Монголын мессеж
2015/01/12

“Тавантолгой” тойрсон асуудлууд анхаарал татсан янзаараа байна. Хэрэв “Тавантолгой”-н  цахилгаан станц ашиглалтад орвол  “Оюу Толгой”-н цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломжтой гээд байна. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан тал болоод улстөрийн нөхдүүд хоорондын хэлэлцээ үргэлжиллээ.

Ажлын хэсэг “Таван толгойн уурхай, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа”,  “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам” гэсэн дэд хэсгүүдэд хуваагдан хөрөнгө оруулагчаар шалгарсан Консерциумын талтай уулзалт зохион байгууллаа. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын дэд хэсгийн хурлаар  мөн адил дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээ, хэлэлцээрийг Консерциумын талд танилцуулж, шаардлагатай мэдээллээр хангахаар тохиролцов.

 Хуралд Монгол Улсын сайд М.Энхсайхан, Зам тээврийн яамны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Батсайхан, холбогдох албаны хүмүүс байлцлаа.

 УИХ-ын 2014 оны 34-р тогтоол, Засгийн газрын 268-р тогтоолын дагуу хөрөнгө оруулагч тал “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барих, ашиглалтанд орсноос хойш 30 жилийн дараа 51%-ийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх” гэсэн үүргийг хүлээн авсан.

Төмөр замын суурь бүтэц гэдэгт “Төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашаа зэрэг техник технологийн иж бүрдлийг” хэлдэг юм.

Хэлэлцээний талаар М.Энхсайхан хэлэхдээ  “Төслийн хэлэлцээ эхлэж байна” гэдэг мессеж бол Монголоос гадны хөрөнгө оруулагчдад хүргэх хамгийн сайн мессеж гэдгийг би энд хэлмээр байна. Бид нар Оюутолгойг тойроод дэндүү их цаг алдаж байна. Оюутолгойг тойроод   дэндүү их маргалдаж байна. “Рио Тинто” гэдэг компаний тухай сайхан, муухай яриад дэндүү их удаж байгаа. “Тавантолгой”-д орж ирье гээд байгаа Shenhua Energy, Sumitomo компани “Рио Тинто”-гоос ч дутахгүй том компани гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тийм учраас “Тавантолгой” төслөөс,  одоо явж буй ажлын явц, энэ үйл явдал бол дэлхийн зах зээлд Монголоос өгч байгаа асар том мессеж болж хувирна гэж би дотроо бодож байна.” хэмээж байсан.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин