“Би сонин хэвлэлд ярилцлага өгөх угаасаа их дургүй. Миний зарчим бол өөрийгөө рекламдахгүй байх. Надад сонин хэвлэлээр ярилцлага өгөөд байх шаардлага ч байхгүй. Машинаар ярьвал би Монголын рок попын Феррари биз дээ. Тэгэхээр Феррарид реклам шаардлагагүй байдаг юм. Шалдар булдар юм хийгээд нийгэмд таалагдаад яваа хүмүүсийн хажууд би өөрийгөө рекламдаж явахыг хүсдэггүй, тэгээд л тэр” хэмээн нэгэнтээ өөрийгөө тодорхойлж байсан.
Монголын амьд хөгжмийн хамтлагуудаас хамгийн олон фэнүүдтэй гэгдэх “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун болон Монголын хамгийн олон фэнтэй дуучин С.Жавхлан нарыг VS буландаа онцоллоо. Хоёулаа урлагийн одууд хэдий ч адил төсөөтэй болон зүйрлэшгүй өөр өөр зүйлүүдээр баялаг энэ хоёр эрхмийн сонирхолтой VS-ийг сонирхоцгооё. Хамгийн сүүлд МУГЖ С.Жавхлан эрхэм Ерөнхийлөгч болон ЗГ-ыг халз мэтгэлцээн дуудаж жагсаал цуглаан хийж байх энэ үед ноён Бачка дуугүй байсангүй. Тэрээр С.Жавхлан дүүдээ сургамж айлдаж хоёр эрхмүүдийн дунд жижигхэн мэтгэлцээн өрнөсөн билээ. Иймийн учир рок попын болон зохиолын дууны томоохон төлөөлөгч болсон энэ хоёр эрхмийн VS мэдээж хэрэг хамгийн сонирхолтой байх болно гэдэгт итгэж байна.

Овог нэр:
Батсайханы Б.Батчулуун /нас 45/
Самандын Жавхлан /нас 35/

Боловсрол:
Б.Батчулуун: Хөгжим бүжгийн коллежид сурч төгссөн Баачка унаган хотын хүүхэд. Өөрийгөө маш муу сурлагатай хүүхэд байснаа бүрэн дүүрэн хүлээж зөвшөөрдөг ноён Баачка хөгжимд төдийлөн дургүй байсан гэвэл фэнүүд нь лав гайхах байх. Хувийн хэрэг дээр нь авъяас муу, сонсгол дунд зэрэг ер нь л олигтой тодорхойлолт байдаггүй.
Авъяастай үгүй нь хувийн хэргийн тодорхойлолтоор хэмжигддэггүй гэдэг нь хожмоо харагдахаар барах уу, рок попын ертөнцөд цахиур хагалсан нэгэн болж муу сурагч хэмээн хэлүүлж явсан багш нарынхаа амыг ёстой л ар дээр нь гаргасан гэж болно. Төгөлдөр хуурыг төгс эзэмшсэн нь түүнийг рок попд цахиур хагалахад нь хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл гэдгийг Баачка харин ч сайн мэддэг бизээ. Ингээд түүний эзэмшсэн мэргэжлийг товч танилцуулахад ийм байна.

С.Жавхлан: Арван жилийн сурагч байхдаа л урлагийн од болно гэдгээ тодорхойлсон С.Жавхлан Газар зүй, тоо, дуу хөгжимдөө “галзуу” авьяастай нэгэн байсан гэдэг. Арван жилээ Улаангом хотын арван жилийг сурч төгссөн С.Жавхлан анх СУИС-д арван долоон настайдаа хөл тавьж байсан гэдэг. Опера дуучны ангийг сонгож орсон С.Жавхланг төрмөл дуучин гэдгийг мэргэжлийн багш нар нь анх дуулуулаад л мэдсэн гэдэг. Ийнхүү 2003 онд мэргэжлийн дуучин болсон С.Жавхлан тус сургуульдаа магистр хамгаалж 2006 онд албан ёсоор төгссөн гэж болно. Бурханаас заяасан мундаг хоолойг мэргэжлийн сургуульд нь хөгжүүлэх нь тийм ч хэцүү байгаагүй гэдгийг түүний багш нар нэгэнтээ онцолсон байдаг.
Нэрд гарсан нь:
Б.Батчулуун: 90-ээд оны залуусыг “Хос хунгийн дууль”-аар сөхрүүлж, “Цамц”-ыг нь тайлуулж явсан “Никитон”-ы Бачка өөрийгөө Монголын рок попын Ферарри хэмээн эргэлзэх юмгүй тунхагласан. Удам судар, уншиж, сонсож өссөнөөрөө энэ цаг үеийн рок попын гэр бүлд илүүрхэхээс өөрцгүй түүний энэ бардам мэдэгдэл олон ч хүний дургүйг хүргэсэн.
Хэзээнээсээ Монголын орчин үеийн хөгжмийн урлагт цензур, стандарт тогтоох гэж эрмэлзсээр ирсэн түүний чин хүслийг буруутгах аргагүй. Фенүүдээ уйлуулан байж сүүлчийн тоглолтоо хийчихээд холын Америкийг зорьсон Бачкаг 7 жилийн дараа ирэхэд нь төрөлх нийслэл нь улам хөдөөжиж, рок поп урлаг уналтын байдалд орсноор угтсан нь урмыг улам бүр хугалсаныг тэр нуудаггүй. Уран бүтээл туурвиж, тоглолт сэлт хийхгүй байгаагаа ч үүгээр тайлбарладаг. Үнэн хэрэг дээрээ “Хос хунгийн дууль”, “Янаг цэцэг”, “Цамцаа тайл” гээд галзуу мэргэжлийн дуунууддаа хүрэх дайны уран бүтээл түүнээс гарахгүй байгаад үнэнч фэнүүд нь гомдоллоход тэрээр дахин уран бүтээлдээ орсон билээ. Анх “Хос хунгийн дууль” дуугаа Бачка ердөө есдүгээр ангид байхдаа л хийж байсан. “Никитон” хамтлаг энэ үеэс л жинхэнэ утгаараа цөм авч эхэлж рок попд Бачка орон зайгаа тунхагласан.
С.Жавхлан: “Никитон” хамтлагийн дуучин Бачка Монголын хамгийг олон шүтэн бишрэгчтэй нэгэн амьд хөгжмийн хамтлаг рок попд орж ирсэн бол С.Жавхлан ангийн анд Т.Баясгалантай зохиолын дуунд цахиур хагалсан гэж болно. Хамгийн анх С.Жавхланг алдаршуулсан дуу бол Т.Баясгалангийн хамт дуулсан “Хонгорхон үр минь” дуу.
Оюутан ахуй цагаасаа л “од” гэдгээ баталж ирсэн С.Жавхлан зохиолын дууны ертөнцийг “аварч”,нэг ёсондоо сэргээж чадсан. С.Жавхлан зохиолын дууныхаа оргилд гарсан ч гэж түүний үнэнч фэнүүд нь алдаршуулдаг. Өвөрмөц хоолойныхоо хүчинд тэр бусдаасаа ялгарч хот хөдөөгүй С.Жавхланг буюу зохиолын дууны ханхүүгийн дуулсан дуу бүрийг сонсож эхэлсэн цаг саяхан. Нийтийн дуу л гэхээр зөвхөн хөдөөнийхөн сонсдог гэх хэвшмэл ойлголтыг зөвхөн С.Жавхлан бут цохиж чадсан цорын ганц дуучин. Хөдөө, хотгүй С.Жавхлангийн дуугаар амьсгалж, эцэс төгсгөлгүй ард түмнийхээ хайртай хүү нь байж, зөвхөн нийтийн дууны урлаг биш Монголын урлагт нэрээ тодоос тод тамгалж чадсан нэгэн.

Урлагт зүтгэсэн он жил буюу карьер:
Б.Батчулуун: Аргагүй л арваад насаар ах гэсэндээ ноён Бачка урлагт хүчин зүтгэсэн тоогоороо илүүрхсэн ч тэрээр долоон жилийг гадаадад өнгөрүүлж оноо алдсан байна. Гэнэт тодорч гэнэт усанд хаясан чулуу аятай алга болсон Бачка урлагаас илүүтэй гэр бүлээ төвхнүүлэхээр ийн гадаадад долоон жил амьдарсан. Гэвч түүнийг урлаг гэх зүрх сэтгэл нь гэр бүлээс нь салгаж эх оронд нь авч ирсэн гэнэ лээ. Ийнхүү анхны амьдралдаа цэг тавьж рок попын урлагт “Ферари” гэх нэрээ үүрд хадгалж үлдэхийн төлөө тэмүүлсэн Бачка С.Жавхлангаас нэг л зүйлээрээ өөр.

Тэр улс төрд хэзээ ч сонирхолгүй, хэзээ ч улс төрд хошуу дүрж байгаагүй нэгэн. Зөвхөн урлагтаа үнэнч, үнэнч фэнүүдийнхээ цорын ганц “Феррари” байхыг хүсдэг болоод тэр биз. Магадгүй Бачка улс төрийн ямар ч авьяасгүй нэгэн байж болох юм. Гэвч тэрээр олон жил дуншиж байж МУГЗ гэх цол тэмдгийг “Ардчилсан” ерөнхийлөгчөөсөө гардаж авсан. Тийм болоод тэрүү ноён Бачка Арчилсан намын бүхий л томоохон үйл ажиллагааны тэргүүн эгнээнд зогсож, сор болсон уран бүтээлээ хайр гамгүй хангинуулж явдаг байх. Тэрээр улс төрд авьяасгүй хэдий ч бага зэргийн сонирхолтой гэдгээ авсан шагнал, ардчилсан засгийн үед үйлдэлээрээ харуулж хэд хэдэн удаа хэвлэлийнхэний овоо хараанд өртөөд авсан билээ.

С.Жавхлан: 2001 оноос хэлж урлагт хүчин зүтгэж ирсэн С.Жавхлан 15 гаруй жил тасралтгүй уран бүтээл хийж ирсэн байна. Энэ хугацаанд С.Жавхлан МУГЖ гэх цол тэмдгийг 2009 онд авсан бөгөөд гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолч Магсаржав гуайд зүүж өгсөн. Юу гэхээр С.Жавхлан үүнийгээ “ Шагнал инээдтэй юм биш ээ. Шагнал бол уул нь шагнал л юм. Шагналыг шагнал биш болтол нь нэлийтэл, болсон, болоогүй нийтэд тараасан тэр нөхдүүд л инээдтэй. Зохиогүй шагналаа бахархалтай нь аргагүй зүүчихсэн, догдолчихсон цохиж яваа гарууд бүр гуриа!!! Шагнал хэдий чинээгээр цөөн, ховор, нүдээ олсон байх тусам үнэ цэнэтэй байна гэж би боддог” хэмээн үнэн атлаа ширүүхэн хэлсэн С.Жавхланг дэмжиж, буруушааж байсан хүмүүс олон байсан.
Гэвч үнэхээр л С.Жавхлангийг хэлсэн үг биелэлээ олж шагнал үнэ цэнэгүй гэдгээ жилээс жилд баталсаар. Нэрд гарахынхаа хэрээр хийсэн уран бүтээл, хэлж байгаа үг, үйлдэлээрээ бусдаас ялгарч байсан С.Жавхланг буруутгахаасаа илүү зөвтгөх хүмүүс олон бий. Тэрээр сүүлийн гурван жилийн хугацаанд “Хамаг Монгол” төсөлөө амжилттай хэрэгжүүлж Монгол туургатангуудын дунд алдар нэрээ цуурайтуулсаар. Энэ бүхний эцэст С.Жавхлан урлагт биш улс төрд хөл алдаж одоо хэр “улс төр, улс үндэстэн” дамнасан төгсгөлгүй тэмцэлээ үргэлжлүүлсээр байна. Харин энэ бүхэн үр дүнгээ хэрхэн өгч С.Жавхланг дуучин биш, УИХ-ын гишүүн гэж хэзээ харах бол гэсэн үнэнч фэнүүд нь мөн л хүлээсээр. Эцсийн дүнд фэнүүдийнхээ тоогоор ч тэр, улс төрд авьяастай гэдгээ С.Жавхлан, Бачка ахаасаа илүүрхэж байгаа юм.

VS: Б.Батчулуун, “С.Жавхланг улс төр хийгээд яваад байгааг ер ойлгохгүй байна. Бид урлагийн хүмүүс урлагтаа л үнэнч үлдэх хэрэгтэй. Тийм ч учраас С.Жавхлан “популизм” хийгээд яваад байх хэрэггүй л байхгүй юу” хэмээн дүүдээ сургасан. Гэвч ахынхаа өмнөөс хэг ёгь хийсэн С.Жавхлан ийм хариулт өглөө. “Бачка ах яасан их гадаад үгийг шүтэж, бишэрч явдаг нэгэн бэ. Намайг популизм хийгээд байна гэж буруу ойлгосон байна. Би “монголизм” хийгээд байгаа ш дээ. Монгол хүн байж гадаад үгийг бишэрч шүтэх шаардлагагүй” гэж хариулт өгье хэмээн асуултыг нь хариулсан юм. Ийнхүү зохиолын дууны болон рок попын амьд домог болсон хоёр ноёнтонгуудын жижигхэн хэрнээ хөөрхөн бие биенийхээ эсрэг гэдгээ харуулаад авсан цомхон өрсөлдөөн чимээгүй хэрнээ ширүүхэн өрнөөд авсан. Харин С.Жавхлан энэ бүхнийг яриулаад байгаа цаадах хүн нь хэн бэ гэдгийг ард түмэн минь надаар хэлүүлтгүй мэдэж байгаа хэмээн хэлсэн билээ.

Гэр бүл:
Б.Батчулуун: Түүний өвөөг Г.Жамъян гэдэг. Төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, төрийн соёрхолт хүн. Харин аавыг нь Ж.Батсайхан гэдэг ба нэгэн үе байлдан дагуулж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч юм. Харин урлагийн ертөнцөд үе дамжин зүтгэж буй нь энэ гэр бүлийн үргэлжлэл нь мэдээж бидний мэдэх “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун.Хувийн амьдралын тухайд анхны гэргий нь Анагаахын сургуулийн зартай сайхан бүсгүйчүүдийн нэг, Бачкад хүү төрүүлж өгсөн.
Үндэсэрхэг үзэлтэй дуучин эр хүүдээ “Мандухай сэцэн хатан” киноны хатантайгаа тэрсэлддэг эр зориг, цөс ихт баатар Минхайн нэрийг хайрласан бөгөөд аавтайгаа англиар ярьдаг аль хэдийнэ нас бие гүйцсэн эр бий. Ээжийнхээ хамт Америкт боловсрол эзэмшсэн Минхай эх орондоо төдийлөн ирдэггүй гэнэ лээ. Харин ноён Бачкагийн анхны гэргий нь Итали хүнтэй амьдрал хувь заяагаа холбосон гэдэг. Ноён Бачка ч мөн адил хоёр дахь амьдралдаа хөл тавиад багагүй хугацааг үдэж буй. Хоёр дахь гэргийгээрээ өөрөөсөө арван таван насаар дүү мисс бүсгүйг сонгосон Бачка өдгөө хоёр хүүхдийн аав.
Хоёр эхнэрээс хоёр хүү, нэг охинтой ноён Бачка нялх амрагаасаа тэвэрсэн хүүхдүүддээ бас л өвөрмөц нэр хайрласан. Хүүдээ Арсай, охиндоо Ева хэмээн нэр өгч. Тэр С.Жавхлантай хүүхдүүдийнхээ нэр болон эхнэрийнхээ тоогоор тун ойролцоо. Яагаад гэхээр анхны амьдралдаа бүдэрсэн мань хоёр эр хүүхдүүдийнхээ нэрийг хамгийн их бодож, бясалгаж байж өгдөг эрчүүд билээ. Мөн хоёр эрийн үзэсгэлэнт гэргий нэр нь хоёулаа мисс гэх өргөмжлөлтэй. Ноён Бачкагийн гэргий загварын тайзнаа одоо хэр гунхаж байгаа бол С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг загварт биш нөхрийн хамтаар урлагт хүчин зүтгэж айл гэрийн журамт гэргийн үүргээ биелүүлж байна.

С.Жавхлан: Самандын гэр бүл 5 хүүхэдтэй, Жавхлан дөрөв дэх хүү нь болон мэндэлжээ. Ард түмний хайртай хүү болохыг харж амжаагүй ижий аав хоёрыгоо үргэлж санан дурсаж явдаг С.Жавхланг төрүүлж өгсөнд ард түмэн бахархаад бардаггүй биз. Зохиолын дууны ханхүү гэх нэрнээсээ огцорч “Ар Монголын алдарт дуучин” гэх нэршилтэй болсон дуучин С.Жавхлан хувийн амьдралын тал дээр Бачка ахаасаа дутахааргүй намтар түүхтэй нэгэн.

Түүний анхны эхнэр “Торгоны зам”-ын Гантөмөрийн том охин Г.Долгормаа. Албан ёсоор гуйж авааль гэргийгээ болгосон хэдий ч удалгүй төрхөмд нь буцаасан ар монголын алдарт дуучин маань ид мандан бадарч байсан билээ. Анхны хүүхэд буюу том охиндоо С.Юм-Агь хэмээн хатны нэр өгсөн С.Жавхлан олон жил гоонь эрийн амьдралаар амьдарч байгаад мэргэжил нэгт дуучин бүсгүйг амьдралынхаа ханиар сонгосон юм.
Нэлээд хэд дүү, “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй амьдралаа эхлүүлж тэд гурван хүүхдийн эцэг эх болсон. Мөн л өвөрмөц нэр хайрладаг олны танил эрхмүүдийн жишгээр хоёр дахь охиндоо Өдрийн-Цолмон, гурав дахь охиндоо Үжингүнж гэх нэр өгсөн юм. Харин удаан хүлээлгэсэний эцэст өнгөрсөн жил голомт залгах хүүтэй болсон С.Жавхлан хүүгийнхээ нэр зүсийг харин ч нэг нууцалж чадаж буй. Бас л бусдаас содон онц гойд нэр өгсөн нь тодорхой.

Бүсгүйчүүдийн талаар тэд ингэж тодорхойлжээ...
Б.Батчулуун: “Эмэгтэй хүн ухаалаг байвал гоё. Хувцас хунар угаагаад, тогоо шанага барьснаараа эхнэр биш болоод байна ш дээ. Тэгэхийн бол гэрийн сайн үйлчлэгч л авчих хэрэгтэй” хэмээн эрс шулуухан хэлсэн Бачка бүсгүйчүүдийг ийн тодорхойлсон. Мөн эмэгтэй хүнийг ийн төсөөлж хэлж байсан билээ.
“Дунд зэргийн нуруутай, гоё өгзөгтэй, маш гоё биетэй, өөртөө зохицсон зан ааштай, нүдэнд дулаахан бүсгүйчүүд таалагддаг. Заавал царайлаг байх шаардлагагүй, үс их чухал юм байна лээ” хэмээн бүсгүй хүн таалах вкусээ тодорхойлж байсан ноён Б.Батчулууны таалалд нийцэх гэсэн бүсгүйчүүдийн урт цуваа гарч байсан гэдэг. Тэрээр хэлсэн үг, төсөөлж байсан гэргийгээ олж хоёр хөөрхөн хүүхдийн эцэг эх болсон нь энэ болов уу. Мэдээж түүний гэргий загвар өмсөгч гэсэндээ сайхан биетэй, урт намирсан үстэй нэгэн гэдгийг хэн хүнгүй мэдэж буй.

С.Жавхлан: Бүсгүй хүн: "Бүc-үгүй хүн" Эмэгтэй хүн сав хэвлийгээ бүслэж, боож баглавал сав хэвлий халуунтах, ужиг өвчинүүд үүcэх аюултай гэдэг. Эмэгтэй хүн бүс бүсэлдэггүй нь ийм учиртай. Монголчууд эмэгтэй хүнийг бүс эс бүслэхийг сануулан "бүc-гүй" хүн гэж нэрлэжээ. Монголын бүх ястануудын эмэгтэй дээл бүсгүй байдаг.

Хобби:
Б.Батчулуун: Бачка ноёнтоны насны ганц нөхөр нь хайртай ганц овчарк нь. Хүнээс дутуугүй ухаантай, хулгайчаас хамгаалчихдаг немц овчарктаа тэрээр хамтлагийнхаа нэрний эхний хэсэг болох “Ники” хэмээх нэр хайрласан. Олон фэн, олон дотно найз нөхөд байдаг хэдий ч Никигээс илүү дотно янаг хань алга гэнэ лээ. Мэдээж түүний хайртай цасан цагаан төгөлдөр хуур нь ч түүний хоббид багтдаг билээ. Нэгэнтээ “мэргэжлийн бокс их сонирхдог. Хааяа Poker тоглох дуртай. За, нохой бол ёстой жинхэнэ миний хобби ш дээ. Хүмүүс морь цуглуулдаг бол би нохой л цуглуулна” хэмээн хэлж олон хоббигоо дэс дараалан хэлж байсан билээ.

С.Жавхлан: Тэрээр хамгийн сонирхолтой хоббитой нэгэн гэж болно. С.Жавхлангийн хобби бол “үндэснийхээ хувцас”-аар гоёж гангалах. Түүгээр ч барахгүй С.Жавхлан хоббигоо үнэнч фэнүүддээ ч дэлгэрүүлж чадсан. Зөвхөн фэнүүд нь С.Жавхлангийн хоббиг дагаж дууриагаагүй. Улс үндэстэн даяараа даган дуурайж үндэснийхээ хувцас соёлыг дэлгэрүүлж байна. Хэдэн жилийн өмнө С.Жавхлан үндсэрхэг үзлээ үзүүлж үндэснийхээ хувцас соёлыг дэлгэрүүлэн дээдэлж хэзээ ч европ хувцас өмсөхгүй гэдгээ зарласан. Түүний хобби буюу цуглуулсан дээл нь тоо тоогоо алдсан гэдэг. Хавь ойрынхоо хүмүүсийг бүгдийг нь үндэснийхээ дээлийг өмс гэж зааж зөвлөдөг С.Жавхлан авааль гэргийгээ хүртэл европ хувцаснаас татгалзуулсан.

Хувцаслалт:
Б.Батчулуун: Хамгийн анх Бачка хэдий тарчиг байсан ч гандан буурахгүй жигтэйхэн ганган дэгжин их л кноптой гутал, өргөн мөртэй хүрэмтэйгээр анх тайзнаа гарч ирж байсан. Тэрээр С.Жавхлан дүүгээсээ тэр нэг л юмаараа ялгаатай. Тэр хэзээ ч үндэсний хувцас өмсдөггүй цаашдаа ч өмсөхгүй биз. Дээл өмсөж олны өмнө үзэгдэж харагдах нь бүү хэл, дээлний талаар ам ангайж байгаагүй Бачка орчин үеийн рок стиль имижийг бүрдүүлдэг нэгэн. Харин үс ургуулах тал дээрээ С.Жавхлантай тун төсөөтэй шүү. Үсээ ургуулахын дээрээс алт мөнгөн шагайг үснийхээ үзүүрт зангидаж стиль имижээ тодорхойлсон ноён Бачка сүүлийн үед “бааранхай” өмдийг илүү эрхэмлэдэг болоод байгаа билээ.

С.Жавхлан: Анх урлагийн ертөнцөд хөл тавьж байхдаа бусдын жишгээр элдэв янзын хувцас өмсөж байсан С.Жавхлан одоо бол 360 градус өөрчлөгдсөн гэж болно. Хэзээ ч европ хувцас өмсөж монголоо алдахгүй гэх үндэсний үзэлдээ бат итгэж түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж яваа билээ. Тоглолт хийх бүртээ үнэнч фэнүүдийгээ үндэснийхээ дээлийг өмсөж ир хэмээн уриалдаг С.Жавхлан үнэхээр л дээлийг ямар их үнэ цэнэтэй хувцас болохыг яруу тодоор харуулсан.
Нэгэнтээ дээлийг зөвхөн хөдөөний хүмүүс өмсөж билэгдэл төдий хэрэглэж байсан бол одоо харин үндсээрээ өөрчлөгдөж хүн бүхэн дээл өмсөх хүсэл сонирхолтой болсон. С.Жавхлан өөрийн гэсэн оёдолчинтой. Гэргий Г.Эрдэнэчимэг нь хүртэл үйлэнд уран бүсгүй бий. Хүүхдүүд нь хүртэл үндэснийхээ хувцасаар гоёдог бол ноён Бачка гэр бүлээрээ “UGG” брэндийг өвч өмсдөг билээ.

Тэр байтугай МАН-ынхан “давхар дээлээ тайлцгаая” жагсаал хийж үндэснийхээ дээлийг талбай дээр тайлж хаяхад С.Жавхлан жагсаалыг нь эмэргүүцэж байсан удаатай. Дээдэлж явах ёстой дээл хувцасаа тайлж хаяж байсан монгол хүн байх ёсгүй гэж тэр маргааш нь дахин тайван жагсаал хийж байсныг та бүхэн сайн санаж байгаа бизээ.
Тоглолтын тасалбарын үнэ:
Б.Батчулуун: Бачка ноёнтоны тоглолтын тасалбарын үнэ рок поп дундаа л хамгийн үнэтэй. Хамгийн сүүлд 4 дүгээр сард 100-1.000.000 төгрөгийн үнэ ханштай тоглолт хийж зарим хүмүүсийн дургүйцлийг хүргээд авсан шүү. Үнэнч фэнүүдийнх нь хувьд бол сая төгрөг юу ч биш байх л даа. Гэвч энэхүү өндөр өртөгтэй тоглолт дуусах үед нэгэн бүсгүй агсам тавьж ноён Бачкаг эвгүй байдалд оруулаад авсан гэнэ лээ. “Хамраараа гоншигнож дуулчихаад яасан үнэтэй тасалбар зардаг юм бэ” гэх зэрэг үг хаяж үнэнч үзэгчдийн дургүйцлийг давхар хүргээд авсан ажээ. Өмнө нь хэд хэдэн удаа тоглолт хийж байхдаа Бачка дээд тал нь 100 мянгаар тоглож байсан. Тэрээр гурав юмуу дөрвөн жилийн зайтай ганцхан тоглолт хийдэг уламжлалтай.

С.Жавхлан: Анх тоглолт хийж эхлэхдээ л ямар үнэ өртөгтэй байсан одоо хэр цаг үеийнхээ байдлаар л С.Жавхлан тасалбараа борлуулдаг. Одоогоос гурван жилийн өмнө 7 хоног дараалан тасралтгүй тоглолт хийж Монголдоо номер нэг дуучин гэдгээ гайхуулаад авсан.Тэрээр хэзээ ч ам барьж, халтуур хийдэггүй гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Ам барихгүй тасралтгүй долоо хоног тоглосон мөнгөө С.Жавхлан хандивын үйл ажиллагаанд зориулж байсан удаатай.
Түүний хамгийн үнэтэй тоглолт буюу 20 мянган төгрөгийн үнэтэй тоглолтынхоо мөнгийг ч С.Жавхлан хандивын үйл ажиллагаанд зарцуулсан. Мэдээж хэрэг С.Жавхлан шиг ам барихгүйгээр долоо хоног тасралтгүй дуулж чадах хоолойтой дуучин Монголд маань хэд байдаг бол бүү мэд. Тухайн үедээ л сенсааци болж байсан долоо хоногийн тоглолтыг Монголд С.Жавхлангаас өөр хэн ч хийж байгаагүй билээ.

Нийгмийн хариуцлага:
Б.Батчулуун: Монголын цорын ганц Феррари болох ноён Бачка үнэтэй тоглолт хийж үзэгч фэнүүдээсээ мөнгийг багц багцаар авч байсан хэдий ч тэр эргээд ард түмэндээ үйлчилж байгаагүй. Угтаа бол олны танил од хүнийхээ хувьд ганц удаа боловч нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлаж нийгэмдээ тулгамдаж байгаа асуудал дээр гар бие оролцох бичигдээгүй хуультай. Гэвч ноён Бачка иймэрхүү асуудлаас тун холуур явах дуртай нэгэн. Гадаадын амьд домог болсон дуучид, жүжигчид нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлаж хүмүүнлэгийн үйлсд гар татдаггүй жишигтэй. Харин манайд бол бөөндөж нэг тоглолт хийж хандивын үйл хэрэгт оролцдог. Гэлээ ч ноён Бачка орчин үеийн хамгийн хариуцлага муу дуучнаар шалгараад буй. Хамгийн сүүлд хийсэн сая төгрөгийн тоглолт нь хамгийн их тод томруунаар харуулсан билээ. Эдийн засаг хямралтай үед сая төгрөгийн тоглолт хийдэг дуучин Монголд цорын ганц байдгыг монголчууд нүдээрээ харж шүүмжилдэг нь шүүмжилж, дэмждэг нь дэмжсэн. Харин С.Жавхлан эсрэгээрээ эдийн засгийн хямралтай үед “халтуур хийхгүй” гэдгээ мэдэгдсэн билээ.

С.Жавхлан: Тэрээр 2008 оны 7 сарын 1-нд амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл болон, 21 аймгийн өрх толгойлсон ээжүүдэд “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтынхоо орлогоос 10 бүсгүй тус бүрд сая төгрөг хандивлав. Түүний энэ үйлдлийг зарим хүмүүс төрийн өмнөөс С.Жавхлан мөнгө өгч буян болж байна гэж байсан бол зарим нь сонгуулийн шоу, асар том PR хийлээ дээ гэж байлаа. Мөн “Монгол өлсөх учиргүй” тоглолтоо хийсэн МУГЖ С.Жавхлан орлогоо эмзэг бүлгийн хүмүүст зориулсан. Тэрбээр шинэ жилийн ямар нэгэн арга хэмжээнд оролцон “халтуур” хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ тухайгаа “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь мөнгө үрж байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулья” хэмээн уриалсан юм.
Сая саяар нь дуучин хөлслөх нэг нь байхад, өдрийн хоолгүй хонодог нь тэрнээс ч олон байгаа гэдгийг тэр олон хүнд сануулахыг хүссэн буй за. Хамгийн сүүлд л гэхэд тэрээр цагаан сараар хогийн цэг дээр очиж хог түүж амьдарч байгаа иргэдэд сүү тарааж хандивын үйлээ үргэлжлүүлсээр. Монголд С.Жавхлан шиг хүмүүнлэгийн үйл хийсэн дуучин, жүжигчин олны танил хүн байхгүй гээд хэлчихвэл дэгсдсэн болохгүй болов уу. Тоглолт хийх бүртээ хүмүүнлэгийн аян зохион байгуулж “Монгол” гэх нэрийг алдаршуулсаар ирсэн С.Жавхлан нийгмийн хариуцлагаа 100 хувь гүйцэтгэж яваа эрхмээр жил бүр авч байгаа шагнал урамшуулалаас нь харагдана. Жилийн жилд С.Жавхлан Монголын онцлох хүмүүсийн эгнээнд орж хийсэн үйлдэлээрээ илүүрхдэг.
Ингээд тун сонирхолтой, өвөрмөц ерөтөнцтэй хоёр эрхмийн VS-ийг товч танилцуулахад ийм байна. Ямартай ч арван насны зөрүүтэй хэдий ч тэд бол Монголын номер нэгүүд гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрөх биз. Харин хэн нь хэн бэ гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй учраас энэ бүхнийг VS буландаа онцолсон юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (44)