Гранд педиа: Ж.Оджаргал

Монголын тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлэгч Ж.Оджаргал эрхмийг  “Гранд педиа”  онцолж байна. Сайн саарын альнаар нь ч хэлэгдсэн “MCS” групп Монголын эдийн засагт багагүй хувь нэмрийг оруулж өдийг хүрсэн. Олон он дамнан ужигран яригдсан “Тавантолгой”  төслийн  хувь заяаг   “MCS” группын “охид”-ын нэг “Энержи ресурс” зурахаар болсон ийм үед Ж.Оджаргалын тухай өгүүлэх нь цагаа олсон хэрэг болов уу.

 Улираад хэдхэн хонож байгаа 2014 онд шинэхэн барьж байсан "Шангри-Ла" нь шатаж, том группын  эрхмүүдэд тооцоолоогүй, тодорхой хэмжээний алдагдал учруулсан. Гэхдээ тэд зангарагаа харуулан “толгой” төслийг гартаа орууллаа. Ер нь бол “MCS”-т Тавантолгойг өгвөл дээр гэсэн суртал ухуулгын чанартай мэдээллүүд  гарч байсныг дурдахад илүүц болохгүй биз.

“MCS” группыг халхын хавтгайд зарласан хамаг тендерийг хамж авдаг гэх нь ч бий. Ямартаа л  эмэгтэй хүний “памперс”-ны тендер зарласан ч тэднийх, эрчим хүчний шугам татсан ч бас л тэднийх ялж байдаг, жижгүүдэд юм үлдээж, боломж олгоход яана даа гэж бусад нь халаглаж байх билээ.

Нэг талаас ийм жишиг зөвхөн манайд байгаа хэрэг биш. Дэлхий дахины эдийн засгийг хүчирхэг корпорациуд нуруундаа үүрч байгаагийн цаана улс орнуудын төр засаг болоод томоохон компаниуд хоорондын түншлэл нууцлаг байдлаар хадгалагдаж ирсэн байдаг. Энэ нь улстөртэй түншилсэн “М-Си-Эс” группын ноёрхлыг зөвтгөх гэсэндээ өгүүлж байгаа зүйл биш юм. Ямар ч байсан бусад компаниудад боломж олгох ёстой гэдэг байр суурийг үл тоож болохгүй гэдгийг тодотгоё. Харин одоо өшөөг нуршин өгүүлэлгүй Ж.Оджаргалын тухай хүргэе

Аав, ээжээ алдаж амьдралд суралцсан хүүхэд нас

Тэр энэ жил 50 нас хүрч байгаа. Оджаргал хүү 50 жилийн өмнө Баянхонгор аймгийн төвд Жамбалжамцын таван хүүхдийн дундах нь болон мэндэлжээ. Өдгөө “MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон түүнийг багад гэр бүл нь  хотод шилжиж ирсэн юм билээ. Тэднийх тэгж Сансарын айл болж, Ж.Оджаргал 33-р сургуулийг дүүргэсэн түүхтэй. Тэр багаасаа их хариуцлагатай хэрсүү хүүхэд байж. Өөрөө бол өөрийгөө  “хэнхэгдүү” хүүхэд байсан гэж тодорхойлдог аж. Багаасаа л бүлгийн даргаас эхлээд дан удирдах ажлаар “занималдсан” нь, өдгөө 3 мянга шахам ажилтантай том компанийг залж байгаатай нь холбоотой л байж таарна.

Ж.Оджаргал дунд сургуульд байхад  аав, ээж хоёр нь бурхан болжээ. Тэгээд эмээ нь тавын таван хүүхдийн гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн буянтан юм билээ. Тэр багын л аливааг хурааж, хумиж, нөөцөлж, хадгалдаг зантай хүүхэд байж. Ямартаа л гадаа явахдаа хүртэл газар шагайгаад л, товч энэ тэр байвал түүж цуглуулаад эмээдээ аваачиж өгдөг байсан гэдэг. Мэдээж таван хүүхэд өсч өндийхийн хэрээр идэж уух, өмсөж зүүх нь дийлдэхгүй талдаа болоод байгааг харж мэдэрсэн хүү дотроо бол эмээдээ тус болох гээд л тэгдэг байсан болов уу.

Амжилтаас ухрах учиргүй

Ид эрхэлж нялхарч байдаг хүүхэд насандаа хэрсүүжихээс өөр сонголтгүй “амьдарсан” хүү  онц сурч байж л амжилтад хүрнэ гэсэн итгэл үнэмшлээр жигүүрлэн 10-р ангиа төгсөөд конкурс өгөхдөө эхний гурван байранд оржээ. Мэдээж тэгээд дуртай сургуулиа сонгох боломжийг атгаад авлаа. Сонирхолтой нь тэрбээр мэргэжлээ сонгохдоо  “Кибернетик” гэдэг  цоо шинэ үг их гоё санагдсан учраас Цахилгаан схемийн кибернетикийн ангийг сонгосон аж. Өнөөгийн хэт дэвшилтэт технологи болох компьютерын “үнэр” Монголд байтугай бусад улсад үнэртээгүй байхад тэрбээр  “Электрон тооцоолох машин” гэдэгт соронздуулан Киевийн Политехникийн дээд сургуульд орохоор шийджээ. Тэгээд хил давлаа.

Ганц тэр биш, бусад бүх л оюутнууд ойр зуурын наймаагаар амьдралаа залгуулдаг байсан цаг. 60 рублийн тэтгэмж нь аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг шиг дуусчихаад байсан болохоор тэр наймаа хийхээр шийджээ. Эхлээд хил давахад бол түүнд Монголд үйлдвэрлэсэн “Альбатрос” гэдэг пүүзнээс өөр торох юм юу ч байгаагүй гэдэг. Тиймээс бусад оюутнуудын тарваган малгай, польш оюутнуудын жийнсэн өмдийг зарж өгч, дундаас нь хоолны мөнгөнөөс гадна тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал өөртөө бий болгож чаджээ.

Тэр ингэж бизнесийн авьяас одтой гэдгээ өөртөө нээжээ. Хожим нь  компаниа бизнесийн зөвлөгөө өгөх консалтингийн үйлчилгээгээр эхэлсэн нь оюутан ахуй үедээ тодруулсан авьяастаа хөтлөгдсөн хэрэг байж л гэж өдгөө харагдаж байна.

Бизнес итгэлцэл дээр бас шулуун шударга байдал дээр тогтдог гэдгийг тэр зөнгөөрөө л мэдэрч байж. Тиймдээ ч бараагаа заруулж байгаа оюутанд анд нөхөддөө өөрөө бас ашгаа гаргаж авч байгаа гэдгээ шулуухан хэлдэг байжээ. Тэгээд гуравдугаар курст орох жилээ нэлээд хэдэн рубль хураачихсан байсан тул трельяж, мотоциклын поршень гэхчлэн зөөж болох, ашиг олж болох бүх л барааг Монгол руу зөөж эхэлжээ. Сонирхолтой нь тэрбээр амьдралдаа хийсэн хамгийн ашигтай наймаа нь тамхины цаас зарсан явдал байсан хэмээн хэлсэн нь “Монголын авьяаслаг бизнесмэнүүд” номонд бий. Дотроо 500 ширхэгтэй бичгийн машины А4-ийн хэмжээтэй цаас 58 копейкээр авснаа 50 төгрөгөөр нэгэн сумын наадам дээр гурав дөрөвхөн цагийн дотор зарчихсан гэхээр овоо ашиг унагасан байж таарах гээд байгаа юм. Тэр наймаанаасаа  30 гаруй мянган төгрөг олсон бөгөөд 1987 онд хуримаа хийхдээ зарцуулж байсан гэхээр яах аргагүй ашигтай наймаа байсан байгаа биз.

Эзэнт гүрний эхлэл

Сурч байна гэх нэрээр дандаа наймаа панз үсэргээд явсан уу гэвэл бас үгүй юмаа. Угийн толгой сайтай сурагч байсан тул оюутан байхдаа өмнөх дадлаа орхиогүй бөгөөд сайн суралцаж чаджээ. Тэгээд 1989 онд сургуулиа төгсч ирээд Төвийн эрчим хүчний системд инженерээр ажилд орсон  байдаг. Улмаар 1991 онд Эгийн голын усан цахилгаан станцыг босгоход Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр техник, эдийн засгийн үндэслэл тооцоог хийх болсон учраас орон нутгийн зөвлөхөөр ажиллах болсон ажээ. Тэр үед уг төсөл дээр Швейцарийн “Electrowatt” компанийнхантай хамтран ажилласнаар зөвлөх үйлчилгээ буюу “Consulting business” эрхэлбэл болох юм байна гэсэн дохиоллыг өөрөө өөртөө өгчээ. Тэгээд зарим нэг нөхдөдөө бизнесийн санаа оноогоо хэлэхэд дэмжлэг ирээгүй ч, Самбасанчир, Бямбадорж, Батхүү гэдэг гурван найзтайгаа хамтран “Mongolian Consulting Service” хэмээх үгийн товчлол бүхий “МСS” компанийг 1993 онд байгуулсан түүхтэй. Тэдний анхны бизнес эмэгтэйчүүдийн баярын өмнө оруулж ирсэн оргилуун дарсны наймаа байжээ. Цаг үеэ ч мэдэрч. Гайгүй сайн зарагдаж. Тэгэхдээ хувь нийлүүлсэн дөрвөн найз чухам аль салбарт бизнес эрхлэхээ ярьснаар тус тусын карьераа хөөх шийдэлд хүрцгээсэн байдаг. Тэр үед  Самбасанчир, Батхүү хоёр нь наймаа хийх санал гаргасан бол Бямбадорж, Оджаргал нар зөвлөгөө өгөх нь дээр гэцгээсэн юм билээ.

Тэгж анх Ж.Оджаргал Бямбадоржийнхоо хамтаар Урт цагааны арын цэцэрлэгт өрөө түрээслэн ганцхан сандал, ширээтэйгээр ажлаа эхлүүлсэн байдаг. Хамгийн эхний ажил нь Дэлхийн банкнаас таван мянган ам.доллараар санхүүжүүлсэн хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл байв. Ж.Оджаргалд өмнөх төслийн туршлага байлаа. Тиймээс чтөслөө сайн боловсруулснаар 20, 30 мянган долларын төсөл, судалгаа хийх болжээ. Овоо хэдэн төгрөгтэй болсон учраас бизнесээ өргөжүүлэхээр алхам хийж, эхний ээлжинд Сингапураас саарал ширээ, сандал оруулж ирэн “Анун” төвөө нээсэн байдаг. Улмаар  “МСS”-ийн оффис Урт цагаанаас Статистикийн төв газарт гурван өрөө, Боловсролын яамны нэг, хоёрдугаар давхарт очиж байсан бол өдгөө тэнгэр баганадсан цамхагт байгааг хэн хүнгүй мэдэх билээ.

Ухаанаа  “гүйлгэж” тоглосон нь

Хувьцаа гэдэг бол үнэт цаас. Ухаанаа зарж чадвал түүгээр ямар ч хэмжээний хөрөнгө чинээг босгож чаддаг хууль бий. Тэгвэл тэрбээр 1997 оноос өмч хувьчлалын хоёрдахь үе шат эхлэнгүүт “Спирт бал бурам”-ын хувьцааг сонгон авчээ. 1998 он гэхэд тус компанийн 30 хувийг цуглуулсан байж. Тэгээд дуудлага худалдаанд оролцож, төрийн өмчийн 51 хувийг нь 650 сая төгрөгөөр өөрийн болгосон байна. Эхлээд бол ашиг гээд байх юм байсангүй. Гэхдээ өдгөө ямар явааг нь харахад холыг харсан хувьцаа сонголт байсан нь тодорхой. 2000  оноос “АПУ”-гийн хувьчлал яригдаж эхлээд байсан учраас тус компанийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх брэнд гаргах зорилтыг Ж.Оджаргал нарын нөхдүүд өмнөө тавьсан гэдэг юм билээ.

Ж.Оджаргал одоогийн өндөр оффисоо хүүхэд байхаасаа мөрөөдөж байгаад барьсан гэдэг. Гэхдээ тэрнээс өмнө 1998 онд эхлүүлсэн “МСS Plaza”-гийн барилгыг хоёр жилийн дотор барьж дуусгасан юм. Тэгэхдээ Драмын театрын жүжигчид эсэргүүцэл, тэмцэл өрнүүлэн нэлээд асуудал үүсч байсан билээ. Ямар ч байсан дараа нь  “Irish pub”-ын барилгаа тэнд босгож чадсан.  “MCS” групп “МСS properties” гэдэг барилгын компани байгуулж “Орчлон“ сургуулийнхаа ойролцоо орон сууцны цогцолбор хороолол босгосноор барилгын салбарт бизнес эрхлэх эхлэлээ тавьсан.  “Viva city” бол тэдний бүтээл. Харин Ж.Оджаргал эрхэм бизнесийг уран барилгатай зүйрлэдэг юм билээ.

“Шангри-Ла”-г бас  “Кока-Кола”-г  авчирсан нь

“Кока-Кола”-гийн гурван том үйлдвэрлэгчийн нэг, “Шангри-Ла” зочид буудлын сүлжээгээрээ дэлхий дахинд алдаршсан “Кэри групп”-ын тэргүүн Боу Кок Шанхайд нүсэр хүлээн авалт дээр саатаж байх үед нь нэгэн туранхай шар залуу очиж гар бариад “Би эх орондоо “Шангри-Ла”-г босгомоор байна” гэж хэлсэн нь мөнөөх Ж.Оджаргал байжээ. Боу Кок түүнтэй  хүлээн авалт өндөрлөтөл элэгсэг дотно ярилцсан нь хүндэт зочдын атаархлыг, бас гайхлыг төрүүлсэн хэмээн бичсэн нь бий. Тэр уулзалт өндөрлөхөд  “Шангри-Ла”-г эх орондоо босгох боломжийг Ж.Оджаргал хэдийнэ гартаа атгаад байв. Уг нь “Кэри групп”-ын эзэд болох эцэг, хүү Роберт Кок, Боу Кок нар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудтай л харьцдаг том хүмүүс байтал Монголын нэг залуу тэгж тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн нь сонирхолтой л хэрэг. Ер нь бол Ж.Оджаргалыг харилцааны урлагт нэвтэрсэн хүн гэх юм билээ.

Түүнчлэн 2001 онд ““Кока-кола”-гийн үйлдвэр байгуулах тендер зарлагдах гэж байна. Оролцох уу?” гэсэн урилгыг АНУ-ын ЭСЯ-наас түүний группд хүргүүлжээ.  “МСS”, “Кока-Кола”-гийн дистрибьютер байсан учраас 3-4 сая доллар зарцуулагдах нөхцөлтэй уг тендерт оролцсоноор шалгарсан байдаг.Өдгөө “MCS”  группын 13 компани Монгол улсад хамгийн их татвар төлж, төсвийн орлогын бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад бичигддэг гэхээр яах аргагүй жин дарах нөлөөлөл эдийн засагт өгч байгаа юм.

“Орчлон”-гийн эзэн бүсгүй

Тамхины цаасны наймаанаас олсон ашгаа хуримаа хийхдээ зарцуулсан гэдгийг нь өгүүлсэн билээ. Тэгвэл амжилтын төлөө 0-ээс эхэлсэн хөдөлмөрч, авьяаслаг бизнесмэний гэргийг Батмөнх гэдэг. Ж.Оджаргал эрхэм эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэртэйгээ  Киев хотноо оюутан байхдаа сагс тоглож байгаад танилцжээ. Боловсролын удирдлагын магистр, ардын боловсролын тэргүүний ажилтан гэргий нь “Бид дэлхийн иргэнийг хүмүүжүүлнэ” гэсэн уриатай “Орчлон” дунд сургуулийг удирддаг. Хүүхдүүд нь ч “Орчлон”-гоо дүүргэсэн аж. Хань нөхөр нь хүн насан туршдаа суралцдаг гэж үздэг. Түүнчлэн компанийнхаа эрхэм зорилтыг “Дэлхийн хөгжлийг Монголд” гэж тодорхойлсны цаана дэлхийн боловсролыг монголдоо олгох гэсэн эрмэлзлэл дүүрэн байдаг нь угаас боловсролын салбарын хүн болох гэргийд  нь таатай байдаг биз ээ.

“Женко”-гийн мөнхийн өрсөлдөгч

“М-Си-Эс”-ийг  бизнесийн талбарын ноён оргилд хүрэхийн тулд  үе үеийн Засгийн газруудтай, улстөрчидтэй өндөр хэмжээнд түншилж ирсэн гэж харагсад бий. Тэгвэл  Ж.Оджаргал “ Надад улс төрч найз бий. Багаасаа нөхөрлөж байгаад улстөрд орохоор нь орхилтой биш. Ганц ч улстөрч “МCS”-ээс хувь эзэмшдэггүй”  хэмээн дуугарсан байдаг. Гэтэл өдгөө Тавантолгой төслийг хөдөлгөхөөр болсон “Энержи ресурс”-д нэр бүхий улстөрчдийн оролцоо бий гэх мэдээлэл байдаг.

Ж.Оджаргал өнгөрсөн хугацаанд “Женко" Х.Баттулгатай түнжин тааруу гэдэг нь тодорхой болсон. Тэд эв эвдрэх шалтгаан цөөнгүй.  ХХБ-ны хувьцаа, “Ухаа худаг”-ийн лиценз,  төмөр замын бодлого гэхчлэн байсаар ирсэн. Тэгвэл одоо “Тавантолгой” болж таарлаа.

Ерэн оны шилжилтээс өмнө оюутан ахуй цагтаа ганзагын наймаанд хөл тавьж, өнөөгийн өндөрлөг хүртэл явж ирсэн Монголын тэргүүн баян Ж.Оджаргалын тухай өгүүлэхэд ийм байна.

Б.Билэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    Mundag zaluu shuu. Mongol hunii company tomrohod bayartai bn.
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • Оджаргал
    Ах нь гэр бүлтэй
    2015 оны 01 сарын 11
  • Îäæàðãàëä
    Òà ÂÈÂÀ ñèòèãèéí õóëõè çýâòýé õ¿éòýí áàéðíóóäàà ÿíçëàà÷ýý Òàíûã îâîî þì óó ãýñýí ÷èíü îâîîîëñîí áàààñ óó ¿ã¿é þó ????????? õèéñýí ìóó ¿éëýý çàñàà÷ýý òýíäýõèéí àéë á¿ð ººðèéã ÷èíü õàðàààæ áàéãàà ø¿¿¿¿¿¿¿¿¿¿¿¿¿
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Îäæàðãàëä
    Òà ÂÈÂÀ ñèòèãèéí õóëõè çýâòýé õ¿éòýí áàéðíóóäàà ÿíçëàà÷ýý Òàíûã îâîî þì óó ãýñýí ÷èíü îâîîîëñîí áàààñ óó ¿ã¿é þó ????????? õèéñýí ìóó ¿éëýý çàñàà÷ýý òýíäýõèéí àéë á¿ð ººðèéã ÷èíü õàðàààæ áàéãàà ø¿¿¿¿¿¿¿¿¿¿¿¿¿
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин
    МОНОПОЛЬ ГЭЖ ХЭТЭРХИЙ КОМПАНИ ХУРУУ ДҮРЭХГҮЙ САЛБАР БАЙХГҮЙ БИЗДЭЭ
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • hi
    ene huntei yavaldah ymsan eoooe
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
    • Оджаргал
      Ах нь гэр бүлтэй
      2015 оны 01 сарын 11
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025