
Роберт Фрийдландын бизнесийн эрх ашгийг монголд төлөөлдөг нөхдүүд ганц хоёроор тогтохгүй. Тэдгээр нөхдүүдийн нэг хэсэг нь “Саус Гоби Сэндс" ХХК-иар халхавч хийж ирсэн байдаг. Тэгвэл тус компанийн удирдлагуудын нэг Жастин Капла болоод бусад хоёр хүнд холбогдох их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх хэрэг прокуророос шүүхэд шилжсэн гэх мэдээлэл байна. Тэднийг 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй баримтууд байгааг албаны эх сурвалжууд хэлээд байгаа аж. Уг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Жастин Капла болоод “Саус Гоби Сэндс” компанийн санхүүгийн ерөнхий менежер асан Филиппин улсын иргэн Кристобол Давид болон В.Кажуком нарыг Монгол Улсад төлөх 46.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, нийтдээ 84 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт шалгаж байсан юм. Гэтэл сүүлийн мэдээллүүд үзэхэд тэдний учруулсан хохирлын хэмжээ буурсаар байна. Наймдугаар сард эдгээр хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал болж, нотлох баримт хангалтгүй, дутуу шалгасан гэдэг шалтгаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой гэж үзсэн юм.

Эргэн сануулахад, эл хэрэгт холбогдоод буй Жастин Капла нарын толгой удирдлагуудын нэг Алекс гэгч нь нэр бүхий улстөрчийг амласнаа биелүүлж, лицензийнх нь наймааг хуулийнхнаас нууж өгч чадаагүйн шийтгэл нь болгож зодсон гэх асуудалд холбогдож байсан билээ. Тус компанийн гадаад удирдлагууд өмнийн говь дахь нүүрсний томоохон бассейныг өмнөд хөршийн төрийн өмчит компанийн “охин” болох Чалкод зарах гэж байсан нь илэрсэн биш араас нь зөндөө асуудал дэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд “Саус Гоби Сэндс” компани Монгол Улсын хууль журмыг зөрчсөн, татвараас бултсан гэхчлэн анхаарал татсан олон асуудалд холбогдсон.
Тухайлбал, АМГ-ын дарга асан Д.Батхуяг нар нь "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн хэрэг бий. Үүнд, Саус Гоби Сэндс компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла нарыг хамаатуулан шалгаж, Монголоос гарахыг хориглосон юм. Тэгсэн нөгөөх Жастин Капла нь АНУ-ын Миннесотад суух эцэг Уильям Капладаа захидал явуулж, харин эцэг нь Сенатын гишүүн Аль Франкен, Эми Клобухар, Мишель Бахман нарт захидал илгээн, хүүд нь Монголоос гарах эрх олгох талаар туслалцаа үзүүлэхийг хүссэн билээ. Нэр нь дурьдагдсан Сенатын гишүүд манай улсын Гадаад харилцааны яаманд албан захидал ирүүлж, Жастин Каплад тавьсан хоригийг түдгэлзүүлэх хүсэлтийг тавьсан юм. Түүнийг Монголоос гарах хоригийг түдгэлзүүлэх хүсэлт тавихдаа Жастин Каплагийн эцгийн эрүүл мэндийн байдал тааруу байгааг харгалзан үзнэ үү гэснийг эх сурвалж өгүүлж байсан юм. Тэгвэл Жастин Каплагийн гомдол НҮБ-ын хүний эрх хариуцсан дээд комиссарт хүрээд бас л асуудал дагуулж байна. Учир нь НҮБ-аас манай төр засгийн эрхмүүд болоод холбогдох байгууллагуудад энэ талаар тайлбар өгөхийг шаардсан албан бичиг илгээсэн гэх мэдээлэл бий. Тэгснээр манай нөхдүүд түүнийг чухам яагаад хилээр гарахыг хориглосноо тэдний өмнө тоочих хэрэгтэй болж таараад байсан.
Тэгвэл нэгэнтээ тэд 35 тэрбумын татвараас бултсан нь үнэн юм бол хилээр гарахыг санах эрхгүй. Харин ч учруулсан хор хохирлоо барагдуулахаас гадна хуулийн дагуу шийтгэлээ хүлээх үү гэдэг асуудал босч ирж байгаа юм. Тэгэхдээ тэднийг буруутгах үндэслэлүүдийг хумиж танасаар 84 тэрбумаас 35 тэрбум хүртэл бууруулаад байгаагийн цаана чухам хэний эрх ашиг нуугдаж байна вэ?
Э.Болор
Сэтгэгдэл байхгүй байна