Ж.Амарсанаа & Х.Тэмүүжин
2016/02/01

Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах тухай асуудал  өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхний анхаарлын төвд байсан. Тэгвэл сар шинээс өмнө буюу энэ долоо хоногт уг асуудлыг чуулганаар хэлэлцэх товтой байгаа. Цэцийн дарга Ж.Амарсанаагийн тухайд өөрийгөө хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Харин Х.Тэмүүжин нарын хуульч гишүүдийн тухайд түүнийг хууль зөрчсөн гээд байгаа юм. Ингээд хэн нь юу хэлснийг ишлэн хүргэе.

Ж.Амарсанаа:

Цэцийн даргын асуудлыг яаран сандран хэлэлцэхээр нэгдүгээрт оруулж ирсэн байгаа юм. Би байр сууриа илэрхийлэхгүй. Харин хуульд зааснаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон даргыг эгүүлэн татах, огцруулах бол Үндсэн хуулийн дагуу Цэцийн хуулийн дагуу, Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн дотороо хуралдаад нэр дэвшүүлсэн байгууллагад уламжилдаг”. Цэцийн гишүүдээс 3-ыг нь УИХ, 3-ыг нь Ерөнхийлөгч, 3-ыг нь Дээд шүүх сонгодог. Намайг Дээд шүүх томилсон. Тэгэхээр Дээд шүүх рүү УИХ-аас Ж.Амарсанааг эгүүлэн татуулах бичиг өгсөн байгаа юм. Дээдийн шүүхийн 25 гишүүн хуралдаад Ж.Амарсанааг эгүүлэн татах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаж, бичиг ирүүлж байж УИХ-аар хэлэлцдэг. Тэгэхээр намайг эгүүлэн татах, огцруулах асуудал байвал хуулийн дагуу л Цэцийн 9 гишүүн дотроо хуралдаж нэр дэвшүүлсэн байгууллагад уламжлах юм.

 

Х.Тэмүүжин:

-Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг зөрчиж, Дээд шүүх, Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна. Тиймээс хууль зөрчсөн үйлдэл нь илт байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэдэг асуудал хөндөгдсөн. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль зөрчвөл эгүүлэн татах, УИХ-ын дэгийн хуульд зааснаар тав хоногийн дотор шийдвэрлэх гэсний дагуу хариуцлага ярьж байна. УИХ-ын дэг зөрчигдсөн асуудал байхгүй. Асуудал тодорхой байхад шийдвэрлэхээс өөр аргагүй.

-Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд өөрөө гарын үсэг зурчихаад, тухайн хөрөнгө нь худлаа байвал зурсан гарын үсгээрээ хариуцлага хүлээнэ. Албан тушаалтны гарын үсэг гэдэг хариуцлага хүлээх хүн нь өөрөө гэсэн баталгаа. Энэ асуудлаар, ийм албан бичиг явуулах эрх мэдэлтэй байсан уу, албан тоот явуулахад хуулийн ямар зүйл заалт иш болгов, яагаад дунд суудлын хуралдааны бүрэн эрх, маргааныг урьдчилан шалгаж байгаа гишүүний эрх мэдлийг булаан хэрэгжүүлэв, Дээд шүүх болон УИХ, Ерөнхийлөгчид шууд зааварчилж, хуулийг үйлчлэлийг зогсоох эрхтэй юу гэх мэт асуултыг Цэцийн даргаас өөрөөс нь асуух нь зүйтэй.

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин