“ТюТю”-гийн нууцыг тайлна, “ТюТю”-г тайлна гэж хүсэн хүлээсэн өдөр нэгдүгээр сарын 9-н байлаа. Балетын гоёмсог бошинзны өмнөхөн МУГЖ И.Одончимэг “Танхай тээгч”-ээ нээгээд байсан. Харин “ТюТю” бол СТА Г.Ундармаагийн найруулсан бүтээл юм. “Үргээлэг”, “Давхар цохилт”-оор монголын кино урлагт нэгэн шинэ салхи сэвэлзүүлсэн “Prime Pictures”, “Black Zebra” студийн бол 3 дахь бүтээл. Товч танилцуулгаасаа л сайн дүрс, сайн найруулга үзэх нь тодорхой санагдан үзэгчид тэсэн ядан хүлээж байв. Ингээд “ТюТю”.
“ТюТю”-ний эзэн ба гуниг
Бид ер нь балерина нарын амьдралыг тэр бүр мэддэггүй. Хар нялхаасаа хөрш Орос орныг зорьж олон жилийн турш уйгагүй суралцан тэр хүнд дасгал сургуулилтыг даван эцэстээ тайзнаа гардаг байх нь. Харин бидний хамгийн сайн мэдэх балерина бол Дуурийн театрын дарга асан Б.Сэргэлэн билээ. Бас энэ хүнийг яг балеринагаар нь тайзнаас хараад таньдаг болсон хэрэг биш дарга байсан болохоор нь мэдээд байгаа юм. Ингээд бодохоор манай балетын урлаг, балетчид хэдий дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа боловч масс бол төдийлөн ойлголтгүй явсаар өнөөдрийг хүрсэн байна. Ямартаа л “ТюТю”-гийн трейллерийг үзсэн хүмүүс цор ганц мэддэг кино болох балетчин гардаг “Хар хун”-тай жишиж хуулбар гэцгээж байх вэ дээ. Чухам яг юу үзэх гээд байгаагаа өөрсдөө ч ойлгоогүй байдалтай дэлгэцийн өмнө суусан гэсэн үг.
Товч агуулга: Киноны гол дүрийн бүсгүй Алимаагийн ээжийн дүрийг ард түмний мисс Д.Ариунцэцэг бүтээв. Театраар дүүрэн хөөрхөн, сайхан мэргэжлийн балетчин бүсгүйчүүд байхад магадгүй маркетингаа бодож түүнийг эхний хэдэн минутанд гаргасан биз. Харин охины аавын залуу насны дүрийг МУГЖ И.Одончимэгийн хүргэн бүтээсэн. Бяцхан охин төрөхийн хүндрэлээр өөд болсон ээж шигээ мундаг балетчин болох зорилго тавин хилийн чанадыг зорино. Харин сургуулиа төгсөөд ирэх үед аав нь тоссонгүй. Хилс хэргээр гүтгэгдэн шоронд орсныг охин мэдээгүй байлаа. Театртаа ажиллан анхны хайртайгаа учирсан бүсгүй нэг л өдөр ажлаасаа халагдана.
Улс төрийн хэрэгтний хүүхэд мэдээж төрийн албан хаагч байж таарахгүй. Золоор ч гэх юмуу зөөгч хийж байхдаа том даргын нүдэнд торж орд харш шиг байртай болж ажилдаа ч эргэн орно. Гэвч үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг. Түүнийг том дарга яаж ашиглахаар шийдсэнийг охин гадарлах ч үгүй. Цэцэг цэврүү шиг танхи сайхан охиныг тэр дарга арай л өөр нүдээр харж байсан хэрэг л дээ. Харин энэ хооронд аав нь шоронд байсаар ... Охин аавыг нь гүтгэж шоронд хийсэн хүний өвөрт хүчинд автан орох болно. Мэдээж түүний оргил үе эхэлнэ. Бүх гол дүрүүд түүнд зориулагдаж “Даргын бүсгүй” цойлох нь тэр.
Баярлалаа! МУГЖ Б.Жаргалсайхан
МУГЖ Б.Жаргалсайхан ОХУ-ын Москва хотын Театр урлагийн дээд сургуулийг төгссөн. Тэндээс мэргэжил нэгт хань Г.Урнаагаа олж өнөөдрийг хүртэл урлагтаа үнэнч байгаа ид насны хүн билээ. Бичигч миний хувьд энэ хүний тоглосон “Дон Кихот”-ыг үзээд үнэхээр алмайран бишрэх болсон юм. Тэрнээс хойш нэг харахад “Говь”-ийн рекламанд залуу бүсгүйтэй хослоход ер дутахгүй өв тэгш сайхан харагдсан. Харин энэ бүтээлд тэрбээр дөнгөж 20 гарч яваа бүсгүйтэй хослолоо. Гол дүр Н.Цэрэндолгорын хувьд жүжигчний мэргэжлээр суралцдаг бөгөөд бөгөөд кино урлагт цоо шинэ хүн юм. Харин балетыг сонирхон сонгон хичээллэдэг гэхээс өөр түүний талаар мэдээлэл байхгүй. Найруулагч Г.Ундармаа ёстой хясаанд нуусан сувд илрүүлжээ.
Ийм кинонд мэргэжлийн бүжигчин нь тоглож байж л амилуулна уу гэхээс цагдаагийн хувцасыг жүжигчин өмсөөд ноорог маягийн кино хийхээс өөр билээ. Н.Цэрэндолгорын дүрийг өөр нэг хүн тодотгож байсан нь залуу жүжигчин Л.Гантулга юм. Нэг үе SBN телевизийн хөтлөгч Б.Батзаяагүй кино байдаггүй байсан бол кино урлагт шинэ залуу эрэгтэй жүжигчид хүч түрэн орж буйн илрэл. Л.Гантулга “Тэртээх ертөнцийн хөгжимчин” кинонд мөн тоглосныг үзэгчид санаж байгаа байх. Н.Цэрэндолгор, Л.Гантулга хоёр тун зохимжтой хослол байв. Харин МУГЖ Б.Жаргалсайхан хүүхэн татаж чангаадаг увайгүй даргын дүрийг тун чадварлаг бүтээв. Үнэхээр жигшил зэвүүцэл төртөл дүрээ “тултал” бүтээсэн гэсэн үг. Тэгэхээс ч яах вэ дээ, мундаг жүжигчин шүү дээ. Насандаа баймгүй толиотой, нуруу туруу, царай зүс өв тэгш амьдрал дээр бараг байхгүй хүүхэмсэг даргын имиж түүнд байв. Залуу бүсгүйн гялбаанд дарагдах ч үгүй юм билээ шүү. Баярлалаа, МУГЖ Б.Жаргалсайхан ийм сайхнаар киног амилуулсанд.
Г.Ундармаа гавьяат биш юмуу?
“Шинэ үе” продакшнаасаа түр чөлөө аваад буй жүжигчин Г.Ундармаа энэ хугацаанд зүгээр суугаагүйг мэдээд олон хүний санаа амарсан болов уу. Гайхалтай нь тэр одоо болтол гавьяат аваагүй л байна. Урлагт хөл тавьснаас хойш тайз, дэлгэцийн олон олон сэтгэлд хоногших дүр бүтээж гараас нь үргэлж сайн уран бүтээл гардаг түүнд яагаад энэ хүндлэл ирэхгүй байгаа юм бол гэсэн бодол төрөв. Түмэн амьтан шагнаад л байсан Г.Ундармаа хаана нь үлдээд байгаа юм бүү мэд. Кино ер нь найруулагчийнхаа ур ухаанаар л сайн эс сайн болох нь шийдэгддэг. “ТюТю” үзэгчдийг уйлуулж эмзэглүүлж хөнгөн гуниг төрүүлж байв. Харин хамгийн их харах болов уу гэсэн балетын хэсэг багадсан байж мэдэх юм. Гол дүрийн тэр сайхан бүсгүйг сэтгэл сэргэтэл сайхан бүжиглэх болов уу гэж хүлээсэн. Зэрвэс зэрвэс л гарах юм билээ. Найруулагч бас нэгийг бодож тийм сонголт хийгээ бизээ.
ТюТю яагаад хэрэгтэй гэж?
Ийм кино хэрэгтэй байсан уу гэвэл үнэхээр хэрэгтэй байлаа. Урлагийн ертөнц хөшигний ард ямар зөрчил тэмцэлтэй байдгийг бид өнөөдрийг хүртэл ярьсаар ирсэн боловч хэн ч дэлгэцэнд зоригтойгоор гаргаж байгаагүй юм. Үзэл сурталжсан социализмийн үе өнгөрсөн ч гэсэн одоо ч гэсэн хоол идэж байгаа тогоондоо шүлсээ хийхгүй, хаяагаа хадраад яахав гэсэн бодол аливаа бүтээлийн үзэл санаанд явдаг л бололтой юм. Бэлгийн дарамт, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх гэдэг зөвхөн зодоон цохионоор хэмжигддэг зүйл биш байх нь. “Эмэгтэй хүн бүр юбкаа өмсөөд хормойг нь дэрвүүлэн аз жаргалтай инээж яваасай гэж ТюТю хэмээн нэрлэсэн” хэмээн найруулагч онцолсон. Үнээн, үнэхээр бүсгүйчүүд гоо сайхнаараа бахархан нүүр дүүрэн инээж явж чадахгүй ил далд дарамтанд өртдөг нийгэмд бид амьдарч байна. Цэцэг цэврүү шиг өөрийнх нь охин үрээс ялгаагүй охиныг өөрийнхөө бүсгүй болгодог гажууд тогтолцооны эсрэг “ТюТю” эрслэн дуугарав.
Дэндүү турьхан, дэндүү эмзэг бүсгүй хүн нийгмийн энэ гажуудлыг давахгүй бол ард нь юу хүлээж байх бол?
Тэгсэн ч гэсэн “ТюТю”-гээ бүү тайл, уруулаа буд, даашинзаа өмс бүсгүй минь. Тийм нэгэн итгэлээр дүүлэн дүүлсээр хайртай хүндээ очих дэврүүн хүсэл “ТюТю” үзэгчдэд өгөх шиг болсон. Эхэнд хайр байсан, хойшдоо ч байсаар байх болно. Уншигч та бүхэн “ТюТю”-гийн энд өгүүлэгдээгүй бусад нууцыг өөрсдөө тайлаарай.
Дашрамд шинэ кинонд зориулан бичдэг нийтлэл түр завсарласны эцэст эргэн та бүхний хүртээл болж байна. Бид маргааш та бүхэнтэй “Танхай тээгч”-ийн талаар ярилцах болно.
У.Цахирмаа
Сэтгэгдэл (22)