Хүний амьдралд баяр баясал, жаргал зовлон, уйтгар гуниг, омогшил бахдал гээд олон зүйл тохиолдоно. Тэр бүхэнтэй хамт байдаг зүйл бол хүний сэтгэлээс гарсан хөг эгшиг, аяз аялгуу, хөгжим юм.
Тэгвэл монголын хөгжмийн урлагт Нацагийн Жанцанноров гэх хүн өөрийн түүхийг тодоос тод бичиж явна. “Мандухай сэцэн кино”, “Мөнхтэнгэрийн хүчин дор” зэрэг түүхэн кинонуудад түүний бүтээсэн аяз, аялгуу эгшиглэнэ. Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт энэ эрхэм хүний намтар, хувийн амьдралийн талаар уншигч та бүхэндээ сонирхуулъя.
Удам судар, гарал угсаа
Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровыг их хувилгааны хойд дүр гэж учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Түүний удам судар, урьд насны тухай нутгийн ардууд ийн ярина.
Халхын алдарт Цогт хунтайжийн хүү Заан тайж гэж байжээ. Заан тайжийн хүү Сутай нь Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны анхны засаг ноён юмсанж. Сутайн үр удам Илдэн бэйлийн хошууны засаг ноёны суудлыг үе улиран эзэгнэж ирсэн байх бөгөөд жишээ нь арван тав дахь засаг ноён Эрэнжунай, арван зургаа дахь засаг ноён Дондовжанцан, арван долоо дахь засаг ноён Норовжанцан гэж удамласаар 20-р зуунтай золгосон байна. 19-р зууны сүүл үед Илдэн бэйлийн хошууг захирч асан Дондовжанцан ноён нутаг орондоо гоё сайхнаараа, бас судар номын авшиг хүртсэн эрдэм ухаанаараа алдаршсан Цэрэндолгор хэмээх бүсгүйг хатнаа болгожээ. Энэ бүсгүйг Илдэн бэйлийн хошууныхан “Гоё ажаа” гэж хүндлэн биширдэг байж. Нэг удаа Дондовжанцан ноён Цэрэндолгор хатантайгаа хамт Амарбаясгалантын хийдэд мөргөхөөр явжээ. Энэ үед ноёнтон зориуд “Хар бух”-ын голыг зорьж эртний өвөг Цогт хун тайжийнхаа Хар балгасанд очиж мөргөсөн байна. Тэгтэл “Гоё ажаа”-гийн унаж явсан морь гэв гэнэт бусгаж хатан Цэрэндолгор мориноос унажээ. Үүнд Дондовжанцан ноёныг дагалдаж явсан хувилгаан ламтан ихэд билэгшээж, мэргэ төлөг гүйлгэж үзсэнээ “Хатан ахайтан Цогтын Хар балгасны дэргэд газардсан нь эцэг дээдсийн сүнс хатныг саатуулсан “хорог” байлаа. Та бодисадва юм байна. Одоо “Гоё ажаа”-гаас нэгэн хүү төрнө. Тэр хүү энгүй их номтой хувилгаан лам болно. Даанч тэр хувилгаан цагийн цөвүүнд урт наслахгүй юм байна. Гэсэн ч би ноёнтоныг дагалдаж яваа Хүрэл гэдэг энэ залуугийн удамд хувилгааныг дахин төрүүлнэ. Дахин төрсөн тэр хүү олон түмнээ ямагт баясгаж, сэтгэлийн цэнгэл үзүүлж байдаг тэнгэрийн сурвалжит их хүн болно” гэж айлджээ.
Энэ явдлаас хойш жилийн дараа “Гоё ажаа”-гаас нэгэн хүү төрсөн бөгөөд тэр нь хожмын Илдэн бэйлийн хүрээний хувилгаан ламтан Сономцэрэн байлаа. Тэрбээр ямар ч хүний өвчин зовлонг шууд хэлдэг, түүнийг нь илааршуулж чаддаг, эрдэм номонд гаргууд сайн, дуу хууранд дуртай нэгэн байж. Харамсалтай нь Дондовжанцан ноёныг дагалдаж явсан мөнөөх хувилгаан ламын айлдсанаар Сономцэрэн ламтан урт наслаагүй бөгөөд гучаад оны их хэлмэгдүүлэлтийн үед хилс хэргээр цаазлагдсан байна. Тэр цагаас эхлээд Илдэн бэйлийн хошууны хөгшчүүд хэдийгээр цаг төр хатуу байсан ч Сономцэрэн хувилгааны хойд дүрийг тодруулахаар “Ямар айлд гэрэл гэгээ цацруулсан хүүхэд төрөх бол” хэмээн битүүхэн тандаж, ялангуяа нэгэн цагт Дондовжанцан ноёныг дагалдаж явсан мөнөөх Хүрэл хэмээх залуугийн үр удмыг ихэд сонирхох болсон байна. Төдөлгүй Хүрэлийн удмын Цэрмаа хэмээх бүсгүйгээс гэрэл гэгээ цацруулсан нэгэн хүү мэндэлсэн бөгөөд Бэйлийн хүрээний хөгшчүүд энэ хүүг Сономцэрэн хувилгааны сүнс хэмээн далдуур шүтэж, улмаар Илдэн бэйлийн хошууны арван долоо дахь засаг ноён Норовжанцангийн нэрийг билэгдэн Жанцанноров гэж нэрлэжээ. Тэрхүү Жанцанноров нь өнөө цагийн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров бөлгөө гэж сэтгүүлч, зохиолч Б.Ойдов өөрийн номондоо иш татсан байдаг. Мөн тэрбээр Н.Жанцанноровын талаар бичихдээ “Миний төрсөн Хужирт нутгийн уугуул “Үхэрчин” Санжаазав, “Хар” Очир тэргүүтэй хөгшчүүл тээр жил эрт урьдын явдлыг хүүрнэж суухдаа “Өнөө цагийн алдарт хөвгүүн Жанцанноровын ээж Цэрмаа үнэхээр сайхан хүүхэн байсан юм. Сономцэрэн хувилгаан түүнд сэтгэл алдарч явсан ч энэ хоёрт учран золголдох хувь тохиогоогүй. Тиймээс хувилгаан Сономцэрэн Цэрмаа бүсгүйн хэвлийд дахин төрсөн юм” хэмээн дурссан байдаг.
Хүүхэд насны дурсамж
Н.Жанцанноров 1947 онд одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Цагаан хөтлийн “Хондлой” хэмээх газарт малчин Нацагийн 13 хүүхдийн дундах нь болж, төржээ. Бага насандаа бусдын л адил, ишиг хурга хөөцөлдөж, унага татаж өсөв. Монголчуудыг өөрийн авъяас билгээрээ гайхуулж яваа эрхэм уран бүтээлч маань 1957 онд сумынхаа бага сургуульд дөрвөн жил суралцаад, Хужиртын 10-н жил рүү шилжиж тэндээ бүрэн дунд сургуулиа дүүргэжээ. Тэр бусад сумын сургуулийн хөвгүүдтэй адил сурагчын дотуур байранд амьдарч, завсарлагаанаар тэвэг хөшиглөн, гэрээс ирсэн боорцогоо булаацалдан хувааж идэж явснаа дурсах дуртай. Гэхдээ хичээлдээ муугүй, толгой сайтай сурагч байсан. Түүнийг аравдугаар ангид ордог жил аав н.Нацаг “Миний хүү л эрдэм номын мөр хөөхөө бод. Бид хэд яахав, хэдэн дүү нар чинь, малын захыг ойртуулаад байна” хэмээн зулай дээр нь үнэрлэж байснаа Жа эрхэм хожмоо шүүрс алдан дурссан байдаг. Гэвч монголын урлагийн нэгэн томоохон төлөөлөгчийг төрүүлсэн малчин аав хүүгээ алдаршихыг үзээгүй.
Аав нь бурхан болсон жил Онгийн гол үерлээд, Н.Жанцанноров голын эрэг дээр алсаас нутгийнхаа барааг харан, аавдаа сэтгэл зовинон санагалзан хоёр хоножээ. Энэ гунигт өдрүүдийг эргэн дурсахдаа “Би нутгаа хоёр өдөр алсаас нутгаа саравчлан харж зогсохдоо “Энэ хорвоод одоо аав байхгүй, ээж байгаа гэсэн бодол орж ирсэн. Ингээд л “Төрсөн нутгийн бараа” дуугаа анх бичсэн” хэмээн гунигтайгаар өгүүлсэн байдаг.
Энэ дуу нь хожмоо түүнийг Монголын хөгжмийн урлагийн нэг “том багана” болоход анхны шат нь болсон.
Хайр дурлал, гэр бүл
Н.Жанцанноров залуудаа өндөр нуруутай, өргөн магнайтай, цэвэрхэн бор царайтай, цэх алхаатай, цэвэр цэмцгэр залуу байв. Тэр 20 настайдаа Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд элсэн оров. Анхны хань Маамтайгаа тэнд танилцав. Өндөр нуруу, урт гэзэг, цайвар царай, өтгөн хөмсөгтэй охинд анхны хайраа зориулсан гэдэг. Тэд гурван жилийг хамт үдсэн боловч, үр хүүхэд заяасангүй. н.Маам “Манай Жа үнэхээр ховор авьяастай сайхан хүн” хэмээн хүндэтгэж нэрийг нь хүртэл бүтнээр нь хэлэхийг цээрлэсэн энгийн нэгэн багш бүсгүй бий. Түүнээс хойш Жа ноёнтонг дараа дараагийн гэргий нар нь нэрийг нь бүтэн дуудаж зүрхлээгүй. Жа л гэж дууддаг гэсэн.
1974 оны намар Н.Жанцанноров Украйн улсын Киев хотын хөгжмийн дээд сургуульд суралцахаар болов. Энэ үед өдрөөс өдөрт тэдний хайр дурлалын гал бөхөж байв. Иймд хамтын амьдралдаа цэг тавих шийдвэрийг хамтдаа гаргасан гэдэг. Хожим сонсох нээ, Маам багш цэргийн хүнтэй ханилж, хоёр хүүхэд төрүүлсэн юм билээ.
Түүний дараахан Жа хөгжмийн зохиолч маань хоёр дахь эхнэр Г.Нямаатайгаа учрав. Яг л анхныхаа хайр шиг урт үстэй, тормогор нүдтэй охинд дурлан, хөл газар хүрэхгүй сэтгэл догдлон явсан өдрүүд түүнд бий. Энэ хугацаанд түүний уран бүтээлийн ажил өрнөсөөр л байв.

Тэднээс Ж.Уугантуяа, Ж.Дамдинцэрэн охин хүү хоёр төржээ. Ууган охин өдгөө Моринхуурын чуулгад менежерийн албыг хашиж байгаа бол, хүү Ж.Дамдинцэрэн “Жанцанноров сан”-г тэргүүлж, нийгмийн олон салбарт гараа сунгаж байна.
Харин “отгон” гэргий Ё.Отгонтуяаг Жа хөгжмийн зохиолчийн “хэнз хайр” гэхэд болно. Тэдний насны зөрүү 18. Гэвч алдарт хөгжмийн зохиолч залуухан гэргийдээ зориулан олон хөгжим, дууны аялгуу зохиосон байдаг. Нийтийн дууны жагсаалтыг байнга тэргүүлдэг “Хайрлан дуулмаар байна” дууг Н.Жанцанноров гуай энэ гэргийдээ зориулж бичсэн. Уран бүтээлч хүний сэтгэлийг хөглөж, үеийн үед хит болох дууг төрүүлж чадаж байгаа тэр гэргий заяаг үнэхээр өндөр заяа, гэгээн хайр гэхээс өөр аргагүй.
Жа ноёнтонд хэнз охины зулай үнэрлүүлсэн энэ бүсгүйтэй 1991 онд анх ҮДБЭЧ-д хөгжимчнөөр ажиллаж байхад танилцсан гэдэг. Хатагтай Ё.Отгонтуяа өдгөө ХБК-д багшлахын зэрэгцээ гадаад иргэдэд тусгайлан хөгжим заадаг энэ бүсгүй хөөрхөн бизнес эрхэлдэг гэж сонсогдсон. Тэднээс бага охин Ж.Ариунжаргал төрсөн бөгөөд Жа зохиолчийн “амины ганц” нь юм гэнэ лээ. Тэр СУИС-ыг хөгжим судлаач мэргэжлээр өнгөрсөн хавар төгссөн бөгөөд, UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” уралдаанд эхний 15-д шалгаран амжилт үзүүлсэн юм. Гэвч эрхэм хөгжмийн зохиолч маань хайртай “хэнз” охиныхоо дуулах сонголтыг таашаадаггүй гэсэн.
Төрд “төмөр нүүртэй”
Үеийн залуус дундаа л өндөр боловсролтой Н.Жанцанноров, яруу найрагч Д.Цоодолтой хамтран “Урангоо” дууг зохиолоо. Анх хөгжмийн зохиолч маань энэ дууг өөрийн шавь, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригоор анх дуулуулжээ.
Гэтэл түүний дуулж байхыг тухайн үеийн богино дууны “од” МУГЖ Д.Банзрагч агсан сонсоод, Н.Жанцанноров дээр ирж “Энэ дууг чинь би дуулъя. Надад өгөөч” гэж хэлсэн гэдэг. Энэ үгийг сонссон Н.Жанцанноров хагарталаа баярлаж, дуугаа өгч явуулав. Түүнээс хойш сураг тасрав.
Харин дараа оных нь Майн баяраар нэг л танил аялгуутай дуу цагаан хоолойгоор эгшиглэсэн байна. Н.Жанцанноров чихэндээ итгэж ядан, “энэ чинь миний дуу байна” гэж тэрүүгээр нэг хаширмаар санагдаж, анх удаа өөрөөрөө бахархасан гэдэг. Энэ тухайгаа одоо ч, дурсахдаа түүний нүдэнд гал цог баяр баяслаар дүүрэн болдог юм. “Урангоо” дуу 1970-аад оны дундуур жинхэнэ “хит” дуу болсон юм.
Энэ үйл явдлын дараа 1983 онд БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал Н.Жанцанноровыг дуудаж уулзав. Бал дарга түүнийг Соёлын яамны орлогч сайдаар томилов. Түүний дараа Соёлын яамны нэгдүгээр орлогч сайдаар дэвшүүлэн томилсон гэдэг. Ингэж явсаар 1990 онтой золгов. Н.Жанцанноров ч урлагаас гадна улс төрийн мэдлэгтэй нэгэн болж төлөвшжээ.
1992 онд Өвөрхангайнхан түүнд итгэлээ өгч, 1992 онд гишүүнээрээ сонгосон юм. Харин Өвөрхангайчуудын итгэлийг өвөртөлсөн Н.Жанцанноров сайн дураараа УИХ-ын гишүүнээс татгалзсан анхны жишигийг бий болгов. Шалтгаанаа “Миний хийх ажил биш байна. Нутгийнхан минь намайг уучлаарай” гэж хэлсэн юм. Гэвч үе үеийн соёлын яаманд зөвлөсөөр... Түүний үгийг Монголын төр заавал түүний үгийг сонсдог “хууль”-тай.
Үхэлтэй нүүр тулав
Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров хөгжим бичихээсээ гадна мөргөж сүсэглэхэд их цаг зарцуулдаг. Учир тэр үхэл гэгчтэй хоёр ч удаа нүүр тулж, хүнд үеийг даван гарсан юм. Тэрээр энэ үеийг “Үхэл үүдэнд отож байна гэдэгийг мэдрэх шиг гайхамшиг байхгүй. Үхэл яг дэргэд байгааг ойлгох. Үхэл миний хажууд байгааг надад мэдрүүлсэн нь гайхамшигтай” хэмээн дурссан. Дашрамд дуулгахад, 13 хүүхэдтэй Нацагийн хүүхдүүдээс Н.Жанцанноров өдгөө ганц ахтайгаа л хоёулханаа амьд сэрүүн, үлджээ.
Хөгжмийн уран бүтээлчид ихэнхдээ дуу цөөтэй дотогшоо хүмүүс байдаг бол Н.Жанцанноров эсрэгээрээ. Яг л уран илтгэгч шиг. Хаана ч, хэнтэй ч, ямар ч сэдвээр логиктой сайхан ярьдаг. Ийм хүн тун ховор. Уран илтгэгчид ч түүний яриаг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэр бусдад нээлттэй учраас олон рекламанд янз бүрийн байдлаар дүрээ мөнхөлсөн. Олны танил хүмүүсийн туулах ёстой замаас тэр гажсангүй.
Уран бүтээл ба омогшил
“Малчин” Нацагийн дунд хүү Жанцанноров Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч өнгөрсөн хугацаанд симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300, "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" гэх мэт киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим, "Монголын хөгжмийн 12 хөрөг", "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD-тэй, "Хүний заяа I, II, III" концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг монголд анх удаа тавьж, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны ая зохиожээ.
Тэднээс “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийг 2, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжмийг 6 удаа сонсож, ойлгоорой гэж Н.Жанцанноров сонсогчиддоо хэлэх дуртай. Тэрээр “Мандухай цэцэн хатан” кино бол сэтгэл хөдлөл нь тэргүүн эгнээнд яваа. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор” бол ухаан бодол нь тэргүүн эгнээнд яваа. Сэтгэл хөдлөл нь цаанаа байгаа юм. Тийм учраас “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжим ойлгогдоход төвөгтэй. Мандухайг 2 үзэж ойлгодог бол “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ыг ядаж 6 үзэж байж ойлгоно. Айхтвар санаанууд явж байдаг. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжим бол “Мандухай цэцэн хатан”-ы хөгжимөөс хамаагүй илүү болсон. Би илүү бичсэн. Илүү болсон. Мандухайн хөгжим бол асар том орон зайн үзэл санааных. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ынх бол Монгол төрийн шүншигтэй холбоотой. Төрийн том арга хэмжээ хэзээ ч Мандухай цэцэн хатны хөгжимөөр эхэлдэггүй. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжимөөр л эхэлдэг. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжимд Монгол төрийн сүнс, сүр сүлд оршиж байдаг. Монгол төр “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжимд байгаа” гэж учирладаг. Гэвч тэр маш даруухан хүн. Бусад шиг би бичсэн, миний бүтээл гэж олонд зарлаад байдаггүй энгүүн хэрнээ энгийн хүмүүн.
Бахархал
Н.Жанцанноров НҮБ-ийн тайзыг эзэгнэв. НҮБ-ийн танхимд дэлхийн удирдагчдын өмнө Монголын морин хуурыг бишрүүлсэн түүх түүнийх. Мөн Японы Монголын хоорондын соёлын харилцааг бий болгоход түүний оруулсан хувь нэмэр их. Тиймээс Японы эзэн хаан түүнд “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулсан удаатай.
Шагнал
Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров 1989 онд "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ "Төрийн шагнал"-ыг 2 удаа, 2005 онд "Ардын жүжигчин" цол хүртэв. Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол төрийн соёлыг бодлогыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан" гэжээ. Өөр хэний ч шагналын зарлигт ийм тодорхойлолт байхгүй. Н.Жанцанноров Монголын урлагт их том тойрог татсан юм. Тэр том тойргоос гарах гэж шинэ үеийнхэн их хөдөлмөрлөх өндөр шалгуурыг бий болгов.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл (21)