Д.Дорлигжав Хууль зүйн салбарыг атгах болсноор Улсын Ерөнхий Прокурорын суудал эзгүйрээд байгаа билээ. Тиймээс тэнд ирэх дараачийн хүний асуудал улстөрийн хүрээнд шийдлээ олох гэж дуншиж байна. Өнөөдрийн тухайд бол Ерөнхий прокурорын суудлыг Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат түр хариуцаж байгаа. Тиймээс түүнийг тэр суудал дээр жинхлэн үлдээх үү гэдэг асуудал байна. Мөн АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын нэр бас яригдаж буй. Гэхдээ Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших хоёрын нэр түлхээстэй яригдаж байгаа юм. VS булан тэдний хэн нь хэн бэ гэдгийг харьцуулан харахад хэн хэнд нь л асуудал байна даа.

Ерөнхийлөгчийн хүн насаа нэмэх үү?
Г.Алтантүрүүтэй хамт “Команд” нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг байсан хоёр ч залуу өдгөө Монголын улстөр, хуулийн салбарт тодорсон. Тэд бол Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр хоёр юм. Хэн хэн нь Ц.Элбэгдоржийг түшсэн хүмүүс. Ч.Өнөрбаярын тухайд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссараар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж буй. АТГ-т ажиллахаасаа өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан. Ер нь бол түүний карьерт Ерөнхийлөгчийн дэм асар их гэдэг нь эрхэлж ирсэн албан тушаалуудаас нь харагдаж байна.

“Шихихутаг” дээд сургуулийг төгсөөд МУИС-д хууль зүйн магистр болоод доктор хамгаалсан тэрбээр Английн Эдинбургийн их сургуульд магистрт суралцсан. МУИС-д хууль зүйн багшаар ажиллаж байсан нэгэн юм.
Хуульд нь зааснаар бол Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилсон Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагыг толгойлдог. “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор гучин таван нас хүрсэн, хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно” гэж заасан байдаг. Гэтэл Ч.Өнөрбаярын тухайд туршлага сэлт сайтай ч, нас нь багадаад байгаа гэх. Тэгэхээр Ерөнхийлөгч өөрийнхөө залуухан зөвлөхийн насыг ганц нэгээр нэмээд Ерөнхий прокурорын суудалд хүргэж өгөх үү, эсвэл Д.Дорлигжавын санал болгосон хүнийг томилох уу гэдэг асуудал байна.
Хэвлэлийн “чимээгүй” баатар
Д.Дорлигжавын санал болгосон хүн гэдэг нь Нийслэлийн прокурор Б.Бат-Орших юм. Түүний тухай мэдээллүүд хэвлэлээр гарч байсан нь цөөнгүй. Нэг тийм чимээгүй маягийн хэвлэлийн баатар гэмээр ч юм уу даа. Тэр бол Д.Дорлигжавын садангийн дүү. Тиймээс ч ах нь дүүгээ өөрийнхөө хуучин суудалд суулгах гээд байгаа юм уу даа. Өнгөрсөн хугацаанд гарч байсан мэдээллүүдээс үзэхэд Б.Бат-Орших нь Амалхааны Эрдэнэбатын хууль зөрчсөн байж болзошгүй асуудлууд дээр өмгөөлж, хамгаалах ажлыг идэвхитэй хийдэг Тангуд овогт Бодьхүүгийн Батзаяа өмгөөлөгчтэй тун дотно болсон гэдэг. Б.Бат-Оршихыг Нийслэлийн прокурорын газар томилогдон очсоны дараа А.Эрдэнэбатын өмгөөлөгч түүнтэй дотно нөхөрлөх санал тавьсан гэх мэдээлэл бий.

“Anand & Batzaya LLC” компанийн захирал, хуульч Б.Батзаяа нь томоохон асуудлуудыг шийдэхдээ хууль хяналтын байгууллагын нөхдүүдтэйгээ нягт хамтран ажиллаж ирсний цаана нийслэлийн прокурор байсан Н.Гантулга тэр хоёрын дотно харилцаа нуугдаж байсан гэгддэг. Тэгвэл өдгөө Б.Бат-Орших дотно байдаг гэх. Б.Бат-Оршихын тухайд “Сод Монгол”-ын Ц.Анандбазартай мөн тун дотно гэгддэг. Ер нь бол тэр улстөр, бизнесийн талбарын цөөнгүй эрхмүүдтэй халуун дулаан харилцаатай бололтой юм.
Улсын Ерөнхий Прокурорын суудалд нэр нь яригдаж байгаа хоёр нөхрийн талаар товч өгүүлэхэд ийм байна.
Б.Билэгт
Сэтгэгдэл (2)