Энэ жил 95 насыг зооглоод өндөр их сүүдэр зэрэгцсэний ойгоо утга зохиолын ертөнцийнхөнтэйгөө хамт тэмдэглэн баяр жаргалаар бялхан суух ховорхон хувь тохиолын эзэн Б.Баастынх байлаа. Тэрээр эдүгээг хүртэл унших, бичих хоёрыг нэг ч өдөр үзгээ тавилгүй туурвисаар байгаа бахархам эрхэм.

Ижийдээ үнсүүлсэн азтай хүү:
Б.Бааст 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. Түүний бага нас Алтөнцөгц сумын Түнгэ, Хоогийн булаг зэрэг газруудад өнгөрсөн. Тэрбээр хар багаасаа л ээжээсээ хагацсан. Б.Бааст эхээс арван наймуулаа өнөр өтгөн айлын хүү байв. Гэвч ээж нь хамгийн бага хүүхдээ төрүүлчихээд нялхын халуунаар өөд болсон гэдэг.
Эх нь өвддөг жил хүрээнээс аавынх ах ламын гэрийг нүүлгэж ирээд хүүхдүүдийг аавын ээжийн эх гэх харгис чавганцын \Б.Баастынхаар\ гарт атгуулчихав хэмээсэн билээ. Тэр хахир чавганц гэгч хүн нь аав ээж хоёр руу нь хүүхдүүдийг явуулахгүй хар цай, хатуу хуруудаар л хооллодог байжээ. Нэг өглөө Б.Бааст гуайг харгис чавганц нь том хар домботой халуун хар цайг хоёр аяганы хамт бариулаад ээж аав хоёртоо оруулж өг гээд явуулсанд ижийнхээ барааг харах том аз таарав. Үс нь сэгсийж, нүүр нь үрчийсэн ижийг нь аав дээлэнд ороогоод тэврээд суучихсан байж байв. Энэ тухайгаа “Авчирсан цайгаа аягатай нь тулганы дээхнэ тавьчихаад гар хуруугаараа оролдон зогсож байтал ээж нь үнсье гэж дуудан үнсүүлэв. Хоёр гурав хоноод ижий минь нас барсан. Тэр олон ах, эгч нараасаа ижийнхээ барааг хамгийн сүүлд харж, үнсүүлсэн азтай хүү нь би” хэмээн ярьсан гунигт түүхтэй.
Олон өнчин хүүхдүүд үлдэж хатууг туулж байхад аав нь гурван хүүхдээ айлд өргүүлж, Б.Баастыг ч айлд өргүүлэх шахсан гэдэг. Ийм л хатуу бэрх цагт төрж өсөж, амьдрал гэгчийг жинхэнэ утгаар нь туулсан энэ эгэлгүй эрхэм монголын утга зохиолын салбарт нэрээ үлдээсэн намтар түүхтэй.
Шүлгээр урамшсан ирээдүйн зохиолч:
Б.Бааст 19 насандаа буюу 1940 онд нийслэлд анх хөл тавьж нэгдүгээр сургуулийн анхны есдүгээр ангийн сурагч болж байв. МУИС байгуулагдахад Мал эмнэлгийн ангид элсэн суралцсаж байсан ба 1951 оны “Улсын ударник” болов. 15 настайдаа буюу 1936 онд Анхны шүлэг болох “Миний нутаг”-аа бичсэн гэдэг. Уг шүлэг нь 1940 онд “Монголын ардын хувьсгалын үндэсний соёлын зам” сэтгүүлд хэвлэгдэхэд бяцхан хүү урам зоригоор бадрав.

Хойтон жил нь Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулсан шүлгийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлж их жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаагийн гарын үсэг бүхий батлахаар шагнуулсанаа бахархалтайгаар дурсан ярьдаг.
Залуу багшийн хөгтэй явдал:
Тэрээр Алтанцөгц сумын Хоогийн булаг хэмээх газарт баян Төрбат гэдэг хүн хувийн хүч хөрөнгөөр 50 хүүхэдтэй, зуны сургууль байгуулахад гурван cap багшилжээ. Нэг өдөр хэдэн сурагчдаа дагуулаад хувин, гадас барьчихаад зурам намнаж явтал Төрбат баян давхиж ирээд "Чамайг ардын үр хүүхдэд ном сурга гэснээс, амьтан алж нүгэл хий гэж багш болгоогүй" гээд ташуураа далайлгахад сурагчидтайгаа уйлалдан сургууль дээрээ ирсэн гэдэг.
Тэрээр залуудаа жаахан бүжиг оролдож давгүй сайхан бүжиглэчихдэг байжээ. Ленин клуб зуны улиралд гаднаа бүжгийн талбай засчихдаг байсан тул нэг удаа Чойжилын Чимидтэй хамт очиж бүжиглэжээ. Бүжгэнд орохдоо пиво уудаг байснаа сүүлдээ архи амсдаг болж. Тэгээд нэг удаа ухаан алдталаа согтож тэндэхийн зоогийн газрын ширээн дээр гарчихаад илтгэл тавьж, мөнгө цацаад, сүйд болсон хөгтэй түүх ч байдаг аж.

Амьдралын хатуу өнгө:
Тэрээр Баглай, Бадам, Бадаан (Цэвээнгүр) гээд охидод гэнэн балчир цагтаа анхны хайраа илэрхийлж явсан тухайгаа нэгэнтээ хэлсэн байдаг. Анхны хань нь бүр залуу байхад нь нас бараад хэдэн жил ганцаараа явсан. Мөн түүний ханилсан хоёр дахь хань одоогоос хорин хэдэн жилийн өмнө бурхан болсон. Б.Бааст гуай “Гэрийн нэг багана хугарах хэцүү. Тэр тусмаа эмэгтэй талын багана хугарах бүр хэцүү. Би одоо бол гадаа гарч эр болж, дотор орж эм болж л явна” хэмээн ярьж байв.
Зохиолч болоогүй, зохиолчийн хүүхдүүд:
Б.Бааст гуай гурван хүү, дөрвөн охин гээд долоон сайхан хүүхдээ өсгөсөн жирийн эцэг хүн. Тэднээс гурав нь тэнгэр болчихсон. Тэдний хамгийн том хүү Б.Тамир нь Э.Бат-Үүл, сайд асан С.Баяр нартай хамт Дөчин мянгатын хулигаан байсан тухай ярьдаг билээ. Энэ тухай “Даанч архинд толгойгоо мэдүүлсэн хүүхэд байлаа. Э.Бат-Үүл, С.Баяр хоёр зөв замаа олон явсан ч хүү минь архины замаар явсан” хэмээн өгүүлжээ. Тэрээр бага хүү Б.Хэрлэндээ хамгаас хайртай. Хүү Б.Хэрлэн нь их цэвэрхэн бичигтэй мөн зураг зурах авъяастай байсан ч сүрьеэ өвчнөөр, нэг охиноо автын ослоор алдсан их зовлон шаналал түүнд буй.

Тэдний хүүхдүүдээс зохиолч хүн нэг ч байхгүй байгааг гунигтайхан л өгүүлдэг юм билээ. Энэ тухайгаа тэрбээр “Миний хүүхдүүдээс эд материалаар тус болохоос биш эрдэм соёлын талаар тус болох нь алга шиг байна. Намайг нас барахад юмыг маань тарааж эхлэх биз. Эзэн болох хүн алга. Миний юмыг уншдаг хүн алга. Миний тухай ярих хүүхэд байхгүй. Манай аав сайхан хүн байсан, намхан нуруутай навтгар хүн байсан гэхээс өөрийг хэлэх хүн алга. Тийм зохиолыг тэгж бичсэн гэж дурсах хүүхэд байхгүй. Би хэлээд цөхөрсөн. Гомдох ч юм. Ганц туужийг минь ч болтугай унш гээд ядчихсан” хэмээн ярьсан удаатай.
Их зохиолчдын түүчээнд:
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан, төрийн шагналт яруу найрагч Цэвэгмидийн Гайтав, Монголын орчин үеийн үргэлжилсэн өгүүллэгийн ноён оргилын нэг ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ нарын анхны шүлгүүдийг уншиж, редакторлан, залуу зохиолчдын түүвэрт хэвлүүлэн, уран бүтээлийн моринд нь дөрөөлүүлсэн хүн нь Б.Бааст гуай билээ. 86 жилийн түүхтэй Монголын орчин үеийн утга зохиолын 80 жилийн түүхийнх нь гэрч болно

Шагнал:
Түүнд 300 гаруй дэвтэр байдаг гэж яригддаг юм. Мөн 20 гаруй ботийг бичиж, хэвлүүлсэн Монголын утга зохиолд өөрийн гэсэн мөрийг үлдээж яваа ахмад зохиолч. 1966 онд “Намрын уянга” “Дарьсүрэн” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1969 онд “Хангайн бор” “Намрын уянга” номоороо Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд СГЗ цолоор тус тус шагнуулсан юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
П.Урнаа
Сэтгэгдэл (12)