2010 онд “Төгөлдөр” хэмээх сайхан нэртэй сан байгуулагдаж, нүүдэлчин Монголын сонгодог урлагт санаа тавьж, хөрөнгө хүч хаян салхи татуулсаар нээлтээ хийв. Өдгөө ч дэлхийн балетад дээгүүр жаалдаг агуу их П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” бүжгийн жүжгийг сэргээн тайзнаа тавьсан нь “Төгөлдөр” сангийн анхны ажил. Энэ тухай “Төрийн өндөрлөгүүдийн гэргий нар нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн болон олон нийтэд чиглэсэн янз бүрийн үйл ажиллагаа явуулж, тэр чиглэлээрээ ямар нэгэн сан байгуулдаг нь шинэ сонин зүйл биш ч Ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяагийн үйл ажиллагааны чиглэл сонгодог урлагийн фэнүүдийн төдийгүй мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж байна.
Ялангуяа балетын урлагийг дэмжихээр шийдсэн түүний энэ алхам нь манай үндэсний хөрөнгө оруулагчдын анхаарлыг сонгодог урлаг руу чиглүүлэх том үүд хаалга болж мэдэх юм” гэх мэтээр хэвлэлүүд бичиж эхэллээ. Хэвлэлийнхний эл прогноз хий хоосон байсангүй, Х.Отгонтуяа хатагтай “Төгөлдөр” сангаараа, урлагийг дэмжих буянлаг үйлсээрээ нийгмийг нойрноос нь сэрээж орхисон юм. Энэ цагаас дуурийн яагаан байшин хөлд дарагдаж, сонгодог урлагийг шимтэх, дэмжих эрхмүүдийн тоо ихэссэн нь бодит үнэн. “Нойрссон гүнж”-ийн араас хөөрхөн “Щелкунчик”, “Спартак” балет, Шопены нэрэмжит Олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааныг “Төгөлдөр” сан ивээн тэтгэж, олны хүртээл болголоо.
Драмын мэргэжлийн урлагийг ч тэр орхигдуулсангүй. Д.Намдагийн “Оролмаа эх”, Корсаковын “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжгийг ивээн тэтгэлээ. Тун удахгүй энэ зуны нарлаг өдрүүдэд ҮДБЭЧ-тай хамтран агуу их Сэвжидийн бүжгийг сэргээн тавихаар ханцуй шамалчихсан байгаа аж. Эд бүхэн дэлхийн болоод үндэсний сонгодогууд юм. Драмын театрт анхаарлаа хандуулсан нь үндэсний сонгодогууд тайзнаа тавигдахгүй байна гэж анзаарсных хэмээн тэрээр онцолсон.
Угаас элитийн урлаг, дээдсийнхний дэмжлэг тусламжаар хөгжлийн түүхээ бичиглэж ирсэн жишгээр ийн 21-р зуунд Х.Отгонтуяа хатагтайн үүсгэн байгуулсан “Төгөлдөр” сан нийгмийн оюунлаг салбарт давалгаа үүсгэж, байлдан дагуулсан нь тэмдэглүүштэй, бахархууштай явдал. Хүний оюун ухаанд тус хүргэх нь хамгийн том тус, хамгийн том буян юм бол Х.Отгонтуяа хатагтай шиг түгээмэл, гэгээлэг буян үйлдэж байгаа хүн цөөн болов уу гэж санагдана. Зөвхөн урлагийг дэмжих тухайд бус өөр бусад олон зүйлд тэр байлдан дагуулагч.
Төрмөл мэдрэмж нь сайхан хувцаслахад, язгуур ухаан нь эрүүл хооллож, зөв амьдрах замд хөтөлж, тэр бүгд нь бусдад үргэлж сайн үлгэр дуурайл болсоор иржээ. Эрүүл хоололтын эхний давалгааг чухам энэ гэр бүл түрж, Их тэнгэр хийгээд Засгийн ордон, эгэл жирийн хүмүүс хэд арваараа хоолны цэсээ өөрчилж, зөв, эрүүл амьдрах тухайд санаа тавьж эхэлсэн нь нэг жишээ.

Ер нь тэр дуртайгаа л хийдэг эмэгтэй. Далаад оны залуусын хайр дурлал, сэтгэлийн орь дуу болж асан “Инээмсэглэл” хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, хуурцаг гаргах санаа “Төгөлдөр” сангийн шав байсныг хатагтай Х.Отгонтуяа нуусангүй. Охин хонгор насандаа сонсож, зүрх баясаж, сэтгэл догдолж явсан хамтлагийнх нь дуу ямар ч хуурцагт үлдээгүйг сонсоод тэр гайхсан гэдэг.
Ингээд л “Инээмсэглэл”-ийг “баримтжуулахаар” сэтгэл шулуудаж, ерөөс соёл урлагийг дэмжих сан байгуулах санаа төрсөн гэдэг. Энэ бол “Инээмсэглэл”-ийн үр хөврөлийн эхэн үе. Сангийнхаа нэрийг оноож, төсөл төлөвлөгөө боловсруулж явсаар “Төгөлдөр” сан бодьжиж, биеэ олсон нь түүний хань Сү.Батболд ерөнхий сайд болсны дараахан үетэй давхацав. Тэглээ гээд хүсэл зориг, төлөвлөгөөнөөсөө буцсангүй, сангийнхаа үйл ажиллагааг эхлүүллээ.
“Инээмсэглэл” хамтлагийн төслийн дараа хэнээс ч мөнгө гуйхгүй, баян хөрөнгөлөг хүмүүсийн хамтлагийг ивээн тэтгэлээ хэмээх өөнтөгч яриа гарав. Манайхан аливааг өөлж, гоочлохдоо гаргуудыг хэлэх үү, гайхах ч юм биш. Гол нь энэ бүхнийг мэдсээр байж зориг зүрх гарган хийсэнд л Х.Отгонтуяа хатагтайн онцлог мөн чанар оршино. “Тухайн мөчид юу хүсч байна, түүнийгээ гүйцэлдүүлэхээс айдаггүйгээрээ л жинхэнэ дээд зиндааны эмэгтэй бусад бүх хатагтай нараас ялгардаг юм. Тэд мөрөөдөл хүслийн ертөнцдөө дэндүү эрх чөлөөтэй учраас л тийм өндөр чансаанд хүрч чадсан хэрэг. Яагаад гэвэл тэд өөрсдийн амин сүнсийг нухчин дардаггүй, харин тэтгэж, эрхлүүлж чаддаг” хэмээн Москвагийн дээдсийн хүрээлэн, урлагийн алдартнуудын дунд нэр хүнд бүхий дизайнер Алиса Толкачева “Гоодаль” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа онцолсон байдгийг энд иш татахаас би татгалзсангүй.
Бусад хүмүүст ямар байдаг юм бүү мэд, түүний тухай үг үсэг тэрлэхэд өөрийн эрхгүй хатагтай гэдэг үг ам дүүрдэг. Гэтэл зарим тэргүүн хатагтайг ч ийн дуудаж, бичихэд нэг л үг эвлэж, амнаас гарч өгөхгүй тохиолдол байх. Тэгэхээр тухайн хүний гадаад төрх, биеэ авч явах байдал, язгуур мөн чанар нь алив эмэгтэй өмнө хэрэглэх тодотголд нөлөөлдөг байх нь. Түүнийг хөгжмийн зохиолч ноён Б.Долгион тэргүүн хатагтай гэж дууддаг. Наддаа л Х.Отгонтуяа тэргүүн хатагтай хэмээн эрхэм жентельмэн үүнийгээ зөвтгөх.
Дээдсийн хүрээний “тэргүүн хатагтай” ерөнхий сайдын гэргийн хувиар дипломат айлчлал хийх үедээ дарга нарын гэргий нарын хэвшмэл ойлголтыг эвдэж, нэг шат ахиулсан нь мөн л түүх болон үлдэж. Энэ тухайд гэхдээ илүүг нуршихыг хүсэхгүй байна. Магадгүй хэт магтсан мэт санагдах биз.

Урлаг, соёл бол хүн төрөлхтнийг, улс үндэстнийг авч явдаг, чиглүүлсээр ирсэн гэрэл гэгээ, хүний сэтгэл дэхь хүн орон зайг тодорхойлогч билээ. Чухам энэ салбарт, энэ цаг үед хөрөнгө оруулж, сэтгэл чилээж яваа Х.Отгонтуяа 7 хүүхэдтэй айлын отгон нь. Багадаа өвчин ороомтгой байсан нь түүнийг гэрийн “хаан”-ы сэнтийд заларч, эрх зоргоороо өсч хүмүүжихэд хүргэсэн гэдэг. Дунд сургуулиа дүүргэчихээд тун санамсаргүй байдлаар Харьковын урлагийн их сургуульд элсэж оюутан болж одсон он жилүүд түүний зүрхэнд одоо ч гэрэлтсээр байдаг сайхан дурсамжуудын нэг. Гэвч тэр сургуулиа дүүргэж чадалгүй эргэж иржээ.
Хожим эх орондоо МУИС, Англи улсад эдийн засгийн чиглэлээр мастер хамгаалжээ. Чөлөөт цагаа сонгодог урлаг, балет үзэж, спортоор хичээллэж өнгөрүүлдэг тэрээр хүн ямар ч байж болно, худлаа л байж болохгүй гэж үздэг. Үргэлж инээд цацалж, сайхан шүдээ яралзуулчихсан явах тэрээр тас тас инээнэ. Хувь хүнийхээ хувьд шударга, шулуухан зантай, түүнээсээ болж алдах нь их. Мөн чанараараа, өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг. Эмэгтэй хүн үнэн байх шиг сайхан зүйл үгүй юм шиг санагддаг. Тэр баярлахдаа ч, гомдохдоо ч, дурлаж хайрлахдаа ч үнэн байдаг. Чухам энэ үнэн мөн чанар, үнэн сэтгэл нь түүний бусдын нүдэнд алдаа мэт харагддаг амьдралын сонголтыг хийхэд хүргэсэн биз гэх бодол төрнө.
Гэхдээ үнэн үргэлжид хүчтэй, цаг хугацаагаар хэмжигдэх ялалт дагуулдаг гэдгийг тэр амьдралаараа харуулж явна. Маш товчхондоо тэр бол strong woman. Энэ үгийг монгол хэлнээ чухам юу гэж буулгавал хамгийн оновчтой болох юм бүү мэд. Хүчирхэг эмэгтэй гэж болох байх. Гэхдээ тэр хүч нь оюун санаанд, үнэн сэтгэлд орших хүч билээ. Ямар ч үед юуг ч даван туулах чадвартай, ямар ч орчинд зохицож амьдрах чадвартай, нугарч хугардаггүй хатан сэтгэл гэж ч болохоор.
Тэр нумын ордын эмэгтэй. Энэ ордын мөн чанар нь нөлөөлөх чадвартай, дэгжин хээнцэр, үзэсгэлэнтэй, spiritual буюу оюун санааны амьдралыг эрхэмлэдэг гэж тодорхойлсон байдаг нь түүнийг ойлгоход тус болох юм шиг. Ямартай ч 44 настай, хээнцэр, үзэсгэлэнтэй, сайхан инээдэг, бүсгүй хүний хувьд төгс амьдралыг бүтээж босгосон хатагтай Х.Отгонтуяагийн сүнслэг хүч, нөгөө талаас хувь хүний хүчирхэг зан чанар нь дээдсийн хүрээний тэргүүн хатагтай, ерөнхий сайдын гэргий байх хувь заяаг оногдуулсан мэт. Тэрээр өөрөө ч сайн ханийг бурханы бэлэг, харин соёл урлаг дахь хүмүүнлэг үйлсээ үүрэг даалгавараа гэж үздэг. Ийм хатагтай “Grand people-2012” ёслолын ажиллагааны маань Нийгэм соёлын салбарын гранд лэди болсонд бахархаж сууна. Үзэгчид, уншигчид мэргэн аж.
Сайхан инээж байвал тэр яавч сайн л хүн байж таарна хэмээн философич Платон ишилсэн нь санаанд орно.
Эх сурвалж: “Гранд сэтгүүл”
М.Уранчимэг
Сэтгэгдэл (19)