Н.Энхбаяр хэлнэ лээ... Г.Шийлэгдамбыгаа тийм захиа бичих хүн биш гэж! Юун захианы тухай энд яриад байгааг уншигч та гадарлаж байгаа биз. Уг нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын суудалд хэвээр нь үлдээхээр УИХ-ын гишүүд шийдэж, улс төрийн тогоон дахь овоо хэд хоног үргэлжилсэн халууны хэм хэсэгтээ буух нь дээ гэж байтал өөр бас нэг анхаарал татсан мэдээлэл энэ болж таарч байна л даа.

Хоёр сар хоригдоод батлан даалтаар суллагдсан Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамбын олон нийтэд хүргүүлсэн ил захидлын агуулга болоод холбогдох мэдээллийг хүргэхээсээ өмнө өгүүлэхэд, түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаагаар саатуулсан юм. Батлан даалтад гарсных нь дараа түүний өмгөөлөгч хэлэхдээ “Г.Шийлэгдамбын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байгаа онц их хэмжээний авлига авсан гэсэн мэдээлэл ор үндэсгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цаашид хэргийн мөрдөн байцаалт гадуур явагдана” гэж байсан юм. Түүний баривчлагдсан шалтгааныг ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсантай холбоотой гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байлаа. Тэгвэл Г.Шийлэгдамбын бичсэн гэх ил захидалд өөрийг өгүүлжээ. Уул нь Н.Энхбаяр түүнийг ийм захидал бичих хүн биш гэсний сацуу өөрийнх нь нөмөр нөөлгөөр Монгол төрийн сайдын суудалд хоёронтоо суучихсан, нэг ёсондоо өөрийнх нь итгэлийг даадаг сайн дүү нарын нэг гэдгийг тодотгосон л доо. Тэгээд сонгууль дөхсөн энэ үед Н.Энхбаяраар удирдуулсан МАХН-ыг зайлуулах жүжгийн нэг хэсэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн л дээ. Гэхдээ хэрэв тийм бол өдгөө батлан даалтад байгаа Г.Шийлэгдамба тайлбар хиймээр... Ил захидал дэлгэгдээд 3 хонож байхад, хэрвээ тэр үнэхээр бичээгүй бол ямар нэг байдлаар хариу дуугарах учиртай. Харин чимээгүй байна гэдэг бол зөвшөөрсний дохио гэж үг байдагчлан харвал, цаашид ч сонирхолтой үйл явдлууд хөврөх маягтай.

За ямартай ч Г.Шийлэгдамбын ил захидлыг хүргэх нь зөв биз ээ. Тэрбээр захидалдаа:
Олон нийтэд хүргэх ил захидал
Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна. Үүнд:
Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан 2015.11.05 өдрийн ЭМС-ын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм.
Чухам бодит байдал дээр юу болсон тухай дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.
Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.” гэсэн байгаа юм.


Тэгэхээр түүний өгүүлснээр баригдах үед нь өөрт нь байсан мөнгө бол авлигын ямар ч сэдэл шалтгаангүй, харин намын санхүүжилтэд зориулахаар л хүнээс авсан мөнгө байж. Гэхдээ тэр намын Генсекийн хувьд намынхаа санхүүжилтийн төлөө хүнээс мөнгө авсан гэхээсээ, Н.Энхбаярын тулгалтад л орж хүнээс мөнгө авахад хүрсэн гэх ойлгоцыг нийгэмд өгөөд буй. Түүнчлэн Н.Энхбаяртай олон жил шадарлаж яваа Г.Шийлэгдамба орон шоронд хоригдож, хатуу хөтүүг үзснийхээ дараа ийн байр сууриа эрс өөрчилсний цаана чамгүй асуудал нуугдаж байж болох. Юутай ч түүний ил захидал гарсны дараа МАХН-ын ерөнхий нягтлан Ц-г АТГ-аас дуудан байцаалт авсан гэх мэдээлэл бий. Магадгүй, үйл явдал ийн хурдацтай өрнөж байгаа нь, сценарын дагуух тавилтууд хоорондын зай тулсантай холбоотой ч байж мэднэ л дээ.
Ер нь бол улс төр гэдэг хэн хүн дурлаад байхааргүй бохир гэдгийг энэ мэтээр харж болно. Өнөөдрийн тухайд үл ойлгогдом байдлаар хэн хэндээ хандаж байгаа мэт харагдах Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба хоёрт “халуухан” явсан он жилүүд бий. Ямартаа л Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахаас өмнө “Монгол улсын үе, үеийн төрийн өндөрлөгүүдэд тохиолдсон хүндхэн хувь заяа Н.Энхбаяр ерөнхийлөгчид битгий тохиолдоосой билээ” гэх сэтгэл зовнисон үгсийг Г.Шийлэгдамба хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Түүнчлэн Н.Энхбаярыг Солонгост байх үеэр Монголоос зорьж очин эргэн тойрч байсан хүмүүсийн эхэнд Г.Шийлэгдамбын нэр бичигдэнэ. Хоёр гурван жилийн өмнөх сар шинийн баяраар намын даргатайгаа золгож ирчихээд юу ярьж байсныг нь санаж л байна. Г.Шийлэгдамбаас “Н.Энхбаяр удахгүй улстөрд эргэж ирнэ, Засгийн газарт орох нь гэсэн таамаглал байна. Уулзалтаар энэ талаар яригдав уу? хэмээн сэтгүүлч асуухад “МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улс гэлтгүй олон улсад нэртэй улстөрч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Энэ хүний хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсролыг Монгол Улс ашиглах ёстой гэж бид үздэг. Түүнээс биш өнөө маргаашгүй ирж УИХ-ын гишүүн болж Засгийн газарт орж ажиллах талаар яриагүй. Ер нь цаг хугацаа бүхнийг харуулна. Тодорхой хугацааны дараа ямар нөхцөл байдал бүрдэх нь үү. Түүний хувьд МАХН-ын дарга хэвээрээ байгаа. Энэ ч үүднээс намын нөхөдтэй уулзаж санал бодлоо хуваалцаж байгаа. Энэ нь шууд бус утгаараа өөрийн бодол санааг УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд болон намын гишүүдээр дамжуулж илэрхийлэх бололцоо нөхцөл өнөөдрийн хувьд байна гэсэн үг. Манай намын олон мянган гишүүд, дэмжигчид түүнийг эх орондоо эргэж ирээсэй гэж хүлээж байгаа.” хэмээн хэлж байсан нэгэн.
Түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас буусныхаа дараа Австралийн Мельбурн хот дахь "Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалаад эргэн ирэхэд нь МАХН нь хоёр хуваагдсан үе таарч байсан юм билээ. Харин тэр Н.Энхбаярыг дагасан. Дагасан шалтгаанаа “Надад МАН-ын батлах ч байгаагүй. Энэ нь нэг талаас гадаадад сурч байсантай холбоотой байх. Тиймээс би МАН-д өөрийгөө албан ёсоор элсээгүй гэж үзэж байгаа. Ингээд 1997 онд анх элссэн намдаа 2012 онд Австрали улсаас ирээд гишүүнчлэлээ сэргээсэн үйл явц болсон юм. Түүнээс биш МАН-д элсэж ороод бас гараад МАХН-д орсон юм биш” хэмээн тайлбарласан байдаг.
Үгүй яахав, юу ч гэж тайлбарласан тэр хүний асуудал л даа, тэрдундаа улс төрийн нам хүчний сонголтын тухайд бол... Ямар ч байсан Н.Энхбаярыг гэх Г.Шийлэгдамбын сэтгэл халуухан явсан үе байх нь байсаан. Тиймээс л чухам яагаад хөрчихөөд байгаа нь анхаарал татаад байгаа юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Э.Болор
Сэтгэгдэл (5)