2002 оноос хойш дэлхийд босоо байсан алдарт Каори Ичог 10:0 оноогоор илт давуу ялсан Пүрэвдоржийн Орхоныг “Домог туулийг зогсоож, өөрийн домгийг эхлүүллээ” хэмээн Монголчууд бахархаж байна. Тэгвэл П.Орхон өөрийн фэйсбүүк хуудаснаа “Надад баяр хүргэсэн, амжилт хүссэн бүх монголчууддаа баярлалаа. Хайрт гэр бүл хамаатан садан, найз нөхөд, тусалж дэмждэг хүмүүстээ “Алдар” спорт хорооныхоо нийт удирдлага бие бүрэлдэхүүн болон 3 сайхан багшдаа (Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, Д.Энхтөр) маш их баярлалаа. Мөн чөлөөт бөхийн холбоо болон нийт тамирчид, ҮШБ алба, шигшээ багийн 4 багш, БТСХ төв, спортын анагаах ухааны алба, сэтгэл зүйч, спортын сэтгүүлчиддээ маш их баярлалаа!! Мэдээж цаашдаа улам хичээх болно!! хэмээн бичсэн байна.
Мөн тэрбээр Оросын бөхийн цахим хуудаст ялалтын дараах сэтгэгдлээ хуваалцахдаа “Шүтээн болсон бөхтэйгээ анх дэвжээн дээр таараад ялсандаа их баяртай байна. Би Каори Ичог ялсан эхний бөх болно гэсэн зорилго өөртөө тавьсан юм. Тиймээс дэвжээнд гарахдаа ялалтдаа итгэлтэй байсан. Дасгалжуулагчийнхаа хамтаар түүний эсрэг хэрхэн барилдахыг нарийвчлан тооцож, бэлтгэл хийсэн байсан. Тэр маань 100 хувь биеллээ. Мөн энэ тэмцээнд түрүүлсэн нь надад давхар ач холбогдолтой боллоо. Учир нь Монголын шилдэг бөхчүүд энд ирж барилдаж байхад би тэднээсээ илүү амжилт гаргалаа” хэмээн ярьжээ.
М.Мөнхжин



Сэтгэгдэл (9)