“Би цэргийн алба хаасан эр хүн” гэж цагаан гартнуудын өөдөөс данагар дуугардаг У.Хүрэлсүхгүй өдрүүдэд улс төр давсгүй хоол шиг байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Түүнийг УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг өрөөндөө дуудаж байгаад цохисон, чуулганы үеэр Ч.Баярсайхан гишүүнийг салаавч гаргасных нь төлөө сэтгүүлчдийн өмнө шанаа “өгсөн” үйлдлүүд улс төрийг тун ч сонирхолтой болгож байв. Товчхондоо бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх хэвтээ байдлаас 150 шахдаг нь ч дарга болоод л гүзээндээ “дарлуулдаг” голцуу хүмүүсийн дунд шинэ үзэгдэл.

Улс төрчид дундаас цор ганцаараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай адил гэгддэг У.Хүрэлсүх угтаа бол түүнийг дуурайсан ч юм биш гэдэг. Чухам В.Путин тэр хоёрын хэн нь эхэлж авахуулсан юм, цээж нүцгэн буу бариад зогсож буй, морь унасан нохой эрхлүүлж буй гэрэл зургуудад тун адилхан “поза” харагддаг.
Путин нь Хүрсэлсүхдээд, Хүрэлсүх нь Путиндаад байдаг юм уу, хэлж мэдэхгүй юм даа. Юутай ч хайрт гэргийгээ чилээрхэхэд улс төрөөс зай барьж, ум хумгүй зугтсан сайн эр улс төрдөө эргэж ирсэн энэ өдрүүдэд үндсэн араншингаа алдчихаагүй байгаасай гэж харагсад олон байна. Үхэл, өвчин хоёр л хамгаас хэцүү гэдэг. Гэргийнх нь эрүүл мэндийн асуудал цөс ихт эрийг номхруулсан байж болох. Гэхдээ л сурсан юмыг сураар боож яахин болох билээ, шийдлийн засгийн газрын ширүүн дориун сайд нарын нэг нь байж, наагуураа дайснууд ч цаагуураа эрх ашиг, мөнгөний төлөө нэг хөжилдөө орчихсон улс төрийн ертөнцөд нударганы амт үзүүлээд ч болов, бүдүүлэг, болхиороо дуудуулаад ч болов салхи савир л оруулж байгаарай даа, Шадар сайд минь.

Төрийн ордон дотор хэрвээ цор цор хийгээд ах захаа мэдэхгүй томроод байвал Шадар сайдын нударганы амт хатуу л гэж мэд гэж дэггүй 76-д дуулгаж, томорч баймаар байна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Б.Уян
Сэтгэгдэл (4)