ПОПУЛИЗМ-аас хол ХҮН-үү?
2016/01/27

Эмзэглэмээр, халагламаар асуудлууд нийгэмд олон байх тусам популистуудын өсч үржих орчин нөхцөл улам бүр ая таатай болдог юм байна л даа. Яагаад гэвэл тэд бүгдээрээ л “Та нарын өмнө тулгамдсан асуудлуудыг  амархан шийдээд өгнө” гэж өөрсдийгөө тунхагладаг. Үнэн хэрэгтээ  тэдний  уран сайхан үгс логикгүй, жинхэнэ арга замыг олж харсан онч хараагүй харалган байдаг аж. Харамсалтай нь иргэдийн хувьд тулгамдсан асуудлуудыг нь шийдээд өгнө гэсэн амлалтад итгэн хууртаад, хэрхэн яаж, ямар гарцаар шийдэх гээд байна вэ гэдэгт нь нухацтай анхаарал хандуулдаггүй. Итгэдэг, хүлээдэг, итгэл алдардаг, өөр хэн нэгний үнэн амлалтыг хүлээдэг... Ийм маягийн хүлээлт Монголын нийгэмд хорь гаруй жил үргэлжиллээ.

Тэгвэл өнөөдрийн нийгэм юуг  шаардаж байна вэ. Худалчуудаас арай хамжааргатай байхыг хүлээж байна. Өнөөдрийн Монголын улс төр дэх популистуудын нэгдэл маягийн бүтцэд тэсрэлт хэрэгтэй байгааг нөхцөл байдал гэрчилж буй. Асуудлыг хөнгөхөөн гал унтраах маягаар шийдсэн болж, улам ужигруулан хүндрүүлж байгаа нь тэдэнд ашигтай. Гэхдээ нэг үнэн байгаа нь,  тэд  олон арван жил ашиг хүртээд байх нь юу л бол. Олон нийт зовлон зүдгүүртээ шунан дурлах хэмжээнд дасал болчихгүй л бол сэрж сэхээрэх цаг наашилж л таарна. Ардчилсан тогтолцоогоор замнаад 26 жилийн нүүрийг үзсэн энэ цагийн Монголчуудын дийлэнх олонхын хувьд популистуудаас ангижрах юмсан гэсэн хүсэл тодорхой хэмжээнд төлөвшлийг  олох маягтай болоод ирж байгаа харагдана.

Тиймээс л улс төрд шинээр хөл тавиад байгаа Хөдөлмөрийн Үндэсний Нам буюу ХҮН-ын тухайд тийм нэг суурь хүлээлттэй, улс төрийн бохирдолт багатай шинэ хүчнийг балиашиглах янзтай, харьцангуй урь орсон он цагт байр сууриа тодоор илэрхийлсэн  гэж болно. Гэхдээ ХҮН-ын ард сүүлийн хорь гаруй жил ээлжлэн бас хамтран засгийн эрхийг барьсан МАН, АН-ын нөлөө бүхий хүмүүс, за мөн эх учиг нь арай өөр нэр бүхий улс төрчид байгаа гэх шуум ч дагаж ирснийг хэлэх хэрэгтэй. Харин С.Ганбаатарт намын даргын суудлаа өөрийн хүсэлтээр өгсөн экс дарга С.Боргил хэлэхдээ ХҮН улс төрийн өөр бусад нам хүчин болоод бизнесийн бүлэглэлээс хараат бус гэж байсан. Тэрбээр “ХҮН нам бол бизнесийнхний гарт ороогүй, орох ч үгүй Бид гишүүдийнхээ татвар, хандиваар санхүүжинэ.  Хамгийн гол нь энэ бүхэн маань ил тод байх болно...” гээд   “-Танай намын “ард”  улс төрд сууж буй гишүүд байна гэх хардлага хэвлэлээр гарч байсан. Тухайлбал С.Ганбаатар, Баттулга гээд гишүүдийг нэрлээд байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?”  гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа  “-Энэ бол бодитой мэдээлэл биш. Манайд зарим улс төрчид хандаж, үйл ажиллагааг чинь дэмжиж явдгаа илэрхийлж байсан. Бидний ард хэн байгаа вэ гэхээр бид өөрсдөө л байгаа. Биднийг хаанаас ч юм бэ, хэн нэг нь удирдаад санхүүжүүлээд тодорхой хэмжээнд зүг чигийг нь зааж өгөөд байгаа зүйл огт байхгүй. Үүнийг би онцолж хэлмээр байна.” хэмээж байлаа. С.Боргилыг ийн ярьж байх үест хэвлэлийн хуудаснаа гарч байсан мэдээллүүдээс ишлэн харахад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮН-ын  даргаар ажиллах гэж байгаа, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-ын хүн гэх тодотголтойгоор нэр дэвших гэж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм.

Сонирхолтой нь, тэр үнэн мэдээлэл байсан гэдэг нь хэдхэн өдрийн өмнө бүрэн баталгаажсан билээ. Тэгэхээр үүнийг тодотгон өгүүлэхийн учир нь, С.Ганбаатарыг чичлэх гээд байгаадаа бус, Монголын улс төр дэх эрүүл шинэ хүчин байж чадах уу гэдэг асуултад тодорхой тоймтой хариултыг өгч чадахгүй байгаа ХҮН-ын талаарх зураглал тийш л анхаарал хандуулж байгаа явдал юм аа. Үгүй яахав, С.Ганбаатар нэгэнтээ  “Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуус, сэхээтнүүд намайг нам удирдаач, хамтарч ажиллая” гэж санал тавьж байгаа хэмээн хэлж ярьсан нь бий. Тэгэхээр саарал ордны гадаах иргэний хөдөлгөөний тэмцлээр улстөрийн карьераа эхлүүлсэн С.Ганбаатарын тухайд ирээдүйд элсэн орох намынхаа тухай урьтан үгс унагаж байсны учир нь нүхээ малтсан хэрэг байж болох. Нөгөө талаас  С.Ганбаатарыг бодвол нам гэдэг  хоргодох байртай бусад томчууд улс төрийн тоглоомондоо түүнийг ашиглаж, хүүхэлдэй болгох гэсэн санаархлаа ХҮН-ын  гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуучуудаар дамжуулан ажил хэрэг болгосон ч байж болох.

Уг нь Монголчуудад одоо юу хамгийн хэрэггүй байна вэ гэхээр, сонгуульд зориулан улс төр хийгчид л хэрэггүй байгаа юм. Тэдгээр амьтад нь  ардчилсан тогтолцооны жинхэнэ сул тал гэгдэхээс өөр яахав. Тэднээс болж ардчилал гэдэг чинь эцэс сүүлдээ хамгийн хог шаарын тогтолцоо болон хувирч байна шүү дээ. Харамсалтай байна. Г.Уянга гишүүн “Иргэд л сайхан амьдарч байвал тэр тогтолцоо нь ардчилсан байна уу, социалист байна уу, ер нь ямар хамаатай юм бэ? гэсэн агуулгатай үгийг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хэлнэ лээ.  Л.Мөнхбаясгалан, Г.Уянга хоёрын бодож байгаагаар бол иргэд тэр ардчилалын төлөө хуруугаа ч хөдөлгөх шаардлагагүй юм гэнэ лээ. Хүссэн хүсээгүй нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо тарааж байдаг субьектүүд ийн хэлж ярьж байгаа нь харамсалтай санагдсан. Гэхдээ нөгөө талаас нь ойлгох гэж бас хичээж байгаа юм.

Улс төр популистуудын л талбар болчихсон учраас өрөөлд байтугай, өөрийнхөө итгэл үнэмшилд эргэлзмээр тийм нөхцөл байдал давамгайлж байна. Тэрнээс биш эцэг хуульдаа хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоох тухайгаа тунхаглачихсан Монголчууд оюуны бядаа уралдуулан байж, зорьсондоо хүрэх учиртай. Өөрөөс нь өөр бусад нь л тэрхүү ардчиллын эрүүл мэндэд санаа тавих ёстой гэж хүнийрхээд байх юм бол бид чухам хаа хүрэх вэ? Эсвэл эрх мэдлийг илүү удаанаар атгах гэсэн сувдаг санаатнуудын хүслийг гүйцэлдүүлэгч утсан хүүхэлдэйнүүд болсоор байвал биднийг чухам юу хүлээж байгаа бол?

“Тос дотроосоо өтдөг” гэдэгчлэн АН, МАН-ын аль алинд нь дотоодын шинэчлэл хэрэгтэй байгаа. МАН өвдөг шороодсоноосоо хойш хэдэнтээ даль жигүүр дэлгэж, шинэчлэлийн тухай салхи татуулан ярьж, олонтаа хурал хуй хийсэн. Гэхдээ уучлаарай, тэднийг төрөл арилжсан гэж худлаа яриад яахав. АН-ын толгойд ч бас эргэлзмээр нөхдүүд олон доо. Тэд уг нь “бид олуулаа явж очоод умалзуулаад өгье” гэсэн. Юуг нь умалзуулж байгааг бүгд олноороо харж байгаа тул нуршаад бас яахав. За тэгээд улстөрөөс арилж баларшгүй гэдэг нь тодорхой болсон Н.Энхбаярын МАХН өнгөн дээрээ эрүүлжүүлж байгаа юм шиг хэрнээ, уг чанартаа бол улстөрийг яаж тохиролцооны лангуу болгож чадахаа бүрэн баталгаажуулсан.

Тиймийн учир л Монголын улстөрд шинээр ирсэн ХҮН үнэхээр популистуудаас хол уу? гэдэг нь анхаарал татаад байгаа юм.

Эх сурвалж: www.grandnews.mn

Э.Болор

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Buur oi gutchihlaa.showchin Ganbaatar darga ni bolsiin bol ene nam yavahgui dee.surhii zaluus baiguuljee odoo l neg gaigui nam garch irlee getel nuguu l soliot Ganbaatar baih shiv dee
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • oadf
    HARVAS HUDALCH TSARAITAI!
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин
    ХҮН гэдэг нам Ганбаатар гэх боловсролгүй этгээдээр удирдуулна гэхээр ой гутах юм. Юу боддог хүмүүс байна аа??
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • зочин
    Хятадын зохор зоосыг мэлхийний аманд зуулгаад энийг худалдаж авсан хүн баян болно гэж хуурч байсан хүн шүү Одоо монголын ард түмэнийг дахин хуурч байна даа Ганбаатар
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
Сонин хачин