“Үйл бүхний дээд нь туурвих, бодох, дэмжих
Үнэн бүхний туйл нь төрөх, орших, үхэх гурав”
Д.Равжаа

Амьдралын эгэл өдрүүдийн энхэл донхол дунд бид мөн ч олон хүнтэй уулзан танилцаж, заримаас нь асгарсан их гэрэл, долгилсон их татах хүч мэдэрч бас бусаас нь ертөнц дэх хүмүүний бурангуй, бялангач, өөдгүй араншинг олж харан, энэ л заагт амьдралын мөн чанар, сайн болоод саар талыг ялгаж сурдаг юм уу даа. Тэр эгэл олны дунд эгэл бус сэтгэгдэл төрүүлэгч эрхэм хүмүүс олон байсны нэг нь найруулагч Н.Наранбаатар. Телевизийн нэвтрүүлэгт түүнээс ярилцлага авч суухдаа авьяас гэдэг хүн чанар, сайхан сэтгэл юм байна гэсэн гаргалгаа хийж, өөртэйгээ ярилцаж суусан тэр хаврын өдрөөс хойш олон он улирч. Хүн оршиж, амьдрал үргэлжлэхийн үндсэн шалтгаан-хайрын тухай, гэр бүлийн ёсзүй, амьдралын утга учрын тухай ярихдаа тэрээр сэтгэлийг минь тэгтлээ хөндсөн хэрэг юм уу даа. Нийтээрээ нандин эрхэм хайр сэтгэл, гэр бүл, сайхан амьдралын талаар бурангуй сэтгэлтэй, зарим нь бүр энэ талаар бодохоо ч байчихсан уу гэмээр цаг үед цэл залуухан, нүд дүүрэн эр цэнхэр дэлгэцээр гэргийдээ үнэнч байж, ариун нандин хайр сэтгэл, үнэнч зүрхээр бэхлэгдсэн гэр бүлтэй байхын чухлыг ярихад үхэтлээ урамшиж, үнэмшихийг тэгтлээ их хүссэн хэрнээ зэрэгцээд бяцхан эргэлзээ сүүмэлзээд байсныг яана. Цаг хугацаа түүний үнэн ярьсныг нотолсон нь би өнөөх додигор ишлэлээ итгэл дүүрэн хэлэхэд хүргэсэн нь сайхан. Тэр одоо 38 настай, таван хүүхдийн эцэг, өнөр бүлийн өрхийн тэргүүн. Жинхэнэ найруулагч 40 хүрээд ажлаа хийж эхэлдэг гэх судалгаа байдаг бол тэр гучин наймхан насандаа гуч гаруй жүжиг найруулж, бултаараа их алга ташилт, ааг бахархал дагуулж, бүр болоогүй агуу их “Гамлет”-ыг тайзнаа амилуулав. Энэ баримт юу өгүүлнэ вэ? Түүний насандаа ахадсан энэ амжилт, алдар хүндийн ард юу нуугдана вэ? Ердөө л чин зүрх, сайхан сэтгэл аж.
“Тархи зүрхний минь уулзвар дээрээс
"Танд миний уран бүтээл хүрдэг” гэж тэр бас ишлэв.

Оюун санаа, сэтгэлгээ, сэтгэл бол хүнийг ХҮН байлгах үндсэн гурван тулгуур юм хэмээн тэр ярих. “Гамлет”-ыг зүрхээрээ хийсэн. Хэрвээ алив бүтээлийг оюун ухаанаар хийчихвэл хүйтэн хөндий болчихно, гагцхүү зүрх сэтгэлээс ундран гарсан бүтээл л амжилт дагуулдаг нууцыг тэр бас надтай хуваалцсан юм. Ямартаа л Баатар найруулагч түүнд тун ч оносон нэг нэр олж, түүндээ тэгтлээ баярлаж хөөрсөн нь “Хайр Пара” гэдэг. Зүрх сэтгэлийн ийм халуун дулаан боловсролыг Н.Наранбаатар өвөөгөөсөө авсан байж болох юм. Толгойтын Баганаранд балчир насаа өвөөгийнхөө нар унасан хормойд өнгөрүүлсэн тэрээр хөдөлмөрлөж байж сайхан амьдрахыг, бусдад дулдуйхгүй нэр төртэй оршихыг өвөг эцгээсээ өвлөж сурсан хэмээн ярьсан. Өвөө нь номтой хүн байсан бөгөөд өвөөгийн хүү ч өөрийнх нь хэлснээр цөөнгүй маань мэгзэм мэдэхийн сацуу далдын хүч, ер бусын юмсад итгэдэг аж. Магадгүй өвөөгийнх нь хайр, хүсэл далдын хүч болон түүнд мэдрэгдэж, дагуулж явдаг байж болох юм.

Багадаа байлдааны онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг, тоондоо гавал хүү “Найрамдал” зусланд амарснаар хувь заяагаа орвонгоор нь эргүүлчихсэн гэдэг. Тэр цагаас Пионерийн ордны драмын дугуйланд явж, урлагт хорь гаруй жилийн амьдралаа зориулж яваа найруулагч их сургуулиа дүүргэчихээд 2000 онд Драмын театрт жүжигчнээр орж, 15000 төгрөгийн цалин авч өнөөгийн карьераа эхлүүлэв. Зэрэгцээд том хүү нь төрсөн бөгөөд хүүдээ нэг нан, нэг живх авахад цалин нь дуусна. Гэхдээ хүүдээ сүүтэй орно гэдэг л юугаар ч сольшгүй аз жаргал байсан хэмээн залуу насныхаа өдрүүдийг тэр дурсах. Гэргий Гантуяатайгаа танилцсан 12-р сарын 4-ний тэр өдрийг жил алгасалгүй баяр ёслолын хэмжээнд тэмдэглэж, танилцсан кафегаа худалдаж авахыг мөрөөддөг найруулагч эр. Гэнэхэн ч юм шиг, гэгэлзүүр ч юм шиг араншин үнэртэж байгаа биз. Ийм зүрхнээс жинхэнэ уран бүтээл, өнө мөнх дурсагдах оюун санааны хөшөө сүндэрлэдэг ажээ.
“Худлаа байхыг тэвчдэггүй. Худлаагаар дүүрэн ертөнцөд өөрийгөө авч үлдэх, өөрийнхөө хэмжээнд үнэн амьдрахыг хүсдэг. Жаахан ч гэсэн үнэний голчтой амьдрахыг хүсдэг. Хожмоо үр хүүхдүүд маань үүний эцэг гэж бялдууч, амьтан болгонд долигносон амьтан байсан юм гэж хэлүүлэхгүй юмсан. Энэ л миний нэр төр, миний оршин байсны нотолгоо юм”. Амьдрах богинохоон хугацаандаа оюун санаа, үзэл бодлоо үлдээхийг мөрөөдөгч тэрээр өөрийнхөө үзэл бодлыг уран бүтээлээрээ дамжуулан бусдад тунхаглаж чадах найруулагч хувь тавиландаа, энэ мэргэжилдээ тийм их хайртай. Дээд заяат хүмүүнд оногдох ховор онцгой хувь тавилангийн нэг туурвих одонд төрсөн түүний дараагийн бүтээл нь алдарт “Фауст”, Бурхан багшийн бүтээл.

Хувь хүнийхээ хувьд тэр зөөлөн, үнэн, нэг юмны үзүүрээс атгаад авбал эцсийг нь үзэж, чадаж байж ард нь гардаг араншинтай. Дотоод сэтгэлийн шударгуу зан нь гаднаа илэрдэггүй ч дотроо буцалж оргилдог, билиг танхай авьяастай ч хурц тод биш дотооддоо асч дүрэлздэг нэг үгээр дотооддоо дийлдэшгүй их энергитэй өвөрмөц оршихуй. Их авьяасын сүүдэр их ганцаардал, их шаналал ч түүнээс үнэртдэг. Тиймдээ л “Доромжлуулах тусам би улам өнгө орно, Долоон бурхан од шиг гялалзана” хэмээх агуу их О.Дашбалбарыг ишлэх дуртай байдаг биз. Ялангуяа энэ жилийн Музагаар түүний “Гамлет”-ыг хэрхэн буланд шахахыг хараад хамгийн эрхэмсэг, дээд зиндаанд залрах учиртай наадмын шүүгчдийн аймхай, хулчгарыг биширсэн билээ л. Бүтэн жилийн турш тархсан сүр дуулиан, найруулагч хийгээд жүжигчдийнх нь ур чадвар, ядахдаа л үзэгчдийн тоо, тасалбарын үнээрээ “Гамлет” өнгөрсөн оны лут бүтээл байлаа. Гэвч Н.Наранбаатар энэ сүүдэрт гундаагүй харин ч хурцлагдсан болов уу. Учир нь түүн шиг дотооддоо шатаж дүрэлздэг галыг унтраана гэж байдаггүй билээ. Тэр дундаа зүрх нь хайраар, ухаан нь хүн чанараар, авьяас нь сайхан сэтгэлээр цэнэглэгдэж, бялхсан оршихуй мөнхөд бадамлах гал адил өнө удаан асч, орчноо гэрэлтүүлсээр байдаг.
Тохиолдол гэж үгүй, тэр бол бурханы хүсэл.
М.Уранчимэг
Эх сурвалж: "Гранд" сэтгүүл №34
Сэтгэгдэл (3)