Цол гуншингийн цогтой марафон!

Өөрөө өөрийгөө өндөрт өргөмжилж, үнэн худлыг ялгахад бэрх сэтэр мяндаг зүүсэн шинэ цагийн “гоц” сэтгэлгээтнүүд элбэгшиж буй. Үүний хажуугаар хамгийн олон цол гуншин, сэтэртэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Зарим нэгэнд нь нэрийн хуудас бичих ч албан тушаал байхгүй байхад заримд нь бурхан харамгүй хайрласан байх юм гээч. Өөртөө цол чимэг олгох, нэр сүр өгөх явдал газар авсан энэ цагийн эгэлгүй баатруудыг танилцуулж байна. Ерөөсөө нийгмийн бүхий л салбарт цол гуншинтанууд дүүрэн болжээ.

Эцсийн дүнд ийм хүмүүс байдаг тулдаа л бидний амьдарч буй нийгэм сонирхолтой, солио гажигтай байдаг ч юм уу даа. Юутай ч хийж буй үйлдэл, хэлж буй үг бүхнээрээ өөрсдийгөө өвөрмөц нэгэн болгодог өнөө үеийн Монголын хамгийн сонин, содон цол гуншинтай хүмүүстэй танилцацгаая.

 Эхний шанг тавьсан эрхэм 

Нэгэн цагт Монгол бөхийн хоймор эзэгнэж явсан дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын цол гуншингийн уртыг гайхан бахархдаг байсан цаг саяхан мэт. Энэ хоёр эрхэм магад Монголын хамгийн урт, цол гуншинтай хүмүүсийн жагсаалтыг тэргүүлнэ. Харин тэдний нэг нь л өөрийн цол гуншингаа тоох юмгүй хээвнэг албажуулсан. Тэр бол мэдээж алиа, марзнаараа алдартай Мөөеө аварга. МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Их шавийн” дээд сургуулийн захирал, Д.Д.Д.Д.Д аварга, профессор Ж.Мөнхбат гэсэн албан ёсны хаяг түүний нэрийн хуудас болон өрөөний үүдэнд дурайна шүү дээ. “Д.Д.Д.Д.Д” гэдэг нь “даяар дуурсагдах, далай даян дархан” гэх үгний товчлол.

Хэтэрхий урт байсан болохоор ийн сонирхолтой байдлаар товчилсон байх юм. Харин Их шавийн дээд сургуулийн шинэхэн оюутнууд захиралтайгаа уулзах гэж ирсэн биш цол гуншинг нь унших гэж хэл хугарах шахлаа гэж үе үе онигоонд оруулах нь бий гэдэг. Ингэхэд ийм алиа марзан ч гэмээр санаа мань Мөөеө аваргаас л гарна шүү, тийм ээ.

Б.Сарандаваагийн "Сүрлэг" цол гуншин 

Сошиал ертөнцөд түүнийг “Мөрөөдлийн баг”-ийн алдартай гишүүн л гэдэг. Зарим хүн түүнийг их багш, Монголын шилдэг зөн билэгч гэх мэтчилэнгээр авгайлдаг. Харин түүний цол гуншинг жагсаавал ийм урт жагсаалт гарч байна. “Монгол Аура” энергийн төвийн тэргүүн, Монгол Улсын боловсрол судлалын философийн доктор, АНУ-ын Рочивейл их сургуулийн шинжлэх ухааны доктор, сүнс судлаач, Түмэн гэрэлт Дарь эх, мөнгө баригч, дуудагч, мөнгөний эрлэг, Ямандаг хотхоны эзэн, Мозамбекийн хүндэт эдийн засагч, философич гэдэг гэнэ шүү.

Дэлхийн шилдэг лекторын лекцэнд мөнгө төлөх нь бүү хэл, үнэгүй байсан ч танхим нь үзэгчдээр дүүрдэггүй шахам атал 2500 хүний суудалтай Бөхийн өргөө, 3500 хүний суудалтай UB паласын танхимыг фэнүүдээрээ дүүргэж, хэтэвчээр нь мөнгө даллан хишиг буяны даллага авахуулж чаддаг нь Б.Сарандаваагийн л хийж чадах ажил. Тэнд цуглах 2500-3500 хүн тус бүрдээ  22 мянган төгрөгийн тасалбар худалдан авдаг гэж байгаа. Бодит зүйл, хөдөлмөрт итгэхээсээ илүүтэй зөн билэг, далдын ид шидэд найддаг орчин цагийнхны нэг өрөвдмөөр өнгө төрх нь энэ юм уу даа. Тэдний тархийг угааж, бизнесээ цэцэглэхүүлэхэд Б.Сарандаваа гуайн дээрх урт цол гуншин ч хэрэгтэй болдог л байлгүй дээ.

Хунтайж Давааням 

Монголд гоц гойд төрсөн хүмүүсийн нэг Хунтайж Давааням гэх энэ эрхэм. “Манай эмээ Бөртэ их ухаантай хүн байсан шүү дээ. Өвөө Есүхэйг татарчуудад хорлогдсоны дараа таван өнчин хүүхдээ тэжээх гэж мөн ч их зовсон шүү” хэмээн нулимс дуслуулах нь халаг ярьдаг нөхөр. Хачиртаа түүнийг ямар хааны хүү, бас хэн хунтайжаар тодруулж өргөмжилсөнийг мэдэх хүн нэг ч байхгүй. Хэлэмгий, доломгой, илтгэх чадвараараа Монголдоо Эби Ерөнхийлөгчийн араасаа номер 2-т бичигдэх хунтайж өөрийгөө “Монгол брэнд” хэмээн тодотгоод авсан түүний ээлжит нэгэн сенсааци ингэж эхэлсэн юм.

Анх Дархан хилийн хөдөлгөөний тэргүүн хэмээгдэж явсан залуу эр гэв гэнэт Чингисийн үр сад, тэр тусмаа 36 дахь угсаа залгамжлах ханхүү болсноор олныг жинхэнэ алмайруулсан. Түүний цол гуншин бараг богино өгүүллэгийн хэмжээнд очих нь. Тухайлбал “Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн, Хунтайж, Чингисийн ач, Тэнгэрийн элч, Эш үзүүлэгч, Маршал корпус командлагч, Баатар, Дэлхийн аварга, АНУ-ын их сургуулийн хүндэт профессор, академич, доктор, эрдэмтэн, ерөнхийлөгч, хунтайж П.Давааням гэж хөвөрнө.Ийнхүү хунтайж Давааням одоогийн байдлаар Монголын хамгийн олон сэтэртэй хүнээр тодроод байна. Саяхан гэхэд л энэ цол гуншин дээрээ дахиад цол хэргэмтэй болсоноо зарласан.

Д.Ухнаа гуайн ухаан алдам нэрийн хуудас 

“Одон медалийг хадгалах хэрэггүй, зүүцгээ” хэмээн хэлдэг Д.Ухнаа гуайг танихгүй хүн Монголд байхгүй. Гэхдээ Д.Ухнаа гуай дээрх эрхмүүдээс бага зэрэг өөр, гэхдээ мэдээж ойролцоо утга агуулгатай учраас энд онцлогдсон болно. Цол гуншин нь Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, ОХУ-Буриадын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн,  СУИС-ийн хүндэт профессор, найруулагч Д.Ухнаа. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • kkkk
    hahahaha savj unalaa.....Yanaa ene humuus erthen chad hiigeed daraagiin ue garch ireesei....aria l heterjiinaa..
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • mino
    mungunii erleg.. haha
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Сарандаваа л ичмээр юм,тэр Мозамбиктаа очооч кк
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025