Монголын өр багадаагүй!
2015/01/15

 МАН-ынхан  өрийн таазыг 70 хувьд хүргэхийг  дэмжээгүй ч, 60 хувьд хүргэхийг бол дэмжихээс өөр аргагүй байна гэдгээ мэдэгдлээ. Тэд өмнөх Засгийн газрын буруу бодлогоос үүдэлтэй алдааг засах гэж хамтарснаас биш хамтаараа шинэ нүгэл үйлдэх гэж багт нь ороогүй гэж байгаа юм. Тэгвэл тус намын гишүүн Ё.Отгонбаяр “Би Ерөнхий сайдад тодорхой санал хэлсэн. Өрийн тааз нэмэгдүүлнэ гэж ярьж байна. Нэмэгдүүлэхээсээ өмнө бид тэр зарж байгаа үргүй зардлуудаа цэгцлэх хэрэгтэй. Жишээлбэл, Хөгжлийн банкин дээр 700 тэрбум төгрөг байна гээд ярьж байна. Тэгвэл нэг жилдээ замаа тавихаа тэвчье. Зам энэ жил баригдлаа гээд ямар ч мөнгө орж ирэхгүй шүү дээ. Тийм учраас зарах гэж байгаа мөнгөнүүдээ зогсоогоод тэр 700 тэрбум төгрөгөө төсөвтөө оруулж ирээд, дутуу байгаа барилгуудаа гүйцээгээд явж болно. Тэгвэл бид өрийн таазаа нэмэхгүйгээр эдийн засгийн идэвхжлийг хангах бололцоотой. Татвар нэмэгдүүлж хямралаас гардаг гэх ойлголт бол мэдээж буруу. Унаж яваа морь чинь эцчихээд байна. Эцчихсэн бол морио амраагаад, тэгээд цаашаа явах ёстой болохоос биш улам ташуурдаад байж болохгүй. Тийм болохоор зарим татварын бодлогыг би буруу гэж бодож байгаа. Гэхдээ иргэдийн дунд зарим татварын талаар буруу ойлголт төрчихөөд байна. Жишээлбэл, автомашины татварын хувьд хөдөлгүүрийн багтаамж нь ихсэх тусам татвар нь ихсэхээр байгаа. Түүнээс биш иргэдийн унаж байгаа приус машиныг учиргүй өндөр татвартай болгочихож байгаа зүйл байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн татварын тухайд гурав дахь орон сууцнаасаа төлнө гэж орж ирж байгаа. Хоёр орон сууцтай байгаа хүн гурав дахь орон сууцнаасаа татвар төлж байгаа бол энэ шударга хэрэг. Малын хөлийн татвар дээр хэрвээ энэ татварын мөнгийг орон нутгийн төсөвт нь үлдээгээд, түүгээрээ бэлчээрээ усжуулж, сэргээдэг байвал малчид төлөх байх. Харин татвараас чөлөөгдөх хэмжээг 50 толгой гэдэг нь арай л доогуур тогтоосон байна гэж харж байгаа. Би бол 100, 500 гэсэн хязгаар тогтоогоод, 100 хүртэлх нь чөлөөлөгдөөд, 100-аас дээш 500 хүртэл хэвийн татвартай, 500-аас дээш нь арай ахиу татвар төлдөг байх ёстой гэж бодож байгаа.” хэмээн ярьж байна.

Харин Д.Дэмбэрэл гишүүн өрийн хэмжээн дээр хүн болгон эргэлзэхээр байгааг, унтаж босч ирээд нэг өөр тоо хэлээд байхаар хэн ч гэсэн эргэлзэнэ гэдгийг тодотгоод үйлдвэрлэлийг сэргээхэд хангалттай хэмжээний өр зээл, тусламж авсан гэдгээ хэлж байгаа юм.

Тэгвэл Ч.Хүрэлбаатар гишүүн зээл бус хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжиж байж хямралаас гарна. Өрийн хэмжээг нэмэхгүй бол “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэж хэлж байгаа нь өөрөө логикгүй. “Стэнд бай” хөтөлбөр гэдэг чинь ОУВС-гаас бага хүүтэй зээлийг алдаатай бодлогоо засах нөхцөлтэйгээр авна гэсэн үг. ОУВС-гаас мөнгө авна гэдэг нь өрөө нэмэгдүүлнэ гэдэгтэй адил зүйл. Өндөр хүүтэй зээл авах уу, төсвийн болон мөнгөний бодлогоо зөв, сахилга баттай явуулж, бага хүүтэй зээл авах уу гэдгээс Засгийн газар сонголт хийх болоод байгаа юм гэлээ.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин