Хаврын хайлган цагаар 2016 онд Бразили улсад зохион байгуулагдах дэлхийн энх тайвны их наадамд оролцох эрхийг Монгол улсаас хамгийн түрүүнд өвөртөлсөн, хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмааг Гранд педиа онцолж байна.

“Сайн буудах юм бол чихэр өгнө шүү”
О.Гүндэгмаа гавьяат арван таван насандаа буудлагын спортоор хичээллэж эхлээд, ердөө зургаахан сарын дараа мастерийн болзлоо биелүүлж, гурван жилийн хойно Олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд оролцож эхэлсэн гэдэг. Спорт хэмээх хүний хатуужил, тэвчээрийг шалгасан их айлын үүдийг татан орсон хэнбугай ч ийм хурдан мастерийн зэрэг өвөртөлчихдөггүй. Чухам тиймээс эрхэм уншигч та лав гавьяат тамирчныг ямархан замаар мастерийн зэрэг авсаныг сонирхон суугаа биз ээ.

Тэр нууц нь их энгийн. Хорь гаруй жил буудлагын спортоор хичээллэж байгаа хатуужилт тамирчны анхны багш аав нь байжээ. Түүний аав ээж нь спортод элэгтэй цэргийн улс. Тиймээс ч охиноо багаас нь спортоор хичээллүүлж эхэлсэн бөгөөд анх цэргийн марш тактикийн тэмцээний үеэр жаалхан охиндоо буу бариулж байсан аж. Охиныхоо хичээл зүтгэлд эрэмшсэн аав нь бэлтгэлийн суурийг гэртээ базааж, тэг зуран буудуулж, шагайлга хийлгэдэг байсан тухай өөрөө дурсан ярьсан нь бий.
Жаахан охин байхад нь “Сайн буудах юм бол чихэр өгнө шүү” гэх аавынх нь үг их спортод хичээнгүй хандах зүтгэлийн галыг нь өрдөж өгсөн гэдэг. Бүр сайн буудвал тэр үеийн цэргийн бэлтгэлийн үед олгодог байсан витаминаар ч шагнуулдаг байжээ.

"Бага Отряд"-аас дасгалжуулагч, тамирчны эхнэр
Цаг наргүй ажилтай ээжийнхээ энгэрээс зүүгдэлгүй аавыгаа дагаж, үеийнх нь нөхдөд “Бага Отряд” хэмээн хочлуулж өссөн хичээнгүй охин өдгөөг хүртэл олны хэл ам, дуулиан шуугианаас холуур нам тайван амьдралыг илүүд үзсээр яваа.
Гэвч түүнийг амьдралын эрээн бараан, романтик хайр дурлалын түүхээс хол хөндүүр спортоо хөөсөөр өнөөг хүрсэн гэвэл бас худлаа. Тэрээр өөрөөсөө үе мултарсан дасгалжуулагч Х.Ундралбаттай арваад жил хамт амьдарч, спортынхны дунд чамирхаж явсан үе бий. Тэдний хамтын амьдралд олон хүмүүс дургүй байсан хэдий ч О.Гүндэгмаа бүсгүй тас зөрсөөр хувь тавилангаа сонгосон гэдэг. Түүний энэ шийдвэрийг спортын амжилтаа бодон гаргасан "чанга бодол" гэлцэх явган яриа ч байсан.

Ямартай ч Х.Ундралбат дасгалжуулагчийн адал явдалт хайрын романсуудыг тэвчилгүй Х.Цагаанбаатартай хамтын амьдралаа өрнүүлсэн бүсгүй өдгөө дөрвөн үрийн зулай үнэрлэж, алдарт эх болсон нь амьдралын таашгүй нэгэн өрнөл гэлтэй. Жилийн 365 хоногийн 250 гаруй хоногт тэмцээн, хамтын бэлтгэлийн шугамаар гэртээ байдаггүй нөхрийнхөө талаар ярихдаа “Нээрээ өөр эмэгтэй байсан бол лав уурлах байх шүү. Ингээд бодсон чинь” хэмээн дурсан ярьсан гавьяат тамирчин монгол үгээр бол хэт “цөлх” гэмээр бүсгүй.

300-аас 300 буюу бахархам амжилт
О.Гүндэгмаа өдгөө зургаа дахь олимпийн эрхээ аваад байна. Өмнөх таван удаагийн олимпийн туршид мөнгөн медалиар энгэрээ мялаасан түүнийг олимпийн одгүй хэмээн гоочилдог. Гэвч тэр 25 метрийн гар бууны төрөлд Монгол хүн дэлхийн амжилтыг шинэчлэн тогтоож, 1980 оноос хойш тасраад байсан мөнгөн медалийн буухайг эх орондоо түүчээлсэн юм. Нийгмийн амьдралд ороо бусгаа сүүдэр дагуулсан 2008 онд О.Гүндэгмаа, ХБНГУ-ын улсын нэрийн өмнөөс өрсөлдсөн МУГТ Д.Мөнхбаяр нарын зэрэгцэн зогссон буудлагын талбай хийгээд шагнал гардан авсан дүр зураг Монгол түмний сэтгэлд мөнхрөн үлдэж, өнөө хэр сэтгэл догдлон ярисаар байна.

Мөн 2004 оны Дэлхийн цомын финалын тоглолтонд тэрээр хурдан бууны төрөлд 300-аас 300 онож, дасгалжуулагчийн техник хийгээд өөрийн ур чадвараа дэлхий дахинд гайхуулж, Монголчуудаас суралцах үлгэрлэлийг үзүүлж чадсан гэдгийг бүх амжилтуудаас нь онцлон дурьдах хэрэгтэй.
Амжилтын түүх
Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хийн гар бууны 10м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.
О.Гүндэгмаа Д.Мөнхбаяр, Д.Оюунтай хамт ДАШТ-ийн багийн төрлөөс 1998 онд хүрэл медаль хувийн төрлөөр 2006онд хүрэл медаль авчээ. Азийн наадмын хувийн (2002) болон багийн (2006) хүрэл медальтай.

Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. Зүүн Азийн наадмын мөнгө (2005), Ази-Африкийн наадмын хүрэл медальтай (2005). 2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдэгээр шагнагдсан билээ.

Хорь гаруй жил буудлагын спортоор хичээллэж яваа эл бүсгүй “Үхсэн ч амьд юм шиг үхэх хэрэгтэй” гэх аавынхаа үгийг амьдралынхаа нэгэн насны ишлэл болгон зүүсээр зүтгэж явна. Дахин хэдэн удаагийн олимпийн тавцан түүнийг хүлээж байгаа бол...
Эх сурвалж: www.grandnews.mn
Г.Үүлт
Сэтгэгдэл (5)