Том гарын хулгайч
2015/02/11

Монголын парламент гаднын уул уурхайн компаниудын далайсан газар нь далдаганан гүйж,далласан газар далд ордог уяаны нохой болсныг гэрчлэх нэгэн үйл явдал өнгөрөгч долоо хоногт багагүй шуугиан тарьлаа. "Арева" компанийн урилга бүхий үдийн зоогт

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Д.Сумъяабазар нарын 11 гишүүн уригдан, Central tower-ын 17 давхарт будаатай хуурга зооглонгоо бувар бувар шивнэлдсэн тухай телевизийнхэн газар дээр нь ганган гардсан мэдээлэл цацагдсан. Хоолыг нь зооглож,хорыг нь хүртсэн юм чинь ходоод дүүрэн,хожоо арвин байж таарна. УИХ-аас гарах шийдвэр энэ мэтээр уушийн ширээний ард урьдчилан яригддаг болсон нь нийгмийн хардлага,бухимдлыг төрүүлж байна. Үүнтэй уралдан цацагдсан бас нэг шуугиан бол дэлхийн түүхийг хүүрнэх Хүннүгийн бунхан бүхий Ноён уулыг ухан,алт олборлох эрхээ "Сентерра гоулд" компани хулгайн замаар өөрийн болгохоор эхний алхмаа хийсэн явдал байлаа. УИХ-ын нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг үдэш оройтуулан байж,үгийн зөрүүгүй шийдсэн бөгөөд хуудуутай хуйвалдаан явуулж,түүнийгээ тас нуусан нь өдгөө тодорхой болоод байгаа талаар иргэний хөдөлгөөнүүд дуугарч эхэллээ.

Харамсалтай нь Гацууртын ордыг стратегийн орд газруудын тоонд сиймхий ашиглан сэмхэн оруулсан энэ шийдвэрийг тухайн өдрийн хуралд сууж байсан гишүүд,хэвлэл мэдээллийнхэн, Ноён уулыг аврахаар тэмцэж буй иргэд ч мэдээгүй нь мэргэжлийн төвшний луйвар өрнөснийг нотолж байж ч болох. Хулгайн аргаар ийнхүү Монголын парламент Ноён уулыг нохойд барьж өгсөн бөгөөд чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулахдаа Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг Гацууртын ордын талаар ганц үг унагалгүй,увайгүй мэх хэрэглэсэн байх юм. УИХ-аас баталсан Стратегийн орд газруудын тоонд багтсанаараа Ноён уул дархлаагаа алдав. Энэ талаар цохон асуусан сэтгүүлчийн асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь " Би яаж мэддэг юм,Энхболд дарга яаралтай шийдээд оруулаад ир гэж үүрэг өгсөн" хэмээн нүүрээ улайлган,нүдээ бүлтийлгэн ам алдав.

Түүний хэлж байгаагаар " Сентерра гоулд"-ын уяаны нохой нь З.Энхболд болж таарч байна. Эрх мэдлээ ашиглан,Эдийн засгийн байнгын хорооны даргыг шахаанд оруулсан байж болзошгүй аж. " Сентерра гоулд" компани Ноён уулын ноён оргилыг дамнасан хоёр ч лицензтэй бөгөөд тэр нь нийт 2300 га газрыг хамардаг. Үүнд Хүннүгийн ховор олдвор, 200-аад булш тэмдэглэгдсэн Сүжигтэй зэрэг ам бүгд багтаж буй. Тус компани 240 га-д олборлолт явуулж,50 тн алт олборлоод,монголчуудад 70 орчим сая төгрөг өгнө хэмээн хошгируулж байгаа. Хэдий тийм боловч Стратегийн орд газарт багтсан Ноён ууланд лиценз эзэмших эрхийн дагуу 2300 га-д малтлага хийн, Хүннүгийн ховор дурсгалуудыг үгүй хийх эрх нь нээлттэй байгаа юм. " Сентерра гоулд" З.Энхболдыг турхиран, уяаг нь уртасгаж богиносгосоор, Ж.Батсуурийг будаатай хуургаар далласаар хулгайн аргаар ийнхүү Ноён уулын алтыг,цаашлаад Хүннүгийн үнэт булш бунхнуудыг ачуулах эрх олж авснаараа Монголын хуульд шууд гар дүрснээс өөрцгүй үйлдэл хийж,том гарын хулгайч гэдгээ нотоллоо. Нэгэнт хулгайч юм хойно,240-300 га-д олборлолт явуулна хэмээж буй нь мөн л хоосон үг гэж ойлгоход гэмгүй. Хүннүгийн үеийн булш бунхнуудыг ч бас алтан дор нуугаад аваад гарах,хилийн чанадад үнэ хүргэж арилжих хаалга үндсэндээ дэлгээтэй үлдэж байна. Тусгаар улсын парламентийг ийнхүү хурууныхаа үзүүрийг дохих төдийд уяаны нохой шиг ард түмэн,түүх соёлынх нь эсрэг турхирч чадаж байгаа энэ компани хүссэнээ өвөртлөхөд ойрхон ирэв. Уул уурхайн сайд Р.Жигжид хэмээх

нөхөр монголчуудын стратегийн орд газраас авах ашгийн доод хязгаарыг 34 бус,20 хувь хүртэл буулгах боломжийг ярин булхалзаж явна. Том гарын хулгайч гэдэг аргагүй л том шанаа өгдөг нь энэ мэтээс харагдана. УИХ-ын даргыг нь уургалж, Уул уурхайн хоёр ч сайдыг нь ухалзуулж, Эдийн засгийн байнгын хорооны даргыг нь дээрэлхэж байгаад хүссэндээ хүрдэг аж. Ямартаа Ерөнхий сайд асан Д. Бямбадорж " Хөрөнгө оруулагчид Монголын парламентийг хүссэнээрээ донгосуулж чадаж байна" хэмээн бухимдаж суухав. " Сентерра гоулд" компани Бороогоос 45 тн алт олборлоод улсад ганц төгрөгийн татвар төлөөгүй талаар Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн О.Отгонсайхан ил тод өгүүлсэн. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үндэстэн дамнасан гаднын компаниудын лообийд Монголын парламент 2005 оноос автаж эхэлсэн талаар цухалдан дурдсан нь бий. " Сентерра гоулд" Бороог сэндийчсэнийхээ төлөөс болгож хэдэн компьютер,бичгийн ширээ,эмнэлгийн багаж, сургуулийн засвар зэргээр орон нутгийнхныг хууран,түүнийгээ хэвлэлээр сурталчилдаг арга барилтай. Үнэндээ энэ нь алтан бурхныг нь аваад оронд нь арвайн гурилаар зуурсан лүд өгснөөс өөрцгүй луйвар гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Тус компанийг киргизчүүд Олон улсын арбитрын шүүхэд нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг шалтгаанаар хэдийнэ өгсөн агаад,хэрэг шийдэгдвэл " Сентерра гоулд" Киргизийн Засгийн газарт нэлээдгүй хэмжээний мөнгө төлөх учиртай. Киргизэд явагдсан луйвар Монголд давтагдаж байгааг би хувьдаа үгүйсгэхгүй. Алт ч үгүй,алдагдсан булш бунхан ч үгүй,хэдэн жилийн дараа улаа эргэтэл улс дамнан шүүхдээд явж байхад гайхах юмгүй бололтой. Шулуухан хэлэхэд Бороогийн алтыг ухаж олсон мөнгөнийхөө 0,0001 хувиар бодлогогүй парламентийг нь худалдан авч,дараагийн амттайхан олз болох Ноён уул руу хүрз барин гэтэж яваа нь хэтэрхий элэг барьсан,доромжилсон хэрэг гэж хэлж болно. 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн чуулганаар Гацууртайн орд буюу Ноён уул Стратегийн орд газарт багтан дархлаагаа алдсантай уралдан " Сентерра гоулд"- ын хувьцааны ханш олон улсын хөрөнгийн бирж дээр даруй 7,8 хувиар суга өсч,сунаж давхив. Том гарын хулгайчийн өмнө толгой бөхийх үү,үгүй юу гэсэн асуулт өдгөө бидний өмнө босч ирлээ.

З.Энхболд,Р.Жигжидээс эхлээд төрийн түшээд маань толгой бөхийх нь байтугай мөрөн дээрхээ бүүр өгчихсөн бололтой. Монголын парламент уяаны нохойноос ч үнэгүй,ульдаг халтараас ч хүчгүй болсон нь эндээс харагдана. Харин Ноён уулын төлөө тэмцэгчид толгойгоо бөхийх нь байтугай,толгойг нь авна л хэмээн чангарч байна. Нутгийн залуус буу бариад тэмцэнэ л гэлцэнэ. Удган зайрангууд уулаа хамгаалан хэц хэнгэргээ дэлдэнэ л гэлцэнэ. Төр нь үнэ хямдарсан байлаа ч түмэн нь үлддэг гэдгийг энэ мэдэгдлүүд нотолж байх шиг. Бурхан гуйсан ч бүү өгтүгэй хэмээн өвгөдийн гэрээслэсэн Монголын газар шороо будаатай хуурганы төлөөсөнд,булхайтай түшээдийн ашиг сонирхлын хөлд том гарын хулгайчийн гараар орж,тоостойгоо гундах нь энэ үү?

Эх сурвалж: ЭМҮЖИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • зочин
    будаатай хуурга идсэнг харсан юум уу.арай өөр юуманд хууртсан хүмүүс биш биз.арай ч дээ буудаатай хуурганд эх орноо өгөөд байх даа яахав дээ.
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин
    ханаж цадаачээ одоо жаахан ч гэсэн эх оронч бай л даа, эхнээс чинь бурхан цээрлүүлээд байна шүү та нарыг, эвгүйтвэл их өндрөөс их эвгүй унана шүү.
    2015 оны 02 сарын 15 | Хариулах
  • Мгл
    Шунахай ханаж цаддаггүй иим новшнуудыг үр үндэсээр нь усгах цаг ирэх байлгүй.монголын хамаг баялгыг иимэрхүү аргаар цөлмөж дуусгалаа.ард түмэн босох болжээ.монголын хойч үеиинхэн ухсан нүх бөөн өртөй,ядуугын туйлд хүрнэ.Үлдсэн жаахан юмыг нь эдгээр луйварчдын үр сад л мэдэж тонохоо одооноос бэлтгэж байгаа
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин
    АН нээрээ эх орон гэх сэтгэлгүй хүмүүсийн цуглуулга даа
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • hyyhed
    yyntei sanal1 bn bi yo hiih estoi ber nadtai adilhan mash olon hyn bgaa shy I,b
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
Сонин хачин