С.Баярцогтын гавьяа том уу?
2016/02/04

Н.Энхбаярыг “Их өр” тэглэсэн хүн гэх тодотгол дагаж ирсэн. Үнэндээ тэр өөрөө ч үүндээ дуртай л байдаг болов уу. Тэгсэн харин саяхнаас “Их өр”-ийн үлдэгдлийн тухай асуудал босч ирсэн биш Н.Энхбаяр бусад улс төрчдийг ч уг өрийг тэглэсэн үйлсийг хэрэгжүүлсэн хүмүүсийн жагсаалтад нэмэгдэж болно гэдгийг өөрөө хэлсэн юм. Тэгвэл түүний “зөвшөөрөл”-ийн дагуу уг жагсаалтад нэмэгдэх хүний нэг нь С.Баярцогт болж таарч байна. Тэрбээр өрийн үлдэгдлийг тэглэх асуудлын талаар хэлэхдээ “Монголросцветмэт нэгдэл”-тэй холбоотой 124.6 сая шилжих рублийн өрийг хүүгийн хамт 2003 онд багтаан төлж дуусгах ёстой байсан. Гэтэл “Монголросцветмэт нэгдэл” нь хугацаандаа зээлээ шийдээгүй байснаас асуудал үүссэн. Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ Улаанбаатарт 2009 онд хийгдсэний дараахан Туркийн Стамбулд болсон Дэлхийн банк, ОУВС-ийн жилийн уулзалтын үеэр ОХУ-ын Сангийн дэд сайд Д.Панкин Монгол Улс ОХУ-д 180 сая шилжих рублийн өртэй бөгөөд өрөө төлөхгүй бол Парисын клуб-ээр энэ асуудлыг шийдүүлэхээр хандахаа мэдэгдсэн юм. Үүний дараа Үндэсний аюулгүй байдлын шийдвэрийн дагуу уг асуудлаар Оросын талтай хэрэлцээр хийхийг надад үүрэг болгосон.

Ингээд  ОХУ-ын Сангийн сайд А.Кудрин болон дэд сайд Д.Панкинаар ахлуулсан ажлын хэсэгтэй хэд хэдэн удаа Москва, Улаанбаатар, Вашингтон хотноо уулзалт, хэлэлцээр хийсэн. Жил гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд нь Монголросцветмэттэй холбоотой 162 сая ам.долларын өр, клирингийн өр болох 10 сая ам.доллар, нийт 174.2 сая ам долларын өрийг “Их өр”-ийн зарчмаар буюу 97.8 хувийг хүчингүй болгуулж чадсан. Харин үлдсэн 3.8 сая ам.долларын өрийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлөхөөр болж, хоёр орны Сангийн сайд нар ОХУ-ын Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан юм. “Монголросцветмэт нэгдэл”-тэй холбогдох өр Монголын талд ашигтайгаар шийдвэрлэгдсэн ийм л түүхтэй” хэмээн ярьжээ. Тэгэхээр түүний хэлж буйгаар түүхэн үүргийг хүлээгээд тодорхой хугацаа өнгөрсний дараа ийнхүү шийдвэрлүүлж байгаа бололтой. Улс төрчдөө гэж үнэхээр сүрхий хүмүүс юм даа.

Эх сурвалж: www.grandnews.mn 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин