Хэдийгээр найруулагчид хамгийн авьяасгүй нөхдүүд бол хошин урлагийнхан гэдэг ч өнөө цагт хошин урлаг шиг хүчирхэгжиж байгаа урлаг манайдаа бараг л байхгүй. Бусдыг инээлгэж, ухааруулж, уйлуулж чаддаг хүмүүс бол яахын аргагүй хошин урлагийнхан болхоор ингэж хүчирхэгжиж байгаа нь дамжиггүй.

Энэ удаа бид өнөө цагийн хошин урлагын нүүр царай болж яваа зарим жүжигчидийн амьдрал болоод гэр бүлийнхэнийг товч танилцуулая.

Л.Баттулга & Н.Оюунчимэг
“Х-ТҮЦ” продакшины урдаа барих чадалтай, авьяастай жүжигчдийн нэг түүнийг мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Аглуу хошин урлагийнхан дотроо хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг төдийгүй 6 хүүхэдтэй гэдгээрээ ч манлайлдаг. Дорнодод цэргийн алба хааж байхдаа нутгийн бүсгүйтэй учир ургуулж анхны хүүхдээ өлгийдөн авсан гэдэг. Дорнодын бүсгүйтэйгээ нэг гэрт оролгүй тэгсхийгээд хоёр тийш болсон тэрээр удалгүй Уянга гэх орчуулагч бүсгүйтэй ханилж 3 хүүхэдтэй болтолоо хамт амьдарсан. Энэ бүхний эцэст Аглуу 4 хүүхэд өнчрүүлэн дараагийн амьдралдаа хөл тавьлаа.
Түүний дараагийн гэргий нь "Х-Түц" хамтлагийн гишүүн Н.Оюунчимэг байлаа. Н.Оюунчимэг энэ ноёнтонд хоёр охин төрүүлж өгсөн. Аглуугийн эхнэр Н.Оюунчимэгийн хувьд анхны амьдралаа хошин урлагийн нэрт мастер Дашхүү агсаны хүү найруулагч Д.Галбаяртай амьдарч байсан бөгөөд дундаасаа гарсан охиноо аав дээр нь орхиод Аглуутай амьдралаа холбосон нь энэ. Хамгийн сонирхолтой нь найруулагч Галбаяр жүжигчин эхнэрээ мөн л жүжигчин Хулангаар сольж өдгөө тус тусдаа гэр бүлээ төвхнүүлж сайхан амьдарч буй. Харин урлагийнхан нь тэднийг дурлалын дөрвөлжин хэмээн өхөөрддөг.

Н.Ариунболд & Ганцэцэг
Волтрон Бооёо бол Монголын хошин урлагт төрсөн супер үзэгдэл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. “Шинэ үе” продакшинаа байгуулж, үе тэнгийн үхэр хонь жилтнүүд дундаасаа хамгийн шилдгүүдийг цуглуулж, ард түмнийг инээлгэх их үйлсэд сэтгэл шуударч байсан цаг эртнийх. Хошин урлагийн хоршил 3 хэмээн Амбий, Бооёо, Хүрлээ гурав манддаг байсан тэр үеэс хойш энэ эр мөн ч ихийг үзэж, дуулжээ. Яасан гэнэ, Бооёотойгоо муудалцаад Амбий хамтлагаасаа гарлаа, яасан гэнэ, Хүрлээ араас нь бас гарч гэнэ гээд л. Харин Бооёо сайн муу хэл ам, атаа жөтөөг давсаар өдгөө Монголын хамгийн баян жүжигчнээр тодроод буй. Хар шил, хар бүрх малгай өмсөж, үсний үзүүрээс хөлийн үзүүр хүртлээ брэндээр гоёж, одын зиндаа гэгчийг харуулах болсон түүний гэргий ч ялгаагүй. Хошин урлагийн хамгийн дэгжин, эрхэмсэг тэргүүн хатагтай болжээ. Ингэхэд Бооёогийн гэргий Ганцэцэг хэмээх энэ бүсгүйн тухайд түүний 2 дахь сонголт нь.

Оюутан байхдаа айлын эрх танхи ганц охинтой үерхэж, амьдарч суусан ч гэлээ хоёр тийш болсон бөгөөд одоо цагаан сараар хуучин хадмууд дээрээ очиход экс хадам аав нь халамцчихаад “Чамайг ийм баян болохыг мэдсэн бол...” гээд уйлж байсан удаатай гэх яриа ч байдаг. Ямартай ч эр хүн тугал хариулж явсан ч туг бас барьж болдгийг энэ биеэрээ харуулж, өөрийн хүчээр омог бардам амьдарч яваа ноён Б.Ариунболдын гэргий эрхзүйч мэргэжилтэй, Бооёод гурван охин төрүүлж өгсөн үзэсгэлэнтэй бүсгүй бий.

Т.Бархүү & И.Одончимэг
Бүсгүй хүн хүчирхэг амьдрахын тод томруун жишээг харуулж яваа жүжигчин И.Одончимэг хамтлагийхаа хамгийн царайлаг залууг нөхрөөрөө сонгосон. Анхны нөхөр, ууган охиныхоо аав жүжигчин Зоригтоос идэр залуухан насандаа салж, өрх толгойлон үлдсэн алаг нүдэн гавьяат мөн ч олон жил нэр бүхий эрхмүүдийн нууц амрагаар тодорч, элдвээр хэлүүлэхдээ хэзээ ч гандан буурахгүй амьдарч ирсэн билээ. Эцэст нь дөч гарсан насандаа өөрөөсөө үе мултарсан цэл залуухан жүжигчин Т.Бархүүтэй хайр сэтгэлийн романс үүсгэж, хамтын амьдрал зохиогоод нэлээдгүй хугацааг ардаа үдэж буй.
Манай алдар цуутай насны хол зөрүүтэй амрагуудын нэг тэд хэн хэн нь өмнөх амьдралаасаа тус бүр нэг охинтой. Насны зөрүүтэй болоод ч тэр үү, хосуудыг саллаа, эсвэл хөл хүндэрлээ гэж хэвлэлүүд олон жил таамаг дэвшүүлж ирсэн ч эцсийн эцэст халуун хайр сэтгэл ялж, тэд хөөрхөн охинтой болж сайхан амьдарч буй. Олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан хэмээн нэгэнтээ үг унагасан тэрээр өрх гэрээр зогсохгүй бүхэл бүтэн нэг продакшиныг нуруун дээрээ үүрч, өнгөрсөн жилүүдэд эмэгтэй хүн гэдгээ мартатлаа шаргуу хөдөлмөрлөсний эцэст "Х-ТҮЦ" хэмээх хошин урлагийн хамтлагийг Монголын хамгийн шилдэг продакшин болгож чадсан билээ.
Н.Онон & Сарансүх
Цагтаа хүүхнүүдийг битгий хэл эрчүүдийг хүртэл дурлуулж явсан алаг нүдэн Н.Онон хүүхэд, эмэгтэйн дүрийг гайхалтай амилуулдаг жүжигчдийн нэг. Айлын эрх мангар хүү эсвэл ааш гэж адсага авгай нарын дүрийг гайхалтай амилуулж ирсэн түүний энэ амжилтын нууц нь төрөлхийн эмэгтэйлэг, аальгүй гэмээр зан төрхтэй нь холбоотой гэдэг. Тиймдээ ч гудамжинд алхах мяраалаг, царайлаг нас тогтсон эмэгтэйн дүрд илүүтэй тохирох түүнийг түүхэн сэдэвт баатрын дүрд тоглосонд гайхаж хүлээж авсан хүмүүс цөөнгүй.
Уг нь жүжигчин л болсон хойно түүхэн баатрын дүр бүтээх мөнхийн мөрөөдлөө биелүүлсэн нь энэ л дээ. Ононгийн хувьд амжилтанд хүргэсэн мяраалаг бие хаа, өхөөрдөм царайдаа тун ч хайртай, түүгээрээ бахархаж явдгаа ч нуудаггүй. Өөрийгөө намхан нуруутай, царай муутай энэ тэр гэж огтхон ч боддоггүй өөдрөг үзэлтэй түүнийг ямартаа л полдгор Онон гэж хочлоход огт эмзэглэдэггүй нэгэн.
Харин түүний гэргий Сарансүх гэж халуун дулаан гэрэл гэгээг өрх гэртээ татуулсан жинхэнэ монгол маягийн эзэгтэй бий. МУИС-ийн хуулийн ангийг дүүргэж хотын захиргааны үйлдвэр үйлчилгээний хэлтэст мэргэжилтэнээр ажиллахын сацуу удирдлагын академид мастер болохоор эрдэм номын мөр хөөж буй нь түүнийг эрдэм боловсролыг эрхтгүй илтгэнэ.

С.Тэмүүжин & Г.Нарансолонго
Гавьяат И.Одончимэгийн залгамж халааг нэр төртэйгээр авч явах жүжигчин гэгддэг Д.Нарансолонго яах аргагүй чансаа дээгүүр нэрлэгдэх уран бүтээлч. “Харьд одсон бүсгүйн заяа” киногоор олны танил болсон тэрээр уран бүтээлээс гадна хувийн амьдралаараа ч Одноо гавьяаттай хачин адилхан хувь тавиланг туулж яваа. Анхны нөхөр, ууган охиных нь аав харьд ажил хийхээр явснаар олон жил ганц бие амьдарсан тэрээр хамтлагийнхаа хамгийн хөөрхөн, царайлаг Тэмкатай сууж хөөрхөн хүүтэй болсон.
Адтай, хөөрхөн жүжигчин бүсгүйн охин Орос 3-р сургуулийн дунд ангийн сурагч бөгөөд одоог хүртэл охиноо сургуульд нь хүргэж өгч, авдаг. Эгчмэд хайртыгаа удаан хугацаанд эргүүлдсэний эцэст зорьсондоо хүрсэн гэгддэг Тэмка ч аавын хайр халамжийг гэргийнхээ нар болсон охинд харамгүй зориулахын зэрэгцээ хошин урлагийн отгон хамтлаг гэгдэх “Эмоци” продакшинаа нээсэн нь өдгөө амжиллтай яваа.
Г.Ундармаагийн эрдэнэ
Говь-Алтай аймгийн харьяат улаан хацартай, хөдөөний охин хар багаасаа урлаг уран сайханд дурлаж, дуулж, бүжиглэчихсэн явдаг байсан нь Г.Ундармаа. Багын энэ л мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-д ороход унаган багын найзууд нь “гал” Ундармаа ч нэг юм дуулгах нь гарцаагүй гэж байсан гэдэг. Оюутан байхаасаа урлагийн тайзнаа гарч, авьяасаа гайхуулж эхэлсэн тэрээр уран бүтээлийнхээ эхэн үед хошин урлагийн загалмайлсан эцэг Б.Батзаяатай романс үүсгэж, хөл алдан дурласан гэдэг. Харамсалтай нь гавьяат хайртай бүсгүйгээ хардахдаа биед нь гэмтэл учруулж дуулиан шуугианыг ёстой тарьж явсан удаатай.
Царай зүс, бие хаа, авьяас чадлаараа хэний ч дор орохгүй Г.Ундармаа энэ бүхний эцэст үе тэнгийн сайхан монгол эртэй учирч хөлгүй хурим хийж байлаа. MCS-ийн Ж.Оджаргал ноёнтны хамаатан энэ бүсгүй уран бүтээлийнхээ хажуугаар “Анун”-д менежерээр ажиллаж байсан бөгөөд чухам MCS-ийн тогооноос заяаны ханиа олсон түүхтэй. Насныхаа ганц хайр эрдэнэ мэт эр хүнээ олсон хэмээн итгэл төгс өгүүлэх жүжигчин бүсгүй өдгөө чөлөөт уран бүтээлч болж хошин урлагаасаа өрх тусгаарласан гэж болно.

П.Эрдэнэзаан & М.Энхнар
Анх Боёотой хамтарч хамтлаг байгуулж байсан сонин түүхтэй жүжигчин П.Эрдэнэзаан өдгөө хошин урлагт өөрийн байр сууриа олсон "Маск" продакшиныг уран бүтээлийн гар нийлсэн андууд болох С.Мөнхсайхан, М.Баярмагнай нартай хамтран байгуулсан түүхтэй. Тун богинохон хугацаанд хүчээ авч авъяаслаг залуусыг эгнээндээ нэгтгэж ёстой л нийгмээ мэдэрч шинийг сэтгэж тайзнаа тавьдгаараа бусдаас ялгардаг тэдний хамтлаг жилээс жил улам хүчээ авсаар.

Түүний гэргий М.Энхнар гэж хөгжим бүжгийн коллежид багшилдаг сайхан эмэгтэй бий. Анхны хүүгээ төрөхөд нь харах гэж яарсандаа төрөх эмнэлгийн цонхыг цөм цохиж байсан мань эр эхнэртээ дөрвөн хүүхдийн захиалга өгч байсан бол эднийх одоо нэг хүү, хоёр охинтой. П.Эрдэнэзаан дөрөвдүгээр сарын нэгэнд төрсөн гээд бодоход үнэхээр түүнийг хувь заяа нь хөтөлсөн гэлтэй.

М.Баярмагнай & Ж.Нарантунгалаг
“Маск” продакшны тулгын гурван чулууны нэг нь жүжигчин М.Баярмагнай яах аргагүй мөн. Урлагийн тайзнаа хөл тавьсан цагаасаа хойш уран бүтээлээ тасралтгүй хийж яваа тэрбээр гэр бүлийн амьдрал, анд нөхөрлөлийн тал дээр тун ч нухацтай ханддаг нэгэн гэлцдэг юм билээ. Ямартаа л, өдийг хүртэл үерхэж нөхөрлөж яваа багын найздаа цоо шинэхэн автомашин бэлэглэн амьдрал ахуйд нь тус нэмэр болохоор хичээсэн гэхэв. Тэгвэл авьяаслаг жүжигчний арын албыг залгуулж, үр хүүхдүүдийг нь өсгөн хүмүүжүүлж яваа гэргийг нь Ж.Нарантунгалаг гэдэг. Өнгөрсөн онд бүл нэмж, хоёр дахь хүүгээ өлгийдөж авсан жүжигчин М.Баярмагнайгийн гэр бүлд давхар баяр тохиожээ.
Учир нь, том хүүгийнхээ төрсөн өдрөөр бага хүүгээ өлгийдөж авсан тэрбээр энэхүү баярт мөчийг ихэд бэлэгшээж явдаг ажээ. Оюутан ахуй цагаасаа олны танил олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан М.Баярмагнай үүнийгээ харин ч нэг үгүйсгэж ганцхан гэргийдээ үнэнч гэдгээ хэзээд хэлж явдаг. Ямартай ч түүний залуу насны гэнэн томоогүй хайр дурлалуудын нэг дуучин С.Оюумаа, жүжигчин Одмаа гээд хөвөрдөг юм билээ.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (8)