэндийг нь эрэн золголоо. Монголчууд сар шинээр ахмад настныхаа амар мэндийг эрэн золгож, үг сургаалыг нь сонсдог жишгийг Ч.Сайханбилэг ийн дагахдаа Ерөнхий сайд нар Ерөнхий сайдаар ажиллаж асан ахмадууддаа золгодог онцлог бүхий уламжлалыг тогтоохыг хүсч буй аж.

Ерөнхий сайдыг хүлээн авч золгосон Д.Бямбасүрэн гуай Монголын ард түмэндээ хандаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.Тэрээр мэндчилгээндээ “-Уудам дэлгэр Монгол оронд минь бичин жил зочилж ирлээ. Монголчууд өнгөрч буй хонин жилд цог хийморьтой, өлзийтэй олон сайхан үйлийг бүтээлээ. Бид гурван саяулаа болж үе үеийнхний хүсэл мөрөөдөл биеллээ. Гарч байгаа шинэ онд элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, аз жаргалтай, цог хийморьтой байж, санасан бүхэн нь сэтгэгчлэн бүтнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ онд монголчуудын хувьд олон сайхан түүхэн үйл явдал тохионо. Тэрний нэг нь ардчилсан сонголтынхоо хамгийн гол үр дүн болох төрөө байгуулах эрхээ эдэлнэ. Энэ бол монголчуудын хувьд улс төрийн баяр байдаг. Монгол хүн монгол төрөө байгуулна гэдэг ёс төртэй үйл юм.
Мөн Монгол эх оронд маань Ази Европын дээд хэмжээний уулзалт болно. Энэ бол Их эзэн Чингис хааны төрөөс хойш Монголд дэлхийн олон орны төр засгийн тэргүүн цуглаж байгаа анхны том тохиолдол юм. АСЕМ-ын уулзалт бол хурал цуглаан төдий биш Монголоо дэлхийд таниулах, Монголоо дэлхийтэй нөхөрлүүлэх, дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, улстөрийн зүтгэлтнүүд Монголыг гэсэн сэтгэл тээж явах ийм сайхан явдал болох юм. Энэ арга хэмжээнд ёс төртэй сайхан бэлтгэж, зочдоо эрхэм дээдээр хүндлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Бичин жил хэдийгээр жаахан эгзэгтэй байдаг боловч энэ жилийн хувьд зуд турхан гэж байгаль дэлхий ширвэсэнгүй. Гэхдээ бичин жилийнхээ төгсгөлийг анхаарч байх хэрэгтэй. Зуны сайхан цаг удахгүй ирнэ ээ. Үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж, ажил хөдөлмөртөө идэвх зүтгэлтэй байж, энх амгалан сайн сайхан амьдрахыг хүсэн ерөөе, өлзий хутаг орших болтугай” хэмээлээ.
Сэтгэгдэл байхгүй байна