Гурван “өндөрлөг”-т хэлэх үг байна
2016/01/28

АНУ-ын иргэн Ч.Ганбат гэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдад хандан ил захидал илгээсэн нь хэвлэлийн хуудаснаа гарч, анхаарал татаад байгаа. Тэгвэл үүнийг бичигч би вээр бас гурван “өндөрлөгтөө” хандан дараах мэдээллийг хүргэхээр шийдлээ.

Дэлхийн улс орнууд туурга тусгаар төр засагтай ч, эдийн засгийн хувьд улам бүр даяаршсаар байгаа өнөө цагт “Өргүй бол баян” гэх хуучны үг утгаа алдсаан. Гэхдээ бүгд нэгэн цул эдийн засаг дор зангидагдах тусам аливаа улс үндэстний тусгаар тогтнолын дархлаатай холбоотой асуудлууд гарч ирж буй. Тэгвэл манай улсын тухайд эдийн засгаа сайжруулахын тулд Засгийн газрын өрийн бичиг буюу бондыг олон улсын зах зээл дээр гаргах алхмыг удаа дараа хийсэн. Евро, Чингис, Самурай гэхчлэн бондууд гаргаж, өр тавьсан манай улс төрчид цаашлаад 850 сая ам.долларын бонд гаргаж төсвийн алдагдлаа нөхөх  талаар судалгаа хийж байгаа гэх мэдээлэл байсан. Тэгсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал давхцан яригдсан нь гадныхны манай улсад итгэх итгэлд тээг саад боллоо гэгдэж буй.

За яахав, манай улс гадаад зах зээлд ийн өр тавьж байгаа нь, эдийн засгаас гажсан юм биш л дээ. Тэртусмаа ардчилсан тогтолцоо нь нэг талаас төрийн зээл буюу бондоор мөнгө босгох суурь нөхцлийг бүрдүүлж өгдгийнх нь хувьд бид тэрийг тэгтлээ адлаад байх нь утгагүй. Гэхдээ нөгөө талаас нь харвал эргээд ардчилсан тогтолцоондоо яршиг дагуулдаг зүйл нь Засгийн газрын бонд гэдгийг, мөн ардчилсан тогтолцоот нийгэмд улсын өр ихээр хуримтлагдсан байдгийг, цаашлаад хуримтлуулсан өрийнхөө хэмжээгээр тухайн төрийн оршин тогтнох хугацаа хамаарч байдаг талаар гадны шинжээчид  хэлж ярьсан нь бий.

Тэгэхээр нийт өрийнх нь хэмжээ ДНБ-ээс хэдийнэ хальсан гэгдэж байгаа манай улсын тухайд эрх баригчид гаднаас өр тавьж, олж ирсэн мөнгөнийхөө зориулалт, зарцуулалт дээр тун зөв хандах хэрэгтэй байгаа юм. Эдийн засгийн бусад салбаруудыг өсч өндийхөд зориулсан, үйлдвэржилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, эргээд өр зээлээ төлөх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхэд нэмэртэй чиглэлд мөнгөө хуваарилахын оронд хэт урт хугацаанд үр ашиг дагуулах төсөл хөтөлбөрүүд рүү юу юугүй аваачаад хийчихээд байгаа нь, эдийн засгийн тухайд тун буруу алхмууд болсон байж болох юм.

Уншигч таны чихэнд олонтаа дуулдсан байж мэдэх Чингис бондын  тухайд   2022 он гэхэд хүүтэй нь бүгдийг нь төлсөн байх учиртай. 2018 он гэхэд үндсэн төлбөрөөс 500 сая ам.доллар төлсөн байх ёстой. Тэрнээс өмнө жил бүр 72 сая ам.долларын хүү төлж байгаа гээд бодохоор өр тийш ч мөнгө урсаж байгаа нь тодорхой. Тиймээс бондын мөнгөний бодит зарцуулалт юу байв гэдэг асуудал хэн хүний анхаарлыг татаад байдаг.

Хэрэв тэгээд манай улс өр ширээ дарж чадахгүйд хүрвэл өрөөс мултрахын тулд авч хэрэгжүүлдэг үндсэн аргуудаас суралцах хэрэгтэй болох биз. Тэдгээр нь юу гэхээр

инфляцийг өсгөх. Үнэ өссөнөөр өмнө нь тавьсан өрийн хэмжээ нь түүнтэй харьцангуйгаар багасч таардаг аж. За өөр нэг арга бол  дампуурлаа зарлах арга юм. Та бидний мэдэж буйгаар арван оноос өрийн хямралд гүн бат нэрвэгдсэн Грек улс дампуурлаа зарлаж, хүнд байдлаас жаахан өндийж  байгаа.

Тэгвэл өр ширийнхээ хэмжээгээр олон улсад толгой цохиж буй манай улсыг ямар нөхцөл байдал хүлээж байна вэ гэдэг асуулт анхаарал татаж буй. Тэрчлэн бондын мөнгөө хэрхэн яаж зарцуулж  дуусгаад байгаа нь чухал. Гэтэл Чингис бонд болон бусад зээлийн мөнгийг БНХАУ-ын болон гадаадын, бүртгэлгүй байж мэдэх аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгүүлэхээр өгсөн гэх мэдээллийг  Г.Өнөрбаяр, Д.Хосбаяр нар хэвлэлийнхэнд өгөөд байна. Иргэн Г.Өнөрбаяр  "Бусад улс орнууд зээлийн мөнгөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгөх бодлого баримталдаг. Ингэснээр үндэсний аж ахуйн нэгжүүд томорч, ажлын байр бий болж, татварын зөв тогтолцоо бүрдүүлдэг. Гэтэл Монголчууд зээлсэн мөнгөнийхээ нилээдийг БНХАУ-ын болон Туркийн компаниудад өгч байна. Бас манай улсад бүртгэлгүй байж болох аж ахуйн нэгжүүдэд ч өгсөн байх магадлалтай байна. Эдгээрийг холбогдох байгууллага шалгаж нягтлах байх. Хамгийн гол нь БНХАУ-ын компаниудаар зам бариулахдаа тендер зарласан эсэх нь эргэлзээтэй. Энэ чиглэлийн мэдээлэл олдохгүй хаагдмал байгаа. УИХ-аас гарсан Чингис, Самурай бондын болон Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банк сонгон шалгаруулалтгүй шууд гэрээ хийдэг гэсэн дүгнэлт орсон. Мөн Хятадын компаниудыг шууд сонгон шалгаруулсан байх магадлалтай гэж хардаж байна" гэхчлэн ярьсан юм. Мөн тэдний хэлж ярьснаар бол Чингис бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрээс 500 орчим тэрбум төгрөг буюу "Самурай" бондын мөнгөн дүнтэй дүйх хэмжээний мөнгийг  Хятадын компаниудаар ажил гүйцэтгүүлж өгсөн гэж хардаад байгаа аж. Хятадын компаниудыг тийн дэмждэг төр засаг үндэсний компаниуддаа хойт эцэг эх шиг хандсан гэх зүйлийг тэд хэлж ярьж байна.

Тэдний үзэж байгаагаар манай улсын холбогдох байгууллагууд  БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд болон бусад аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгэхдээ тендергүйгээр шууд сонгон шалгаруулалт хийсний цаана  улсын  аюулгүй байдалд, үндэсний эрх ашигт харшилсан бодлого дагаж явсан байж болзошгүй гэх зүйлийг тэд хэлж байгаа юм. Улсын харъяалал,  үүсгэн байгуулагч нь тодорхойгүй “Шинжиан констракшн инженеринг ХХК”, “Шинжиан бэйшин ХХК”, “Эйч Кей Би Интернэшнл Холдинг ХХК” гэхчлэн компаниудаас гадна Чингис бонд болон бусад эх үүсвэрээр гүйцэтгэсэн зарим ажлуудын ард байсан гадны хэд хэдэн компаниудын нэрсийг хэлж байна.  Тэрчлэн холбогдох хууль хяналтын байгууллагууд бондын мөнгөтэй холбоотой хаалттай асуудлуудыг сайтар нягтлах ёстой гэсэн өнцөг харагдаж буй тул төрийн гурван өндөрлөг уг асуудалд анхаарал хандуулах нь зохистой биз ээ.

Эх сурвалж: www.grandnews.mn 

Э.Болор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин