Жил бүрийн 4 дүгээр сарын 22-ыг НҮБ-аас “Эх Дэлхийн өдөр” болгон зарлаж дэлхий нийтээр тэмдэглэдэг болсон билээ. Тэгвэл энэ жил “Эх-Дэлхийн өдөр”-т зохиурлан тун гайхалтай үдэш өчигдөр Төрийн ордонд болж өнгөрсөн юм. АНУ-ын Лос-Анжелес хотноо ганцхан удаа тоглосон “Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзиклын дүрс аялгууны эх бичлэгийг монгол хадмал орчуулгатайгаар Төрийн ордны “Их танхим”-д үзүүлсэн юм.

Улаан хивсний ёслолоор эхэлсэн мюзиклыг үзэх гэж тэсэн ядан хүлээсэн Монголын мянга мянган Чин Хай багшийн шавь нар болон Монголын урлагийн алдартанууд хуран чуулсан гайхалтай үдэш боллоо.
Уг мюзиклийг дэлхийн 16 орны урлагийн одууд хамтран бүтээлцсэн ба Оскарын 4 шагналтан, Грэммийн 15 шагналтан, Тонийн 3 шагналтан, Эммийн 6 шагналтан оролцсон бөгөөд олон орны үндэсний болон уламжлалт, орчин цагийн болон эртний урлагийн олон төрлүүдийн нэг цогцолбор хэлбэрээр багтаан, эдгээр орны урлаг соёл, уламжлалын дуу хөгжим, яруу найргийн гайхамшигт хэмнэлээр төгөлдөр сайхан найруулан тавьсан нь урлагийн ертөнцөд өмнө нь тохиолдоогүй үзэгдэл болсон хэмээн урлагийн сор болсон алдартангууд үзсэн байна.

Дэлхийн олон үндэстний соёл урлагийг багтаасан уг мюзиклээс яруу найраг, бүжиг, дуурь, аялгуут дуулал, жүжиг зэрэг урлагийн олон төрлүүдийг нэгэн цогц хэлбэрээр дэлгэн үзүүлж болдог юм байна гэдгийг харж болно. Уг бүтээлийг хүн хүнээ хайрлах ухаарал төрүүлсэн, хүн бүрийн дотоодод байдаг ариун нандин чанарын эрэлхийлэлд хариу өгсөн хосгүй бүтээл гэдгийг урлаг, хөгжим судлаач, эрдэмтэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, эдүгээ дэлхийн олон улс орон өөрийн хэл дээр хөрвүүлэн толилуулсаар байна.

Энэхүү арга хэмжээг Чин Хай Олон Улсын Нийгэмлэгээс UBS music хөгжмийн сувагтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд манай улсын урлаг соёл, төр нийгмийн нэрт алдартнууд, Улаанбаатар дахь олон улсын байгууллагууд болон гадаадын ЭСЯ-дын ажилтнууд уригдан оролцсон. Арга хэмжээний үеэр “Аниргүй нулимс” яруу найргийн номын нээлт болж, Их багш Чин Хайн зарим уран бүтээлийн үзэсгэлэнт толилуулж, веган /ургамал/ хоол хүнсээр хүлээн авалт болсон юм.

Мөн Чин Хай Олон Улсын Нийгэмлэгийн “Байгальд ээлтэй баатарлаг үйлстэн” шагналыг байгаль орчныг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга, УИХ-ын гишүүн доктор С.Оюун тодорсон гайхалтай сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө.





















Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна