Grand photo: Төрийг удирдана!!!
2015/05/08

Тун ч сонирхолтой нэгэн фото зургийг танд сонирхуулъя. Ардчилсан Монголын түүхэнд төр жолоодсон дөрвөн эрхэм байдгийн гурав нь олон жилийн өмнө нэгэн зурагчны дуранд ингэж буужээ. Гурван өөр өнгийн дээл, гурван өөр загварын малгайтай гурван ноёнтон ааш араншин, стиль имижийн хувьд ч гурван өөр том ертөнц билээ.

Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабанди хий гишгэдэггүй хашир догь имижээрээ алдартай. Улс төр хийгээд амьдралын найз нөхдийн хүрээллээрээ ч тун догь үзүүлэлттэй түүнийг Ц.Балдорж агсан, Ш.Отгонбилэг агсан хоёртой шороо идэж өссөн найзууд гэдгийг нь олон түмэн андахгүй. Хааяахан “Титэм үг”-ээр ард түмэнтэйгээ уулздаг Багаа ерөнхийлөгч өдгөө улс төрийн өөрийн бүлэглэл фракцынхаа ард бодлого зангидаж, хор найрууланхан суугаа. Их хуралд ч өрсөлдчихсөн явахыг үгүйсгэх аргагүй байгаа.

Удаах ерөнхийлөгч Н.Энхбаяр урт шар дээлтэй хүн гэгдэх хүртлээ алдраа мандуулсан нэгэн. Монгол төрийн гурван өндрөлөгт гурвууланд нь заларсан тэрээр төрийн тэргүүний сэнтийнээс буумагцаа халаагүй хааны суудлаас эгнэгт жийгдэж байгаагаа мэдээгүй болов уу. Түүний улс төрд чирж оруулсан эрхмүүд хүний үнэргүй хуйхнууд байсан нь энэ эрхмийн уналтын гол шалтгаан гэдэг. Нэг үгээр тэр баг бүрдүүлэхдээ муу. Урт шар дээлтэй хүн энэ сонгуульд анх удаа өөр намаас нэр дэвшиж, тоосоо өргөнө.

Харин 3 дахь ерөнхийлөгч Эби өдгөө монгол төрийн жолоог атгаж суугаа. Сэтгүүлчээс төрийн тэргүүн болох хүртлээ мөн ч их юм үзэж туулсан үйлтэй толгой. Ялж, ялагдахын амтыг ч ханатлаа амссан. 2013 онд ерөнхийлөгчийнхөө суудлын төлөө дахин өрсөлдөхөөр хэдийнэ сэм ханцуй шамалсан. Ямартай л гарынх нь хүн Америкт сонгуулийн пиараар мэргэшихээр номын дуу сонсож буй.

Юутай ч тэдний хэн нь хэн ч байсан гэлээ хувь төөрөгтэй, үүрэг даалгавартай мэндэлсэн эгэл жир бус эрхмүүд гэдэг нь л үнэн юм.  

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин