Хүүхэд ахуй насандаа кино урлагийн сор бүтээлүүдэд дүрээ мөнхлөх ховорхон завшаан тохиосон эрхмүүд бол тэд. Дэлгэцийн баатрууд маань тэр цаг мөчөөс хойш хэрхэн өөрчлөгдөв, амьдралын замнал хаашаа дөтлөв. Мэдээж холливудын одууд шиг тансаг ирээдүй, тоо томшгүй их мөнгө тэдэнд ирээгүй л дээ. Хэрвээ ирдэгсэн бол ёстой будаа болгохгүй юу.

Дамбын Хишигээ: Нэг их нүдэнд торохоор гоц гойд зүйлгүй даруухан төрхтэй энэ эрхмээс яагаад ч юм бүгд эмээдэг. “Модун” группийн ерөнхийлөгч, Манлай уяачийн хажуугаар “атаман” хэмээх гуншин дагаастай.
Шувуун фабрикийн дэггүй жаалуудын нэг тэрбээр багадаа тун өсгөлүүн хүүхэд байжээ. Хишигээгийн нэг нууцыг задлахад тэр багадаа кинонд тоглож үеийнхэн дундаа од болж байв. “Хоньчин Найдан” дээр гардаг баян айлын хэгжүүн хүү чинь тэр шүү дээ. “Чигчий хурууны чилээ гаргахгүй байж чи муу одоо юу вэ?” гэж хэлдэг байх аа. Үеийнхнээсээ тэр ганцаараа шилэгдэн тухайн үедээ ихэд олзуурхсан гэдэг. Харин дараа нь дахиж энэ урлагт хөл тавьсангүй. Магадгүй шаггүй жүжигчин болох байсан ч юм билүү, хэн мэдлээ.
Б.Ивээл: “Суварган цэнхэр уулс” киноны дүрээрээ олны сэтгэлд үлдсэн Н.Батцэцэг бараг тоглосон кино бүртээ хүү М.Ивээлээ дагуулж шүү. Ээж хүү хоёр дэлгэцийг ёстой эзэгнэнхэн төрсөн юм биш үү?


Аав нь найруулагч, ээж нь жүжигчний хэрэг юу билээ Б.Ивээл хүү ч бас энэ салбарт хөл тавиад буй. Түүний анхны уран бүтээл “Цэн тогоруу” үзэгчдийн хүртээл болсон билээ.
Б.Батзаяа: “Мартагдашгүй намар” киноны өхөөрдөм хүү ийм парлигар өвгөн болно гэж хэн төсөөлөх. Урлагт урилгаар орсон Заяа хүү насаараа урлагийн тогооноос хоол идэх хувьтай байж.

Багадаа хөөрхөн байсан хүүхэд том болоод муухай болдог гэж үнэн байх шүү гэх шог бодол түүнийг харахаар төрдөг. Хошин урлагийн тайзыг өнгөлж явсаар амьдралд алдаж онож боссон хүүд урлагийн дэвжээ ээлээ өгсөн ч хэрхэн даах нь хувь хүнээс шалтгаалах зүйл биз.
Б.Гарьд: “Шинэ үсгийн багш” кинонд тун өхөөрдөм багшийн дүрийг чадварлаг бүтээсэн Б.Гарьд ийм залуу болжээ. Ж.Бунтар агсны хүү тэрбээр РТДС-ыг төгссөн.

“Star” телевизийн ерөнхий продюссерээр ажиллахын зэрэгцээ кинонд мэр сэр тоглочихдог нь урлагт хайртайн шинж. Даруухан, номын хүү маань сүүлд атаманы дүрийг “Ар хударга” кинонд бүтээсэн. Ширүүн дориун төрхтэй, зодолдож чанга эрийг илэрхийлэх түүнийг хүмүүс таньж ядан байв. Гэтэл “Гэр” кинон дээр жентельмэн байгаад байсан. Товчхондоо тэр ёстой хамалеон л гэсэн үг.
Б.Эрдэнэцэцэг: Цаанаа л нэг танил царай байгаа биз? Та яг зөв саналаа, энэ бүсгүй бол “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд тоглосон бяцхан охин шүү дээ.


Тухайн үед 300 хүүхдээс шалгарсан гэхээр ховор завшаан. Б.Эрдэнэцэцэг одоо 22 настай, РТДС-ийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэжээ. Ийм монголжин төрх дэлгэцийн урлагт ховор бараа байлгүй яахав. Б.Эрдэнэцэцэг нэг ч бүтээлд харагдахгүй байгаа нь БНСУ-д жүжигчин мэргэжлээр сурахаар явсан учраас тэр. Тун удахгүй түүний тэсрэлт хийх мөч эхлэх биз ээ.
Б.Гантигмаа: Үе тэнгийн хөтлөгчид нь бүгд амбицлан орон зайгаа тэлж байхад даруухан оршсоор байгаа нь Б.Гантигмаа. Уг нь түүний карьер аль эрт хүүхэд ахуйд нь эхэлсэн юм шүү дээ.


“Гарын 5 хуруу” кинонд Шагдарын сэтгэлийг булаасан бүсгүйн охин болж тоглодог тэрбээр од байвал байхаар хүн. Тэрнээс хойш нэг л эв дүйгээ олсонгүй юу, нэвтрүүлэгчийн албандаа үнэнч үлдсэн. Царай төрх, дуу хоолой юм юм байхад яагаад ийм даруу юм бол гэж хүмүүс гайхдаг байх шүү.
Ж.Билгүүн: “Еэ еэ шар Буд аа” киноны хүү ийм залуу болжээ. Сорогдогийн Жаргалсайханы хүү тэрбээр Япон улсад суурьшсан. Нэртэй аавын зүстэй хүү урлагт тун элгэмсүү ханддаг нь Японд ч илэрсэн.
Японы шоу бизнесийн зах зээлд тэргүүлэгч “Avex” компанид шар Буд аа маань ажиллаж байна. Хэдийнэ 15 жилийг арлын оронд үдсэн ч тун удахгүй эх орондоо газардах юм гэсэн. Түүний өөр нэг дүр бүтээсэн кино нь “Төрийн сүлд өршөө”. Одоо ч гэсэн энэ стиль имижээрээ тогловол тоглочихоор, ер нь муухан кино жүжигчнээс дутахааргүй дүр төрх түүнд байна шүү.
Өхөөрдөм хүүхэд насаа дэлгэцэнд мөнхөлсөн дурсамж тэдний амьдралын мартагдашгүй агшин байсан биз ээ. Эх, үрсийн баяраар дурсамжийн ертөнцөд хэсэгхээн хором саатлаа. Бяцхан жүжигчид маань сонихон тавилантай ажээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Б.Сэргэлэн
Сэтгэгдэл (2)