Gee VS Rokitbay

Монголын хип хоп ертөнцөд өөр өөрсдийн гэсэн орон зайг дархалж яваа хоёр залуу реп бий. Тэд хийж буй уран бүтээлээрээ өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлдэг юм шиг. Магадгүй энэ байдалд фенүүд нь илүү их дуртай байдаг биз. Өөр өөрсдийн гэсэн уран бүтээлээ туурвиж, сонгосон мэргэжлээрээ бус реп хийх хүсэл мөрөөдөлдөө үнэнч үлдснээрээ тэд адилхан. Ингээд Gee, Rokitbay нэрээрээ олонд танигдсан авъяаслаг хоёр уран бүтээлчийг энэ удаагийн VS буланд онцолж байна. 

Хүүхэд нас:

Gee: Реппер Gee-ийн бага нас Өвөрхангай, Улаанхуаран, Толгойт, Шархад, Нэгдүгээр хороолол гээд олон газар өнгөрсөн. Түүнийг бага байхад тэдний гэр бүл 90-ээд оны хэцүү салхинд өртсөн. Өөөрөөр хэлбэл гэр бүл салалтын их шуурганд өртсөн гэдэг. Түүний аав насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гараад удалгүй талийгаач болсон.  Ээж нь нийтийн тээвэрт ажиллаж байгаад, одоо сургуулийн жижүүр хийдэг хөдөлмөрч эмэгтэй бий. Нэг ч өдрийг гэртээ зүгээр сууж өнгөрөөж чаддаггүй хэмээн Gee ээжээрээ бахархдаг.

Багадаа ундаа зарж, грушг хийж өссөн тэрээр амьдралын хар бараан, гэрэл гэгээг хэнээс ч илүү мэддэг нэгэн. Түүнийг бага байхад гэр нь олон газар нүүж суусан болохоор олон сургууль дамжиж сурсан. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй. Одоо ч өөрийгөө сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж боддог. Энэ тухайгаа “Ямар нэгэн хүнтэй уулзаад тэрнээс нэг зүйл ухаарч ойлгоод тэрийгээ дуу болгоод сонсогчдод хүргэж байна. Энэ бол сэтгүүлчийн ажил. Шууд нэвтрүүлэг хөтлөх, тайзан дээрээс дуулах хоёр яг адилхан зүйл” хэмээн ярьсан удаатай.    

Rokitbay: Rokitbay нэрээр олонд танигдсан О.Баярсайхан Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хороололын унаган хүү. Түүнийг дөрвөн настай байхад аав нь өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн айлын ганц хүү. Багадаа эмээ дээрээ өссөн эмээгийн эрх хүү гэдэг. Тэрээр багадаа их сахилгагүй хүүхэд байсан ч урлагт дуртай байсан гэдэг.  

Түүний өмнө хоёр сонголт тулгарсан. Сургуульдаа үргэлжлүүлэн сураад, жирийн ажилчин болох, хип хоп дуугаа дуулах.  Тэр хип хоп урлагийг сонгож сургуулиа төгсөж чадаагүй. Хип хоп дуулахаас гадна зураг зурах сонирхолтой байсан гэдэг. Багадаа их олон зүйл мөрөөддөг хүүхэд байсан ба хамгийн том мөрөөдөл нь зохион бүтээгч болох. Учир нь түүнд  дэлхийд өмнө нь байгаагүй шинэ зүйлийг зохион бүтээнэ гэдэг гайхалтай санагддаг байжээ. Харин одоо тэр өөрийнхөө энэ мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. Одоо өөрийн уран бүтээлээрээ шинэ зүйлийг бүтээж зохион бүтээгч шиг л ажиллаж байгаа учраас тэр.

Урлагийн анхны гараа:

Rokitbay: Тэрбээр анх 2007 оны үед асуулт форумаар од болсон гэгддэг юм билээ. Тухайн үед “Nevalast” гэж нэртэй байсан бөгөөд түүнийг энэ нэрээр сонсогч фэнүүд нь андахгүй ч ихэнх нь энэ нэрийг нь мэддэггүй байна. Яг тэр үед түүний гол өрсөлдөгч нь “Realyeyzzz” хэмээх нэгэн залуу байв. Тэд ихэвчлэн англи хэл дээр дисслэдэг байжээ. 

Rokitbay Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч байхдаа хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байсан бөгөөд тэнд таван жил амьдарсан байна. Rokitbay Эминемээс авахуулаад гадаадын алдартай хип хоп дуучдыг сонсох дуртай байсан нь урлагийн замыг сонгоход их нөлөөлсөн хэмээн ярьдаг юм.

Gee: 2001-2005 онд оюутан байхдаа сургуулийнхаа хэмжээнд дуулдаг байсан. Тухайн үед хэдэн дуутай ч ФМ радиод аваачиж өгөөд, амбаардуулаад гардаг байсан тухайгаа дурсан ярьдаг.  Мөн Gee-ийн нэг найзын аав нь Герман явахдаа хип хоп дууны CD авчирж өгчээ. Тэр үеэс хип хоп дуу анх сонсох болсон. Дараа нь бичсэн шүлгээ ингэж аянд оруулж, амилуулж болох юм байна гэсэн ойлголт авч, оролдож эхэлсэн тэрээр одоо хүртэл өөрийгөө оролдож байгаа л гэж боддог даруу нэгэн.

Нэрний учир:

Rokit Bay гэдэг нэр бол гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан гэнэ. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан ба энэ нь Баяраа гэж нэрний эхний үе. Нөгөө утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн сонирхолтой утгатай гэнэ. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг ажээ.

Gee: Реппер Gee-ийн нэр бол хоч. Гайхалтай гэдэг үгийн уулга алдсан авиа. Түүнд энэ нэрийг найзууд өгсөн гэдэг. Ингээд хочоороо явсаар байгаад л тэр чигээрээ нэр шиг нь болчихсон. Зарим хүмүүс түүнийг энэ нэрийг гэр хорооллынх гэсэн үг хэмээн тайлж байсан.

Дууны илэрхийлэл:

Rocket Bay: Тэрээр уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг хүсдэг тухайгаа “Бидний амьдарч буй нийгэм ялзарч, бүх салбарт “эвдэрсэн хүмүүс” бий болж байна. Тухайлбал, гэр бүлд архидалт газар авч, эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ нүдэн дээр муудалцаж, түүнээс үүдэн үр хүүхэд нь буруу хүмүүжиж байдаг. Энэ мэт олон асуудлыг уран бүтээлдээ тусгадаг” хэмээн ярьсан.

Харин реппер Gee-гээс олон хүн дуундаа яагаад хараалын үг оруулдаг тухай асуудаг.  Гэхдээ тэр өөрийнхөө дуунууд хараалтай дуунаасаа хараалгүй дуу нь их болохыг хэлсэн. Нөгөө талаар, тэр юуг хараагаад, юуны төлөө хараагаад, яах гээд хараагаад байна гэдгийг хүмүүс ухаараасай гэж хүсдэг. Түүний дуунуудыг хүүхдүүдэд муу үлгэр дуурайл үзүүллээ гэж хүмүүс ярьдаг. Хамгийн харамсалтай нь тэр тийнхүү боддог хүмүүсийг хүүхдээсээ дор ойлголттой байна гэдэг. Хүүхдүүд түүнийг юуг зүхээд байгааг ойлгодог.  Хамгийн сүүлд гаргасан “Уу” гэдэг дууг гаргахдаа архийг зүхэж дуулсан. Хүүхдүүд энэ дуунаас “Архи уувал муухай юм байна”, “Үүнийг Gee гэдэг хүн дуулж байна” шүү гэдгийг ойлгоод, сонсдог.

Тэр нийгмийг буруу муухай зүйлсийг шигшиж нийгэмтэйгээ уран бүтээлээрээ тэрсэлддэг. Тэрбээр баярлах, бахархах, уйлах, уярах бүхий л мэдрэмжээ дуундаа шигнээдэг. Яг л тэр мэдрэмжүүдээ дуундаа буулгаж дуулдаг болох гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

Дэлгэцийн уран бүтээлд:

Gee: “Милл" кино компантай хамтран 48 цагийн дотор бүтээсэн "ҮЛ ХӨДӨЛГӨХ ХӨРӨНГӨ" богино хэмжээний кинонд, мөн “Микроны босс” инээдмийн кинонд туслах дүрийг тус тус бүтээсэн. Rockеt Bay-ийн хамт "Big fish" кинонд тоглож байсан бол хамгийн сүүлд “Алтан ус” уран сайхны кинонд  тоглосон юм.

Rocket Bay: Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливудын өлгий нутаг болох Лос Анжелос хотод 2009 онд бvтээгдсэн “Маргаашгvй” уран сайхны кино юм. 17-н настай хvvхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт тvvнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус киноны гол дүрийг бүтээжээ. Мөн "Big fish", “Эцсийн зогсоол Э цэг” зэрэг уран сайхны кинод тоглосон. ба хамгийн сүүлд “Алтан ус” уран сайхны кинонд реппер Gee-гийн хамт тоглосон. Тэд өмнө нь "Big fish" кинонд хамтран тоглож байсан юм.

Хөдөлмөр зүтгэл:

Gee: Тэрээр нэг ч өдөр зүгээр суудаггүй. Завсар зайгүй уран бүтээл дээрээ ажиллаж, сонсогч фенүүддээ шинэ уран бүтээлээ байнга хүргэж байдаг. Мөн юу хийх гэж байгаа, юу хийж байгаагаа өөрийн цахим хуудаснаа бичиж фенүүдтэйгээ үзэл бодлоо хуваалцдаг. Тэр сонгууль дөхөөд ирэхээр сонсогчдын сонгох эрхэд нөлөөлөхгүй гэдэг үүднээс хэсэгхэн хугацаанд түр завсарладаг гэж байгаа. Уран бүтээлийнхээ хажуугаар залууст зориулан өөрөө загварыг нь гаргаж Jeans Brand–ээ хүргэдэг.

Rockit Bay: Тэрбээр монголын хип хоп дуучдаас гурав дахин илүү хөдөлмөрлөдөг гэж боддог. Мөн бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлгийг шаарлагатай бол хийдэг.  “Хэрвээ би өөртөө зөвлөж байвал “Бүү залхуур”гэж хэлнэ” 

Гэр бүл:

Gee: Эхнэр охиныхоо хамт амьдардаг. Түүний охин одоо дөрвөн нас хүрч байгаа бөгөөд эхнэр нь хараат бус судалгааны хүрээлэнд ажилладаг судлаач мэргэжилтэй бүсгүй байдаг.

Rockit Bay: Тэрээр одоо хүртэл амьдрал зохиогоогүй ганц бие яваа. Энэ тухай асуусан нэгэн сэтгүүлчийн асуултанд  “Үгүй яахав. Эхнэрийг чинь дэлгүүрээс худалдаж авч болдоггүй юм байна. Тэгээд ч сэтгэл санаа нийлсэн хүн ч таарахгүй юм” хэмээн хариулсан удаатай.

Эх сурвалж: www.grandnews.mn

П.Зулаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    жий ах байгаа уу гэртээ уу
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • saraa
    wow.i love rocket bay
    2015 оны 11 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025