Наадмын ногоон асраар дүүрэн “Говь”-ийн ганган дээлтнүүд хөлхөлддөг болсон цаг дор бид амьдарч буй. Энэ жил харин “Говь” дээр нэмээд “Хайрын хурим” хүч түрэн орж ирлээ. Хээнцэр, дэгжнээрээ алдартай өнөөх Э.Туул найз Ууганаатайгаа хамтарч үндэслэн байгуулж, үүдийг нь сөхсөн загварын ордон л доо. Хоёр бүсгүй хэдэн жилийн өмнө мөн л хамтын бүтээлээрээ “Гоёл” наадамд оролцож, тусгай байрын шагнал хүртэж байсэн тэр цагаас хойш “Хайрын хурим” салоны түүх эхэлжээ.

Жил бүрийн “Алтан сарнай”, наадам тэргүүтнээр Э.Туул өмсөж дүүснээрээ илүүрхэж, аархаж ирсний ард энэ салон байсан гэсэн үг. Харин энэ жил Э.Туул, Б.Ууганцэцэг хоёр хээнцэр гоёлоосоо олонтойгоо хуваалцахаар шийдсэн.

Наадмын өмнө загварын нээлттэй долоо хоног зарлаж, монгол хатдын зураг принт бүхий коллекцио дэлгэсэн “Хайрын хурим”-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сайхан гэргий О.Байгалиас авахуулаад Ц.Авиддарь хүртэл, мэдээж Э.Туул өөрөө наадмын гоёлоо зэхүүлсэнийг фотогийн хамт хүргэж байна. Зөвхөн наадмын гоёлоос гадна хуримын болон гоёлын даашинзуудаараа Хайрын хурим салон олны танил охид бүсгүйчүүдийг хуйлруулдаг бөгөөд харин энэ удаад наадмаар Хайрын хурим салоны загваруудаас сонгосон бүсгүйчүүдийг сонголоо. Үргэлжлэл бий...

Нүүр царай минь болооч!
“Ingrid” рестораны Солонго хэмээх энэ бүсгүй хотын гангачуудын нэг. Гоёмсог торгон дээлээ цэнхэр торгон цув маягийн өмсгөлөөр тодотгож цэнхэр туфльтэй хослуулсан нь олны харцыг булааж байв. Наадмын талбайн чимэг болсон бүсгүйг рекламанд тоглуулах санал ирсэн ч байж мэдэхээр байна шүү. Гол нь хувцсаа хэрхэн амилуулж өмсөхөө энэ бүсгүй тун сайн мэддэг нь харагдсан.

Хэзээ язааны модель
“Наран трейд”-ийн Д.Удвал хатагтай үс засалтаа өөрчилдөггүй ч хувцаслалтандаа байнга хувьсал хийж байдаг хатагтай. Алдаагүй, цэмцгэр хувцасладаг Д.Удвалын европжуу төрхөнд энэ дээл наалдацтай гэж. Яагаад ч юм энэ гэр бүлийг дээлтэйгээр төсөөлөхийн аргагүй. Өнгөний мэдрэмжээ гайхуулан тэр олон гоёмсог торгон дээл дундаас зөвхөн түүнд л зохихыг сонгож чадсан байна шүү.

Шинэ захирлын нүнжиг
“Найрамдал” төвийн шинэхэн захирал Д.Оюунцэцэг цагаан торгон дээлээр гоёжээ. Өнгөлөг бор арьстай хүн бараан юм өмссөнөөс цасан цагааныг сонгох нь хэр эрсдэл дагуулах бол? Ямартай ч зэгзгэр туранхай бүсгүйд энэ дээл гэрэл нэмээд л явчихлаа. Захирал болсон хүн хэдий нүүрээ будахгүй байж болох ч хувцаслалтаараа нүнжиг илтгэхээ мартах учиргүйг Оюунаа захирал харуулав.

Талын цэцэг
Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтайн гэргий Ц.Авиддарь “Хайрын хурим”-ын бүтээлийг амилуулав. Турьхан гоолиг бүсгүйн биед дээл нь суусан гэж жигтэйхэн. Хэзээд хаана ч хэрхэн загварлаг хувцаслахаа мэддэг түүний сонголт энэ удаад байгаа яг онолоо. Энэ жил хувцас, тэр дундаа торгон дээлний шалгаруулалт явуулсан бол Ц.Авиддарь тэргүүлэхээр байлаа шүү.

Язгууртан стилиэ яасан ч алдахгүй!
“Хайрын хурим” салоноороо хотын гангачуулыг наадмын гоёлтой болгосон Э.Туул хатагтай энэ жилийн гоёлоо ингэж тодорхойлжээ. Гарынхаа бугуй хэсэг дээр хатны дүрс оруулж өгсөн нь содон бөгөөд чамин. Гял цал байдлыг хэзээ ч орхидоггүй түүний хувцас ярих юмгүй содон нь байв.
Бие давхар хүн хэрхэн өө сэвгүй өнгөлөг харагдаж болох талаар түүнээс суралцахад гэмгүй. Харчуудаар баян айлын хөвгүүд хэзээ язааны наадамд оролцож дуран хараанд өртөж сурсан аятай буурьтай төрх гаргана. О.Содбилэг хөвгүүдтэйгээ ижилсэн эхнэрийнхээ онцгойрох хүслийг тодотгов. Язгууртан стиль ямар байдгийг эдний гэр бүлээс харж болно. Ядаж байхад хөвгүүдийнх нь ив ижилхэн дээл, өмд гуталтайгаа яахаараа ийм рояал харагддаг байнаа.

Ногоон хатагтайн ягаарав
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг эко хатагтай нэрэндээ тохируулах мэт ногоон хувцас түлхүү өмсдөг. Харин энэ удаад ягаан торгон дээлээр гангарсан нь нэг л наалдахгүй байна шүү. Нас насны гоо үзэсгэлэнг илэрхийлэх үйлст хувь нэмэр оруулж хэв маягаа гайхуулдаг тэрбээр магадгүй ногоон өнгөнөөс залхсан ч байж болох юм. Тэгээд ч хүүхэн болгоны хүслэн янагийн ягаан өнгө байдаг хойно, нэг удаа ч болов охинлог болъё гэж бодсон юм байлгүй дээ.

Пүүжээ ичээнээс гарав!
Гурван хүүхдийн ээж болж хөшигний ард амьдрах болсон топ Д.Пүрэвсүрэн энэхүү өвөрмөц уран нарийн хийцтэй дээлийг олонд хүргэх нүүр царай болсон юм. Цэвэр торгон утсаар нэхсэн Хятад торгон дээл түүний биед гайхалтай зохицжээ. Үндэсний хувцастай олны өмнө гарч байгаагүй Пүүжээг өөр дүр төрхтэй харах сонихон байлаа. Пүүжээ, загварлаг дээл хоёр хоёул шинэ юм.

Эх сурвалж: "Гранд сэтгүүл"
Сэтгэгдэл (13)