
Жүжигчин Х.Баярмаа
Улаан хивсний дуулиант хатадын нэг, суперстар Бейонсе энгийн үед ч тэр, улаан хивсний ёслол дээр ч тэр үргэлж номер нэг, ялгуун гэдгээ баталсаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд “Met Gala” хүмүүнлэгийн үдэшлэгт бие нэвт гэрэлтсэн даашинз өмсөж ирснээр дэлхий нийтийн анхаарлын төвд орж чадсан. Тэгвэл энэ жилийн Гэгээн Муза наадмын улаан хивсний ганц сарнай болж ирсэн мисс, жүжигчин Х.Баярмаа Бейонсийн даашинзыг төгс хуулбарлаж, хэн бүхний анхаарлыг татаад авлаа.



Төгс бие галбирыг алдаршуулсан энэхүү даашинз дэлхий нийтэд Бейонсийн бие галбирыг бишрүүлсэн бол Монголд Х.Баярмаагийн бие галбирыг гайхашруулаад авсан. Дизайнер Д.Отгонжаргалд тусгайлан захиалж хийлгүүлсэн эл даашинзны материал бага зэрэг муу үнэлгээ авсан ч Монголдоо л төгс хувилбар юм даа гэх үнэлгээг авсан.
М.Боролдойн гэргий
“Black box” театрын найруулагч, зураач, бүр тодруулбал, “Боролдой” С.Мягмарын хүү М.Боролдой шилдэг тайзны зураач шагналын эзэн болсон. Гэргийн хамтаар улаан хивсийг чимсэн түүний гэргий Гэрэлээ ёстой л гял цал даашинзаар гангарч ирсэн юм. Улаан хивсний ёслолоос илүүтэй шинэ жилийн үйл ажиллагаанд илүү зохицохоор энэхүү даашинзны гоёл чимэглэл нь хэт ихэдсэн харагдсан.

Ийм гялтагнасан олон чимэглэлтэй даашинзан дээр элдэв гоёл чимэглэл илүүц бөгөөд үсээ шуугаагүй нь бас нэг алдаа гэж харагдаж байна. Энгэр нь бараг битүү учраас үсээ задгай тавьчихаар хэт нэвсгэр харагдуулж байна. Сүүлийн үед Холливудын одод ийм том, том чимэглэлтэй даашинзаас татгалзаад байгаа гэдгийг энэ дашрамд дуулгачихъя.

Жүжигчин Б.Одончимэг
Драмын театр уг нь секс симбол О.Энхтуулаас авахуулаад гавьяат У.Уранчимэг хүртэл сайхан хүүхнүүдээрээ илүүрхдэг байлаа. Харин сүүлийн жилүүдэд өнгөтэй хэд нь театраа орхиж гарсаар нүд хужирлах сайхан хүүхэн цөөтэй болсон нь үнэн. Энэ жил гэхэд Б.Одончимэг сайхан бүсгүйчүүдээ төлөөлж ирсэн гэж болно.

Сарнайн ягаан өнгийн дэрвэгэр даашинзаар гоёсон жүжигчин бүсгүй ганц дайчин ганцаардахгүй гэсэн шиг ихэмсэгхэн алхаж харагдана лээ. Мөн л Бейонсийн давалгааг үргэлжлүүлж үсээ дээш нь боосон нь даашинзанд нь тийм ч төгс зохицсонгүй. Харин бөөрөнхийлөн дээш шуусан бол гайхалтай зохицох байсан болов уу.

Жүжигчин Д.Оюунзул
“Black box” театрын жүжигчин Д.Оюунзул “Хүний дуу хоолой” жүжгээр Музагийн эзэн болсон. Шагнал авахаа мэдсэн юм шиг улаан хивснээ бардамхан алхаж ирсэн Д.Оюунзул “Dolce &Gabbana”-ийн энэ оны загвар хар даашинзаар гоёж иржээ.


Энэ брэндийн даашинзыг өмнө нь дуучин Кетти Перри, Рианна нар хар, ягаан өнгөнөөс нь өмсөж байсан. Харин манай оддоос дуучин Х.Лхамаа нэгэн үл таних бүсгүйтэй хослон өмсөж байсан нь манай дуран авайд бууж үлдсэн байх юм. Ихэнх тохиолдолд ёслолын ажиллагаа, улаан хивс, шинэ жилээр бүсгүйчүүд голдуу сонгодог эл даашинзыг өмссөнөөр Д.Оюунзул мэдрэмжтэй сонголт хийсэн нь харагдаж байна. Ийм төрлийн даашинзан дээр элдэв гоёл чимэглэлгүй, гол нь даашинзтайгаа хамт өмсөх туфлиэ зөв сонгосон байхад л болчихдог.


Гэрэлтдэг даашинзын давалгаа үргэлжилсээр...
Холливудын шоу бизнесийн бүсгүйчүүд ээлж дараалан төгс бие галбираа гэрэлтдэг даашинзаар дамжуулан улаан хивснээ гайхуулах болсон. Тансаг дэгжин хэрнээ халуухан харагдуулах гэрэлтдэг даашинз ч манайд хүчээ аваад байгаа нь энэ жилийн Гэгээн музагийн улаан хивсний ёслолоос тод харагдлаа. Мегастарууд ийм төрлийн даашинзаар бие галбирынхаа төгс сайхныг харуулж, олны анхаарлыг татах зорилготой сонгодог нь ойлгомжтой. Тэгэхдээ үнэт чулуу ихээр орсон байдаг. Энэ нь жирийн нэг шифоныг үнэ цэнэтэй болгох оролдлого байх л даа.

Харин Музагийн улаан хивснээ хүйс нь ил гарсан биеийн өнгөтэй иймэрхүү даашинзууд биед аятайхан зохисон ч гэлээ нэг алдаа эндээс харагдаж байгаа юм. Үсээ хэтэрхий овойлгож янзлуулсанаас болж энэ хоёр бүсгүй хоёулаа наснаасаа овортой харагдаж байх жишээний. Тэгэхээр улаан хивсэн дээр даашинзнаас гадна үс, туфль, чимэг аксессуар бүгдээрээ алхдаг гэдийг мартаж болохгүй гэсэн үг.

Эх сурвалж: www.grandnews.mn
Бэлтгэсэн М.Сонор
Фото Д.Цэгц
Сэтгэгдэл (10)