Оны өмнө гишүүн Б.Бат-Эрдэнэ их ууртай явсан юм. Яасан бэ гэхээр эрх баригчид “ЭЗЭН-100” гэж баахан бужигнуулаад, тэр нь ямар ч үр дүнгүй болохоор дахиад л гүрвэл аюул тулгарахаар сүүлээ тасалж хаяад урагшаа зүтгэдэг гэдэг шиг Засгийн газрын бүтэц гэж баахан пижигнүүлсэн. Сүүлдээ эвсэж хамтарч байгаа нэрээр УИХ-д сөрөг хүчин, үнэний төлөө дуугардаг хүчин гэж байхгүй болголоо. Бүгдээрээ нийлж, тохиролцож аваад болж бүтэхгүй луйвар, хулгай бүхнээ хийж байна. Ил мэдэгдэж байгаа нь 50-60 тонн алтны нөөцтэй “Гацуурт”-ын ордыг “Сентерра Гоулд” гэдэг компанид стратегийн ордод авлаа гэдэг нэрийн дор зүгээр өгөх гээд байна. “Гацуурт”-ын энэ том ордыг “Бороо гоулд”-ыг цөлмөсөн нөгөө Канадуудад ийнхүү найр тавин өгөхөөр шийдсэн нь тодорхой болж байна хэмээн ууртай гэгч нь хэлээд байсан юм.

Үнэндээ бол түүнийг ийн уурлахаас өмнө шатрын өрөг дээрх нүүдлүүд тодорхой шахуу л харагдаад байсан юм л даа. Юу гэхээр “Бороо”-гийн алтны ордыг ашиглаад дууссан “Сентерра Гоулд” компани “Гацуурт”-ын ордын ашиглалтыг эхлүүлэх гэж Монголын Засгийн газартай ил далд бүхий л хэлбэрээр хэлэлцээ хийж байсныг өмнө нь мэдээлж л байсан. Тэгвэл өдгөө үр дүнд хүрээд байна. Засгийн газрын зүгээс “Гацуурт-ын ордын тусгай зөвшөөрөл эзэмших “Эрдэнэс-Гацуурт” хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь байлгахаар болсон. Уг нь Монголын төр 34 хувьд нь ядаж эзэн сууя гэдэг асуудал яригдсан ч, эдийн засгийн нөхцөл байдал дээр тулгуурлан харвал 20-оос дээш хувийг хөдөлгөх боломж байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэх зүйлийг нэр бүхий улстөрчид хэлж ярьсан.
Тэгээд л “Сентерра Гоулд” компанид орд газраа бүрэн найр тавьчихсаныхаа араас “Гацуурт”-ын ордыг ашиглах хугацаанд төслийн санхүүжилт болон бусад зардалтай холбоотой асуудалд хувь нийлүүлэгчид ямар нэг байдлаар ачаа үүрэхгүйгээр шийдэх үүрэг хүлээнэ гэсэн. Үүний хариуд Засгийн газар орд ашиглахад шаардагдах санхүүжилтийг босгоход дэмжлэг үзүүлнэ хэмээн дуугарсан. Тэгэхээр харагдах байдал дээр “Сентерра Гоулд”-аас бараг бид гуйгаад байгаа юм уу даа.
Уг нь “Гацуурт”-ын орд нь Урт нэртэй хуулийн хүрээнд түдгэлзүүлэгдчихээд байсан орд шүү дээ. Гэсэн ч “Сентерра Гоулд” буюу “Бороо Гоулд”-ын зүгээс хоёр уурхайг холбосон 55 км урттай зам барьж дуусгачихаад л алив бидэнд олборлолтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгчихвөл болоод явчих гээд байна. Улсад чинь татвар сэлтээ төлөөд явчихна гэх байр суурийг илэрхийлсэн юм.
“Сентерраа Гоулд”-ын тухайд өгүүлэхэд, Канад улсын Торонтод төвтэй компани. Түүний охин компани болох “Бороо Гоулд”-ын талаар сайн гэхээсээ асуудалтай мэдээллүүд давамгайлдаг. Ер нь бол “Бороо Гоулд” компани зөвхөн Бороо, Гацууртын ордуудаар тогтохгүй. Тэдний эзэмшилд ашиглалтын 10, хайгуулын 4 лиценз байгаа бол “Сентерра гоулд монголия” компанийн нэр дээр ашиглалтын 7, хайгуулын 20 нийтдээ 41 лиценз байгаа талаар өмнө нь дуулгаж байсан. Тэгвэл тэдгээрийн нэг нь "Aлтан цагаан овоо" ордын хайгуулын лицензийг эзэмшигч нь тэд юм.
Дорнод аймгийн Цагаан Овоо сумын нутагт байрлах "Алтан Цагаан Овоо" ордыг анх 2010 оны 5 дугаар сард илрүүлсэн гэх. Гэхдээ анхны эзэн нь Францын Арева компанийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох “Коже Говь” компани байжээ. Тодруулбал "Алтан Цагаан Овоо" орд нь “Коже Говь” компаниас 2010 оны 5 дугаар сард Сентеррагийн худалдаж авсан Цагаан Овоо лицензит талбайд оршдог бөгөөд тус ордоос олох цэвэр ашгийн 1.75 хувийг Арева-д төлөх нөхцөлтэй гэдгийг “Бороо Гоулд”-ын зүгээс өгүүлсэн байдаг. Тэгэхээр Монгол нутгаас олсон орлого мөнгөө алдарт “Арева”-тай хуваадаг ийм нэг даварсан компанийн өлмийд Монголын улстөрчид мэхийсэн л харагдана.
Э.Болор
Сэтгэгдэл байхгүй байна