УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан нам фракцгүй болсон талаар ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ онцлон дурдаж, олныг гайхшируулаад байгаа. Нам доторх фракц улс төрийн хүрээнд чухам ямархан нөлөө үзүүлж болдогийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, “Шонхор”-оо жинхэнэ утгаар нь шонхор мэт удирддаг нэгний амнаас гарахад бэрхтэй үг юм. Намаа төлөөлөн хийсэн түүний мэдэгдэл үнэн хэрэгтээ гагц З.Энхболд гэдэг хүний амнаас уначихав уу гэлтэй сул, эрчим хүчгүй сонсогдсоныг хэн хүмүүс онцолно.

Шонхор фракц “Өглөөний цай” уулзалтыг санаачлан зохион байгуулж, чуулган эхлэхээс өмнө хамаг л нарийн нандин бүхнээ үгсэн тохирсоор нь ирсэн нь нууц биш. Улс төрийн хүрээнийхний нууц уулзалтуудыг албаны мэдээ хүртэл тараадаг хэлбэр лүү хурцлан оруулсан нам доторх фракц бол “Шонхор”.
Н.Алтанхуягийг ерөнхий сайд байх үед Алтангадас фракц дажгүй сайн хүчээ авч, Р.Гончигдорж, С.Баярцогт тэргүүтнүүд нам дотроо маадгар байсныг “Шонхор”-ынхон ерөнхий сайдын суудалтай хамт унагасан тохиолдол бий. З.Энхболд намын даргын суудлыг авангуутаа өөрт оногдсон сүр хүчээ ашиглан байж хийсэн ҮЗХ-гоо хуралдуулж санал авалгүйгээр гишүүдийнхээ нэр дэвших аймгуудыг хуваарилсан гэлцэх.
Ийнхүү намын дарга нь жинхэнэ утгаараа дураараа дургиж байхад өнөөх Алтан гадас, Ардчилсан холбоо, МҮДН, Кроун бүлгүүд яагаад дуугараагүй юм бол гэх асуулт анхаарал татна. За яахав, тэр Намаа аврах хөдөлгөөн, Намаа шинэчлэх бүлэг тэргүүтэн нь луугаруудын өмнө хүчин мөхөсдсөн байж болох. Нам дотроос яригдаж байгаа шивэр авир ярианы учгаар бол З.Энхболд эхлээд фракцуудын дарга нартай тохиролцож, нэгж гишүүдийнхээ хэл амыг луугаруудаар нам таглуулсан гэх. Түрдээ галыг ингэж унтрааж.

З.Энхболдыг намын нөхөд нь цаашид хамгийн өсөх ирээдүйтэй, манлайлагч хэмээн үздэг нь зүгээр ч нэг үг биш бололтой. Нам дотроо шаггүй хор найруулж, хөшигний цааадах тохиролцоонуудыг яв цав хийдэг түүний ачаар яг энэ цаг үед “Шонхор” фракцийн эгнээ тэрүүхэн тэлсээр нэгэн бүхэл болчихсон мэт сандагдаж болох юм.
Гэвч түр зуурын гал унтраалт дахин ноцолгүй хэр удахыг төсөөлөхөд бэрх. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын эсэргүүнээдээс өгсүүлээд Ардчилсан холбооны Х.Баттулга, С.Эрдэнэ, Алтангадасын Р.Гончигдорж нар хэр удаан дуугүй сууж, фракцгүй намын гишүүний дүрд тоглох бол гэдэг нь сонирхол татна.
Сонгуулийн өмнөх жил хийсэн намын даргын эл мэдэгдэл Шонхор фракцийнхныг хэт баярлуулсан ч хойтон болтол өдий байна. Өглөө нь эрс сайхан мэдэгдэл хийгээд үдээс хойш гишүүддээ бууж өгдөг Ч.Сайханбилэг ерөнхий сайдтай энэ засгийн газрын үе хичнээн ч удаан үргэлжлээ билээ. Маргааш болтол өдий гэдэг шиг сонгууль өнгөртөл АН-ын фракцууд З.Энхболдын үгэнд орлоо юу?
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна