-Нууц задарлаа! Түүний гэргий нөхрөөсөө баян, банкны хувь эзэмшигч-
Уяачид нь “Ланд 200” унадаг, эрлийз азаргаа 670 сая төгрөгөөр даатгуулсан, хямралын үед ч хямарч “sale” зарлаагүй Х.Бат-Эрдэнэ. Жирийн ачигчаас босс болсон тэрбээр манай цаг үеийн үлгэр жишээ залуусын нэг. “Гранд педиа” булан энэ удаад “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн амьдрал, замналыг онцоллоо.

Хэзээнээс хурц оюун ухаантан, эрийн шийр нүнжиг илтгэх сайн эрсээрээ алдартай Говь-Алтайд Төмөржаа хэмээх алдартай уяач байлаа. Гэргий Т.Цэрмаа нь Морин спортын анхны дасгалжуулагч, эднийх дөрвөн хүүхэдтэй айл. Хөвгүүд нь морин дэл дээр хийсгэх болсон нь ч Т.Цэрмаатай холбоотой. Ах, дүү дөрвүүл моринд эрэмгий, морин тойруулгын морь унаж Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог үзүүлэх тоглолтонд ээжтэйгээ оролцдог байж. Өөр өөрсдийн заалгаж авсан морио нямбай арчлахыг ийнхүү Т.Цэрмаа хатагтай хүүхдүүддээ багаас нь хэвшил болгожээ. Тэд зүгээр ч нэг мөнгөтэй хүмүүсийг дагаад хурдан морийг “тахичихаагүй”.
Хотод суурьшсан Төмөржаагийнх дугуй гэрт бужигнасан, жирийн айл байв. Бидний гол баатар Х.Бат-Эрдэнэ нийслэл хэмээх их айлд ачигчаас ажлын анхны гараагаа эхэлжээ. Ачаа зөөхдөө жигтэйхэн шалмаг, нүд нь гялалзсан сэргэлэн бор хүү даргын нүдэнд торж жолооч нь болов. Түүний бизнесийн салбарт орсон замналыг хотын Ерөнхий архитектор байсан М.Цэлмэгтэй холбон ярих нь бий.
Захирал болохоосоо өмнө Х.Бат-Эрдэнэ түүний жолоочоор ажиллаж байсныг мэдэх хүн цөөнгүй. Хэн нэгний түшиг тулгуур, үлгэр жишээ байдал залуу хүнд чухал ч гэсэн аливааг төгс гүйцэтгэдэг, гүйлгээ ухаан мөн зэргэд шугам шиг тавигдах нь гарцаагүй. Тэр бүтээлч үү, бүтээлч. Унаж босож, өгсөж уруудсан замналыг нь бид төдийлөн тодорхой мэддэггүй ч ердөө 30 гаруйхан насандаа тэр аль хэдийнэ гэрлийн хурдаар амжилтын үзүүрээс атгасан байлаа.
“Алтай констракшн” 2003 онд байгуулагдсан гээд бодоход өдийд хөл хөсөр гар амар суух хэмжээнд хүрэлгүй яахав. Шилдэг, лидер эр хүний ард хүчирхэг эхнэр байдаг гэдэг. Хэвлэлд цухасхан үзэгддэг Х.Бат-Эрдэнийн үзэсгэлэнт гэргийн талаар бид мэддэг юм шиг хэрнээ ачир дээрээ тун бага мэдээлэлтэй байжээ.
Түүний гэргий Т.Наранчимэг Нэгдүгээр дунд сургуулийг дүүргэж, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Барагтай бол олны нүд, хэл амны бай болдоггүй энэ хатагтай хааяа нөхрөөсөө тансаг ресторан, үнэтэй машин бэлгэнд авч буй сураг дуулддаг. Тэгвэл баян нөхрийнхөө буянаар өнгөтэй өөдтэй явдаг эхнэрүүдийн л нэг, хүлээн авалтны “чимэг” гэж эндүүрч болохгүй.
Угтаа бол Т.Наранчимэг нөхрөөсөө ч илүү баян. Нууц задлахад тэр Худалдаа хөгжлийн банкны “сахал” Д.Эрдэнэбилэгийн төрсөн эгчийн хүүхэд аж. Тун нууцлаг оршдог “сахал” Д.Эрдэнэбилэгийн эгч нь эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсан аж. “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхний чулуу” хэмээх олон сайхан дуугаараа одоо ч дурсагддаг Д.Эрдэнэцэцэг агсанд дүү Д.Эрдэнэбилэг нь хөрөнгө, зоорь хураагаад байж. Т.Наранчимэгийг хайрт эгчийнхээ хойт дүр хэмээн дотночилж хадгалсан Худалдаа Хөгжлийн банкны 15 хувиа түүнд өгчээ. Билэгдлийн утга агуулсан энэхүү хувьцаа бүсгүйг хормын дотор нөхрөөс нь баян болгосон байна.
Х.Бат-Эрдэнэ, Т.Наранчимэг нар тус тусдаа хөрөнгөтэй, саяхан бариулсан “Twin tower” ихэр хотхоноо нэг нэгээр нь эзэмшдэг аж. Түүгээр ч зогсохгүй тус хотхоны нэг давхрыг Худалдаа хөгжлийн банк хэдэн арван жилээр түрээслэж авсан байна. Өөрөөр хэлбэл хэзээ ч бизнес нь ганхахгүй гэсэн үг.
Эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед ч “Алтай констракшн” нөлөөллөөс дээгүүр оршиж, ажилчдынх нь сэтгэл тэнэгэр, авдаг цалин пүнлүүндээ санаа зовохгүй юмгүй хичээнгүйлэн ажиллаж байна. Нөгөөтэйгүүр хэзээний өгөөмөр Х.Бат-Эрдэнэ аливаа урлагийн тоглолт, арга хэмжээ, тамирчдыг ивээн тэтгэхээс хойш суудаггүй хэвээр. Монголын барилгын салбарын Топ гурван аж ахуй нэгжийн нэг гэгддэг “Алтай констракшн” улам өргөжсөөр байна. Уяачид нь хүртэл хотод 2-3 өрөө байртай, “Ланд-200” хөлөглөн хангалуун амьдарч буй нь эзнийх нь нүнжгийг илтгэх мэт.
Х.Бат-Эрдэнэ морь сонирхдог бол ах Х.Батбаасан нь машин цуглуулах хоббитой. “Алтай констракшн”-ы гүйцэтгэх захирал хийдэг тэрбээр компанийнхаа дэргэд “Мото авто спорт”-ын клуб байгуулж дэлхийд ганц гэгддэг төмөр хүлгүүдийг цуглуулдаг. “Морган”, “Ламборжини”, “Роллис Ройс”, “Хаммер”, “Лексус 600”, “Ланд Круйзер-200”, “Мерседес бенз-350” зэргийн ховор машинуудаас гадна мотоциклийн цуглуулга ч бий. Энэ айлын бэрүүд хоорондоо тун төстэй төрхтэй. Х.Батбаасан орчуулагч мэргэжилтэй бүсгүйг ханиараа сонгосон билээ. Гэр бүл төлөвлөлтийн хувьд Х.Бат-Эрдэнэ, Х.Батбаасан нар тус бүр хоёр хүүхэдтэй.
Хийморь лундаа өргөх морин дэл дээр хийсгэн эхэлсэн Х.Бат-Эрдэнийн амьдрал замнал ийнхүү өөдрөг, босоо үргэлжилж байна. Үлгэр жишээ, бүтээлч гэр бүлийн илэрхийлэл болсон Х.Бат-Эрдэнийн задраагүй нууцаас хуваалцлаа. Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг. Амьдрал түүнийг харамгүй шагнаж, ханийг нь хүртэл илгээхдээ өгөөмөр, дүүрэн ханджээ.
Урд насны буян заяа, үйл, тавилан үр хүүхдэд шингэдэг гэдэг. Эцэг өвгөдийн буян заяа үнэхээр тэгш дүүрэн байжээ. Хамгийн чухал нь нийгмийн хариуцлага, бусдад буй боломжоороо туслах чин сэтгэл юм. Х.Бат-Эрдэнэ түүний гэр бүлийнхэн хэзээ ч бусдаас алга буруулж байгаагүй нь магадгүй өнгөтэй өөдтэй яваагынх нь хамгийн гол түлхүүр ч биз. Хүнд их өгөх, бага өгөхдөө биш гол нь чин сэтгэлээс өгөх нь эрхэм чухаг гэсэн үгээр энэхүү хүүрнэлээ төгсгөе.
Б.Уян
Сэтгэгдэл (21)