"Ирвэс хамгаалах сан"-гийн биологич, байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэрэг нийгмийн анхаарлын төвд орсон билээ. Талийгаач нь Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах ёстой гэдэг байр суурийг мэргэжлийн хүний хувьд тууштай баримтлан, тэмцэж ирсэн байдаг. Тэгвэл түүний үйл хэргийг үргэлжлүүлэх үйлсээс хойшоо суухгүй гэдгээ Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар илэрхийлээд байна.
Тэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аймгийн иргэдийн хурлаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн санал, хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт очиж ажиллан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад иржээ. Мэдээж тэд хоёулхнаа биш, бүхэл бүтэн ажлын хэсэг ажилласан гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн хэлж байсан. Гол нь тэд Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг хэлж байна.
Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй газарт уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал, Тостын нуруунд ашиглалтын /МҮ-17038, МҮ-019036/ нийт 43153.96 га талбайг “Саудгоби коэл транс” ХХК, нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг 7 аж ахуйн нэгж, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 аж ахуйн нэгж, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг 1 аж ахуйн нэгж байгууллага, Алтан уул Торомхоны ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн /МҮ-014917, МҮ-017452/ талбайн 16361,72 га, хайгуулын ХҮ-007305 тоот тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК эзэмшиж буй юм байна.

Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог тул энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох аюулд хүрч байна” гэдгийг газар дээр нь очиж ажилласан гишүүн хэлж байсан. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун нарын нэр бүхий гишүүд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаагаа дуулгацгаалаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна