Гранд фото түүх
Энэ хүнийг бид аливаа дууг бүх сэтгэлээрээ, бүр бүх бие нүүрээрээ дуулдаг гэдгээр нь мэдэх юм. Халзан толгой, жинхэнэ мужич эр хүн гэмээр түс тас яриа, хааяа зодоон цохионоос буцдаггүй байдал нь харин уянгалаг хоолойтой нь зөрдөг байх. Тийм ааширхуу маягийн хүнээс уянгалаг яруу хоолой, сайн уран бүтээл гарах ёстой ч байж мэднэ. Энэ эрхмийг бид фото түүх буландаа онцлох болсон нь учиртай. Тэр ардын урлагийн төлөөлөгч биш, нэртэй төр нийгмийн зүтгэлтэн биш. Тэр харин сайн аав, сайн нөхөр билээ. “Эхнэрээ хүссэнээр нь гоё, тэгээд тэр бүсгүйгээр амьдралаа гоё” гэдэг үгийг утгаар нь биелүүлж яваа гэж болно. Дээгий, түүний гэр бүл залуу үеийнхэн дунд хамгийн загварлаг нь. Гэхдээ яг ямар утгаараа загварлаг гээч? Хамтдаа сонирхоцгооё.
Хүүхдүүдийг бие засуулдаг дарга
Түүний ээж аав хоёр хоёулаа Монгол хэл, уран зохиолын багш. Боловсролын тэргүүний ажилтны хүүхэд ямар байдаг билээ тэр жишгээр Дээгий хүмүүжжээ. Анхны хонхон дуугаа 13-р сургуульд сонссон бол төгсөхдөө 84-р сургуульд байсан аж. Т.Дэлгэрмөрөн багадаа даргын хэнээтэй хүүхэд байсан. Юуны ч хамаагүй дарга болох хүсэлтэй, дарга л болж байвал хамаагүй гэсэн бодолтой байсан талаар хожим дурссан байдаг. “Миний даргын ажил үүрэг бол хичээл завсарлахаар ангийнхаа хүүхдүүдийг нэг эгнээнд жагсааж байгаад 00 оруулах. Тэр үед хичээлээ тарж гэртээ ирчихээд ээж аавдаа “Би дарга болсон” гээд гайхуулсан чинь “Миний хүү юуны дарга болов?” гээд л асуулаа.
“Би хүүхдүүдийг 00 оруулдаг дарга болсон” гэхэд бөөн инээдэм болж билээ” хэмээн тэр дурссан байдаг. Даргын хоббитой бяцхан хүү хожим СУИС-т элссэн билээ. Сониноос, нэг бяцхан нууц задлахдаа Дээгий багадаа бизнесийн анхны түүхээ бичжээ. Ундаа зардаг, шарик тоглуулдаг бүр гутал тосолдог байсан Дээгийг төсөөл дөө? Тэр үедээ л тэр бизнест ямар ч авьяасгүй гэдгээ мэдэрсэн гэдэг. Эртхэн мэдээд хийгээгүй нь дээр л дээ.
“Номин талст” ба Дээгий
Тухайн үеийн ХИТ, одоо ч нэр нь дурсагдсаар байдаг “Номин талст”-ыг Т.Дэлгэрмөрөнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Угаасаа ч 4 өөр ертөнц, өөр өнгө нийлж тэр хамтлаг оршин байсан юм чинь. Хөвгүүдийн хамтлаг царай зүс, стилиэрээ, хэн нэгэн нь охидын мөрөөдлийн дүр болон тодорч байх нь хол явах үндэс болно. Дээгий охидыг уяраах “үзэсгэлэнтэй төрх”, жентельмэн ялдам аашгүй. Тэр ер нь хурц зантай ааширхуу хүн. Гэсэн ч түүний хоолой бусдаас өвөрмөц, тодорхойлох аргагүй мэдрэмжийг сонсогчдод өгдөг юм. Хожим хамтлаг цаг хугацааны эрхээр бутрахад тэр ганцаараа дуучин хэвээр, 100 хувь уран бүтээлдээ цагаа зориулсан юм. Түүний мөнгө дэлхийн өнцөг булан бүрт бий. Тэр бизнес хийдэггүй учир уран бүтээлээ ард түмэнд толиуулж, бүр хилийн чанадыг зорих нь ч бий. Түүнд хайртай, дууг нь сонсох дуртай олон олон хүмүүс байдаг нь өнөөдрийн Дээгийг хооллож хувцаслаж буй. Нэг хэсэг нь оюуны таашаал эдэлж, нөгөө нь эдлүүлэх, чин сэтгэлээсээ дуулах нь урлагийн жанжин шугам юм шүү.
Алтан гахайн “хүү”
Д.Зөөлөнсий бол аавын төлөвлөгөөр Алтан гахайн “дайрлага” болох жил мэндэлсэн охин. Тэр жил хориод мянган жирэмсэн эмэгтэй байсан гэдэг шүү.
Т.Дэлгэрмөрөн: Энэ жил гахай жил ш дээ. Дахиад 12 жилийн дараах гахай жилийг хүлээнэ гэхээр нөгөө Дээгий чинь дөчтэй болох гээд байна л даа. Гахай жилд төрөх тэдгээр хүүхдүүд дундаас нэгэн том хутагт төрөх юм. Тэр хутагт нь олныг баяжуулах байхгүй юу. Магадгүй хутагт миний хүү ч байх юм уу? гэж ярьж байв.
Яагаад ч юм хүү гэдэгт бат итгэлтэй байсан аав маань ийм хөөрхөн гүнжтэй болсон. Харин хутагт гэхээр заавал эрэгтэй хүүхэд байх уу эсвэл эмэгтэй ч байж болох юмуу, Дээгий л мэднэ дээ. Үнэхээр охин нь онцгой нэгэн мөн болов уу?

Ах дүү гурван МАНГАС
Нөхөрлөл эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссан даа гэдэг. Т.Дэлгэрмөрөн, Амараа, “Харанга”-ын Лхагваа хэмээх гурван хүчирхэг хоолойтон, имижтэн нийлсэн нь утгаараа рок поп ертөнцийн мангасууд байлаа. Тэд хувь хувьдаа амьдралын хүнд шалгуур сорилтыг туулж унаж ч босож ч үзсэн. Хэцүү нэртийн хаалга ч яагаад ч юм нэг хэсэг үргэлж ойрхон байв. Товчхондоо эрсдлээс айдаггүй хүмүүс, мангасууд юм даа. Лхагвааг баригдах үед Дээгийг увайгүй үйлдэл гарган ахыгаа хөнтөрсөн гэж гүтгэх ч үе байв.
Т.Дэлгэрмөрөн: Үгүй шүү залуус аа, толгойн дээрээ монгол төрийнхөө соёмбыг шивүүлсэн Дэлгэрмөрөн хажуудах хүнээ барьж өгдөг тийм арчаагүй хүн биш ээ. Тийм ч учраас өнөөдөр миний Лхагваа ах эрх чөлөөтэй болоход ойрхон байна. Батлан даалтанд гараад ирэхэд нь бид тэврэлдэн уулзсан. Үүнийг хараад хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж байхад нь бид хоорондоо инээлдэж байгаа юм. Энэ л бидний аз жаргал юм даа. Хэзээ нэгэн цагт миний монголын ард түмэн энийг ойлгох цаг ирнэ гэсэн нь биеллээ олсон.
Эхнэрээ хүссэнээр нь гоё!
Т.Дэлгэрмөрөнгийх л байх учиртай Жулиана. Эх дэлхийн бөмбөрцгийн хоёр талаас бие биенээ үгүйлэн, тэмүүлэн хүлээсээр учирсан тэдний хайр гайхалтай. Энэ л жинхэнэ романс, энэ л жинхэнэ хайрын үлгэр, энэ л жинхэнэ чин хайрын ертөнц. “Дээгий гэргийгээ хэвтэрт ортол зодлоо” гэх мэдээлэл цацагдан олон нийтийг гайхшруулсан үе бий. Бичсэн сонин нь шүүхэд дуудагдан, гэргий нь хэвлэлийн бага хуралд оролцсон. Үнэндээ Дээгий зодоонч, яахаас ч буцахгүй шийдэмгий нэгэн ч гэсэн амьдрал дээр уяхан туяхан аав, нөхөр билээ. Охин, эхнэр хоёроо гэхээр л тур ёстой нураад уначихдаг.
Эхнэрээ хүссэнээр гоё, тэгээд тэр эмэгтэйгээр амьдралаа гоё! Дээгийгийн гэргий ийм дэгжин бүсгүй.
Дээгийгийн гэр бүл оёдолчинтой. Орчин цагт худалдагчид хөтлөлцөөд явсан юм шиг ижилхэн бараа лангуундаа овоолдог нь зарим хэрэглэгчдийг залхааж орхиж. Үнэтэй брэнд гэхээсээ орчлонд орь ганц hand made хувцасыг олны танил хүмүүс сонгох болсон. Дээгий өөрийн стилиэ ийн тодорхойлж байна. Тэр хэзээ хаана яаж хувцаслах, хэрхэн сайхан харагдахаа мэддэг хүн. Урлагийн хүн ийм л байх ёстой.
“Хэзээ хаанаас зураг дарна гэж чухал царайлж явах юм. Миний муухай зургийг гаргалаа” гэж хошуугаа унжуулдаг хүмүүс Дээгий, түүний гэр бүлийг нэг харчихаарай. За энэ наргиа ч яахав. Нэгэн гэр бүлийн фото ертөнцөөр хийсэн аялал ийн өндөрлөж байна.
“Фото түүх” дараа нь таныг ч дурандаж мэдэх юм, бэлтгэлтэй байгаарай.
Эх сурвалж: "Гранд сэтгүүл"
Бэлтгэсэн У.Цахирмаа, Д.Цэгц
Сэтгэгдэл (7)