Жижиг биш том харж, том алхая!
2016/02/03

Базах, базагдахын тухайгаас тэс өөр нэгэн ойлголт аливаа улс үндэстэнд байх ёстой. Ерөөс хамгийн үнэ цэнэтэй зүйл нь үндэсний эвлэрэл байж ирснийг Монголын өвгөн түүх гэрчилдэг билээ. Хуучин цагийн Монголын төр дэх алдаа онооны учиг тийш харж байхад хагарал бутрал нь Монголчуудыг мөхөл рүү даллаж, иргэд олныг мөнхийн дарангуйлал дор зүдрээх зам руу л дуудаж байсан байдаг даа. Мэдээж энэ цаг үе бол хуучнаас өөр л дөө. Ардчилсан тогтолцоо гээчээр замнаж байгаагийн хувьд тэрхүү мөхөл, дарангуйлал гээч нь биднээс алсад байгаа мэт ойлгогдовч, өнөөдрийн Монголын төрийг “байгуулагчид” тусгаар улсынхаа нийтлэг том эрх ашгийн төлөө гэхээсээ зөвхөн засаглалын эрх мэдлийг л гартаа атгах, улмаар явцуу хувь эрх ашгаа гүйцэлдүүлэх жижгээс жижиг сэдэл зорилготой байгаа цагт бол аюулын харанга ойрхоон...

Холыг харж, уужуу сэтгэж ирсэн Монголчуудын өнөөдрийн үргэлжлэл нь дөрөвхөн жилийн давтамжтайгаар санах ойгоо алдаж, эсхүл санаатайгаар мартах өвчин тусцгааж, болох байсан бүхнийг зориудаар баллуурдаж, болохгүй асуудлуудыг хэргээр урт наслуулж, өөрсдийгөө хэдэн арван жилээр чөдөрлөн гацаах нь хамгийн зохисгүй хэрэг билээ. Тиймээс ч одоо бид нийтээрээ хамтдаа ирээдүйн гэрэл гэгээтэй амьдрах орчныхоо төлөө зүтгэх хэрэгтэй. Үүний тулд өөрсдийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй болов уу. Төрийн албан тушаалыг хашиж буй эрхэм та ажил үүргээ гүйцэтгэхдээ төрд зүтгэж байгаа гэдгээ ухамсарлан хариуцлагатай байхад л, хэн нэгнээс авлига сэлтийг авч халааслан, нийгмээ бохирдуулахгүй байхад л таны гавьяа, үнэ цэнэ орших юм, уг нь.

Тэгэхгүйгээр, Монгол Улсын иргэн бүр хууль ёс, иргэний хариуцлага гэдэгт огтоос ач холбогдол өгөхгүйгээр бол бид хол явахгүй ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн байсан даа. Юу гэхээр, “Хамгийн сайн ардчилал бол гадаа үлдчихсэн цөөнхийнхөө эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө асуудал шийдэх явдал гэж байгаа. Түүнээс биш хэдэн улс төрчид орчихоод өөрсдийнхөө асуудлыг шийдэхийг бол муу ардчилал гэнэ” гэж. Тэгвэл муу ардчиллаас ангид байхын тулд Монголчууд бүгдээрээ зүтгэх учиртай. Түүний тулд илүү том эрх ашгаа олж харцгаах ёстой л доо. Ер нь том харахгүйгээр бид хаа хүрэх вэ. Эрх мэдэл, сандлын төлөөх хэрүүлээс Монголчууд бид юу хожих вэ?

Өнөөдрийн Монголд авлигач шуудай шуудайгаар нь, тэрбум тэрбумаар нь авлигад аваад, эргүүлээд түүнийг өөрийнхөө хэргийг баллахын тулд, ул мөрөө баллахын тулд, баллуулахын тулд, тийм систем ажиллуулахын тулд цацдаг учраас мөнгө хүчтэй, авлигын мөнгө бүр хүчтэй, бүр аюултай гэдэгтэй санал нийлэхээс өөр аргагүй. Монгол төрийн үнэ цэнийг тэгж сүйдэлж байгаа хүмүүстэй хууль ёс ярина гэдэг хэцүү болох нь үнэн хэдий ч, ярихаас өөр сонголт бидэнд үгүй. Тиймээс л томоор харах гээд байгаа юм.

Хэд хоногийн өмнө Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхээр чуулган хуралдаж байхад, ерөөс Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар улс төрчид шаагилдаж байх зуур юу илүүтэй санагдаж байсан бэ гэхээр Монголын улс төрд байгаа нөхдүүдийн хүрэх гээд тэмүүлээд байгаа оргил цэг нь чухам хаана юм бол? Унагах, чичлэх, буруутгах асуудлыг л олонх нь хайгаад байгаагаас бус олноороо нийлж байгаад бүгдээрээ асуудлуудаа шийдээд явъя гэдэг дээр, гарцуудаа хамтдаа тодорхойлоод даван туулъя гэдэг дээр байр сууриа нэгтгэх ер нь тэдэнд падлийгүй юм биш үү? Ялангуяа, сонгууль хаяанд ирчихсэн болохоор.

Тиймээс ч Ерөнхий сайдыг огцруулах асуудлын гал маналцаж байх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурь үнэ цэнэтэй байлаа. Тэрбээр “Бид нураадаг, сүйтгэдэг, Засгийн газартай хариуцлага тооцох гээд Засгийн газраа тараагаад хаяад явдаг энэ муу жишгээ л сайнаар өөрчилье. Үүнийг л дэвшил гэж байгаа юм. Одоо бид Засгийн газартай, Ерөнхий сайдтай хариуцлага тооцохдоо энэ дэвшлийг хийх цаг болжээ. Энэ боломж байна...

Одоо бид өмнөх Ерөнхий сайдаа унагачихаад дараагийн Ерөнхий сайдын эрэлд гардаг явдлаа зогсооё. Ерөнхий сайдын ажил бол Монгол Улсыг төлөөлдөг ажил. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг ажил. Маш их хариуцлагатай ажил. Энэ дээр хүн өсөж бойжих ёстой. Энэ дээр хүн биеэ бэлдэх ёстой. Бид сууж байгаа модоо тайрч хаяхынхаа өмнө модоо ургуулах хэрэгтэй. Тийм учраас энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Ийм зарчмыг дэлхий нийтээрээ бүтээлч зарчим, бүтээлчээр хариуцлага тооцох зарчим гэж үздэг. Бидний жишээ авах дуртай орнууд, зовлон үзсэн, олон удаа ийм замаар явсан улс орнууд яг энэ зарчмаар засагтайгаа, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцдог. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим бол энэ л байгаа юм. Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд гэдэг бол тамгаа өгөөд хаалгаар гарах хүртлээ ажлаа хийж байдаг. Дараагийн Ерөнхий сайд залгаад л тамгаа авах, тасралтгүй байх ийм зүйлийг л бид хийе. Би хувьдаа Ерөнхий сайдын албыг хашиж байсан. УИХ-ын энэ танхимд хоёр удаа шөнө дөл болтол хуралдуулж, огцруулах шийдвэрийг манай УИХ гаргаад гарч байсан. Одоо ийм зүйлийг бид нар давтмааргүй байна.” хэмээж байсан. Тэгэхээр давтмааргүй байна гэдэг дээр бид анхаарах ёстой.

Хэзээ, хэрхэн алдсанаа мэдсээр байж алдаагаа давтсаар байгаа бол төрийн хүмүүс гэсэн нэр зүүцгээж, түмний төлөө зүтгэсээр байна гэж өөрсдийгөө цоллуулж явахын хэрэг юун. Монголын бүх ард түмний эв нэгдэл, Ахмадын төв байгууллагуудаас нэгэн уриалга гаргасан байсан даа. Тэдний үзэж буйгаар бол Монголд төрд түмнээ төлөөлөх эрхмүүд нь монгол төрийн дотоод, гадаад зөв мэргэн бодлого шийдвэр боловсруулахад бэлтгэгдсэн эх хэл, түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг, алсыг харах ухаантай, өөрийнхөө онол улс төрийн боловсрол мэдлэгээ дээшлүүлэхийн төлөө байнга анхаардаг, нийгэм улс төрийн шат дараалсан сонгуулийн ба сонгуулийн бус алба хашиж, ард түмнийхээ ширгэшгүй уламжлал хамтын оюун ухааныг шингээж туршлагажсан жинхэнэ төрийн хар хүн байж чадах хүмүүс хэмээн тодотгож байсан. Тэгэхээр жинхэнэ төрийн хар хүн гэдэг бол асуудлыг жижгээс илүү томоор хардаг, хол сэтгэдэг л хүнийг хэлээд буй. Монголын төрд тэдгээр хүмүүс олон байсан цагт сайн цаг наашлах биз ээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

Э.Болор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Монголын хамгийн сайн, ганц боловсролтой Ерөнхийлөгч амжилт.
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Bravo
    Bravo, saihan bichjee, bi tanaihiig dandaa shar yum bichdeg site gej bodoj baisan, getel ugui yum baina. iim bodlogiin tom sedev hunduj chaddag yum baina bayarlalaa. Tiimee, bidend ev negdlees iluu yu chuhal yum be, Hen baisnaa, yu baisnaa hzee ch bitgii mart!
    2016 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин
    ev negdel hamgiin chuhalan
    2016 оны 02 сарын 03 | Хариулах
  • Oi gutav
    Ene huniig harahaar ekh ornoo bodood uur hureed baih um.Yu gej yrij blaa daa heden jiliin umnu.
    2016 оны 02 сарын 03 | Хариулах
Сонин хачин